Гар утас хэрэглэх урлаг (соёл)

Японд ирэхээсээ өмнө Япон улс техник технологи их хөгжсөн учраас гар утсыг маш их хэрэглэдэг, тэр бүү хэл сургуулийн сурагч нар нь цүнхэндээ зүүгээд л гүйж явдаг байх гэж боддог байлаа. Бас утсаараа хаа байгаа газраа яриад л, утасных нь ярианы үнэ тариф нь маш бага гэж бодож байлаа. Гэтэл яг үнэндээ тийм биш юм.

Ажиглаад байхад Япончууд гар утсыг маш соёлтой хэрэглэх юм. Гудамжинд ч юмуу олон нийтийн газар явахад гар утсаараа чанга чанга ярьж яваа хүн бараг байхгүй. Олон нийтийн газар утсаар ярих зайлшгүй шаардлага гарвал маш аяархан бусдад төвөг удахааргүй байдлаар ярина. Япончууд бусдад аль болох төвөг удах дургүй ясны зантай болохоор тэгдэг байх. Автобус, галт тэрэг, хурдан (суман) галт тэргэн дотор бол утсаараа бүр ч ярихгүй. Нийтийн тээврийн хэрэгсэл рүү ороход “Та бусдад саад болохгүйн тулд гар утсаа Дуугүй төлөвm-т (Manner mode) тохируулна уу” гэсэн бичиг байдын. Санаандгүй байдлаар хэн нэгний утас чанга дуугарвал бүгд тэр хүн рүү харна. Нөгөө хүн нь “уучлаарай, өршөөгөөрэй” гээд л уучлалт гуйгаад утсаа салгах юмуу “Нийтийн тээврийн хэрэгсэл дотор байна” гэсэн тохиргоон дээр тавина. Утсаа бараг л авахгүй. Хэрэв хэн нэгэн утсаар яриад эхэлбэл хажуугийн хүн нь тэр хүн рүү их сонин харах юмуу эсвэл хоёр гараа зөрүүлэн Х хэлбэртэй болгож харуулна. Тэр нь “Та энд утсаар ярьж болохгүй” гэж хэлж байна гэсэн үг. Хэрэв тэр хүн цааш ярьсаар л байвал “Утсаар ярихаа болино уу” гэж их эелдгээр хэлнэ. Ингэж байхыг би автобусан дотор, галт тэргэнд хэд хэд харсан. Япончууд нийтийн тээвэрт барагтай л утсаар ярихгүй.

Харин дараа нь нийтийн тээврээсээ буучаад утас руу нь залгасан хүн рүү эргэж залгана. Бодоод байхад жаахан дарамттай юм шиг боловч энэ бол яах аргагүй гар утас хэрэглэх соёл юм.

Манайхан бол яадаг билээ. Нийтийн тээврийн хэрэгсэл дотор чанга, чанга утсаар яриад л, инээгээд л, хүн загнаад л, ер нь юу ч ярьж байж мэднэ. Хажууд нь олон хүн явж байгааг анзаарах ч үгүй, тэднийг хүндэтгэх ч үгүй. Нийтийн тээвэр дотор утсаар ярих үзэгдэл бол бүр хэвийн болчихсон. Нуугаад яахав бодоод байхад би ч бас нийтийн тээвэр дотор утсаар ярьдаг л байсан. Одоо бол Монголдоо очоод тэгэхгүй гэж бодож байна. Нэг хүн ч гэсэн соёлтой байя л даа. Хэхэ

Ер нь ажлын газарт, ангид, хурал дээр, үдэшлэг дээр гээд олон хүн байгаа газар утас хангинатал дуугарна гэж бараг байхгүй. Олон хүнтэй газар хүмүүс утсаа Дуугүй төлөвm-т (Manner mode) тохируулна. Дуудлага ирлээ гэхэд утас нь хангинатал дуугаргаж, хавь ойрын хүнийг цочоохгүй, зөвхөн утасны эзэнд чиччиргээ мэдрэгдэж дуудлага ирнэ. Японы ажлын газар, сургууль дээр бол гар утсаар хамаагүй ярихгүй. Ярихаар болбол хажуугийн хүмүүсээсээ уучлал гуйж байгаад өрөөнөөс гарч ярина. Хамт ажилладаг, сурдаг хүмүүсийн хажууд хэзээ ч ярихгүй. Ялангуяа захирлынхаа хажууд, ахмад хүний хажууд, багшийн хажууд бол бүр ч ярьж болохгүй. Ярих шаардлагатай бол өрөөнөөс гарч ярина.Энэ бол бас л соёл биш гэж үү.

Манайд бол яадаг билээ. Ажлаа хийж байхад, олон хүнтэй газар гэнэт цочтол гар утас дуугарч (бас болоогүй ээ гоё гоё дуу дуугарна гээч) хамаг хүнийг цочооно, хийж байгаа ажил эсвэл ярьж байгаа яриаг тасалдуулна. Тэгээд л утсанд нь дуудлага ирсэн хүн бусдын дэргэд чанга чанга ярьж гарна. Хажуугийн хүмүүс нь тэр хүнийг хэнтэй юу ярьж байгааг төвөггүй ойлгоно. Хэрэв өрөөнөөс гарч ярьвал бараг л биднээс нууц юм ярилаа гэх шахна. Ажил дээрээ ажлаа хийж байгаад ажлын цагаар хэн нэгэнтэй утсаар ярьж, ажилдаа зарцуулах ёстой цагаас хороох нь хэвийн үзэгдэл. Монгол кино үзээд сууж байхад энэ үйлдлийг маш сайхан харуулдаг болж. Би ойрд dawalgaa.com дээрээс “Нэгэн нарны доор” гэдэг киног үзэж байгаа. ДОХ-ын тухай их зөв мэдлэг олгосон, бас сонирхолтой гоё кино. 1 үзчихэд илүүдэхгүй л кино байна лээ. Гэтэл саяхны 1 анги дээр Их сургуулийн багш бүсгүй хичээл зааж сууж байгаад шууд оюутнуудын өмнө ичих ч гүй утсаар ярих гэж гэр лүүгээ гар утсаараа залгаж байх юм. Энэ бол арай л биш ээ. Үүнийг үзээд багш нар хичээл дээрээ шууд утсаар ярьдаг гэж бодохоор байна. Ер нь бол ихэнх багш нар арай ч хичээл дээрээ хүнтэй утсаар ярьдаггүй л дээ. Энэ асуудал бол багшийн Ёс зүйн дүрмэнд ч бий. Тэр хэсгийг үзээд би тэр багшийн өмнөөс ангид нь сууж байгаа оюутнуудаас ичих шиг боллоо. 

Энэ кино ч гэлтгүй бусад кинон дээр ч ажлаа хийгээд компьютерийн ард сууж байгаад л шууд гар утсаараа хүн лүү залгаад л ярих юм. Ажил дээрээ гар утсаар хамаагүй ярьж болохгүй баймаар л юм. Гэвч ажил дээр утсаараа ярьж, хаа хамаагүй сэвээр хэнтэй ч хамаагүй ярих нь хэвийн л үзэгдэл болж. Мэдээж албан шугамаар утсаар ярилгүй л яахав, гэхдээ улайм цайм гэр лүүгээ залгаад хувийн асуудлаа бусдын дэргэд чанга чанга ярих үзэгдлийг соёлтой зүйл гэж хэлэхгүй л байх.

Японд байхад хаа хамаагүй газар хэн нэгэн хүн гар утсаараа чанга чанга ярьж байгааг бараг л харахгүй дээ. Японд байгаа Монголчууд ч гэсэн орчиндоо зохицоод Монголд байдаг шигээ хамаагүй яриад байхгүй шүү. Японд байхад энэ байдал аяндаа ажиглагдана дөө. Бид энэ соёлоос суралцмаар санагдаж байна. Би л лав Монголдоо оччоод хэрэгжүүлнээ.  Энгийн юм шиг боловч их чухал энэ асуудлын талаар бодолцоод бүгдээрээ гар утас хэрэглэх наад захын соёлд суралцвал нөгөө сүүлийн үед залуучуудын яриад байгаа “Хотын соёл”-ын нэг хэсэг яах аргагүй мөн гэж мунхаг би бодном.

Өнгөрсөн ч хуучраагүй байгаа САР ШИНИЙН МЭНД

Бүх Монголчууддаа  сар шинийн мэнд дэвшүүлж, ирж буй ЛУУ жилдээ Элгээрээ энх амгалан

Төрлөөрөө түвшин амгалан байж

Юу санасан 9 цагаан хүсэл тань

Сэтгэгчлэн бүтэж

Идээ ундаа, эд баялгаар элбэг дэлбэг,

Үр хүүхдээр баян байж

Эрүүл энх байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Монголд сар шинэ болоод сайхан байгаа даа. Хүний нутагт 2 дахь жилдээ сар шинийн баяртай золгож байна. Урд жилийн цагаан сараар яг шалгалттай байсан болохоор бөх ч үзээгүй, мөрөө ч гаргахаа мартсан байна лээ. Харин энэ жил бөх ч үзэв, мөрөө ч жам ёсоор нь гаргав. Өглөө босоод цонхоороо цайны дээж өргөсөн чинь Япончуудын гайхаж байгаа гээ. Намайг юугаа асгаж, цацаад байгаа юм бол гэж бодсон байх даа. Хэхэ. Манай байрны үүд яг машин замд тулсан байдаг учраас мөрөө гаргахдаа үүднээсээ шууд зам гарах хэрэгтэй болоод цагаан шугамаар биш гарцгүй газраар зам гарах гэж бөөн юм болсон. Нөгөө машины жолооч нар нь гайхаад л. Гарцаар гарах гэхээр зам дагаж явах болоод, хэрэв зам дагаж явбал мөр буруу гарчих гээд байрныхаа үүднээс шууд л зам хөндлөн гүйлээ. Жолооч нар нь намайг гайхаад л хараад байсан. Хэхэ. Энд гарцаар л зам хөндлөн гардаг болохоор машины урдуур ухас ухас хийгээд гарцгүй газраар зам гарахаар гайхах нь аргагүй л дээ.

Шинийн нэгний өдөр Япнд үнэхээр сайхан дулаан өдөр байлаа. Харин 2 хоногийн дараа цас, бороо холин ороод их хүйтэрсэн. Гэхдээ хүйтэрлээ гээд Монголыг яаж гүйцэхэв дээ. Сайндаа л -5 хэм хүрч байгаам чинь. Бид нар бол бараг даарахгүй, харин жаахан жиндээд байдаг юм.

Монголд их л сайхан сар шинэ гарч байгаа сурагтай. Сар шинээр Монголчууд мань бие биенээ хүндлэн, ахмад настнаа дээдлэн, сайн сайхныг хэлэлцдэг болохоор хамгийн сайхан баяр шүү.

Ирж буй Луу жил Монголчууд бидэнд ивээлээ хайрлаж, Монголчууд маань бүгд эрүүл энх байж, хүсэл бүхэн нь биелээсэй гэж ерөөе.

Багшаа дуулъя

Жил бүрийн 2 сарын эхний бүтэн сайн өдөр Монголын багш нарын баяр болдог билээ. Ингээд нийт багш нартаа багш нарын баярын мэндийг хүргээд, ардын хүүхдийг сургах их үйлс тань дардан байж, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөлийг хүсье. Өөрийнхөө дуртай нэгэн дууг зориулъя.

 

2012 ондоо хүссэн бүхэн чинь биелсэн сайхан жил байх болтугай

Шинэ он тун удахгүй гарах нь. Японд 2 дахь удаагаа шинэ оноо угтаж байна. Ноднингийнхийг бодвол энэ жил ханьтайгаа хамт байх нь ээ.

2011 онд шинэ зүйл сурсан, шинэ найз нөхөдтэй болсон, шинэ газар орон үзсэн сайхан жил болж өнгөрлөө. 1 жилийн дотор маш их зүйл сурч мэдэж, ухаарч авлаа. Хүний газар амьдрах ямар байдгыг, газар хөдлөлт байгалийн гамшиг ямар байдгыг ч мэдэж авлаа. Хүнд чин сэтгэлээсээ туслаж, хүнийг өрөвдөх, хайрлахын ухааныг ч мэдэрсэн жил байлаа. Хамгийн гол нь их зүйл сурч мэдсэн, ихийг ухаарсан сайхан жил болж өнгөрлөө.

Ирэх 2012 он маань бүр ч сайхан жил байна гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Сургуулиа төгсөнө, эх орон луугаа харина, садан төрөлтэйгээ уулзана гээд л олон олон сайхан үйл явдал хүлээж байна.

Урагшаа зөвхөн урагшаа. 2012 онд эрүүл энх, аз жаргалтай амьдарч, хүссэн зүйлээ бас мөрөөдлөө биелүүлж амьдарнаа.

Ингээд ирэх 2012 онд Монголчууд маань бүгд эрүүл энх, аз жаргалтай байж, хүссэн бүхэн нь биелсэн, санасан бүхэн нь бүтсэн, хүн бүрийн сэтгэл тэнийсэн сайхан жил байх болтугай гэж ерөөе.

Бас Олимпийн аваргууд бөөнөөрөө төрөөсэй гэж хүсч бас залбирч байна.

Хүн бүрийн хүсэл биелсэн жил байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна.

 

 

Нэг мэдсэн чинь 2-ын 2 сар…

Өнөөдөр нетээр жаахан зугаалаад. Танил блогуудаа уншаад сайхан байна өө. Тэгээд бодсон чинь би чинь блогтоо бичлэг хийлгүй нэг мэдсэн 2-ын 2 сар болчиж. Ийм удаан блогтоо ороогүйгээ гэнэт мэдлээ шдээ.

Танил блогуудаа уншиж суутал олон блогчид маань шинэ амьдралаар амьдраад эхэлснийг би гэдэг хүн сая л мэдэв. Олж мэдсэнээс лав Гуталчин болон Нараа 2 маань Японд ирээд эрдмийн их аянд мордоод, Япон хэл сураад бужигнуулж байгааг олж мэдлээ. Нарааг Япон явна гэж мэдэж байсан, харин  Гуталчин блогын эзэн энд ирж сурч байгааг өнөөдөр олж уншаад их гайхлаа. Бас их баярлалаа. Шинэ газар адал явдал дүүрэн л амьдарч байгаам байна. Хичээгээрэй. Та 2-тоо сурлагын өндөр амжилт хүсье.Шууд блогынх нь нэрээр хэлээд байж болж байна уу үгүй юу. Гуталчин гээд л…, уучлаарай.

ЭНЗО ба Эрх чөлөө блогын эзнийг тэнэг юм шиг 2 сар тэнэснийг мэдсэнгүй бас л 2 сар болчиж. Хихи

Гилийн хатан-г Монгол руугаа яваад Австралидаа буцаад ирснийг мэдээгүй л явсан байна. Хэхэ. Монгол явсныг нь мэдэж байсан, харин буцаад ирснийг нь өнөөдөр л мэдэв.

Амарсайхан ахын блогоор ороогүй хичнээн ч удаав дээ би гэдэг хүн. Өнөөдөржин уншлаа.

Блогын ертөнцөөс тасарцан хүн 1 ширхэг байнаа би гэдэг хүн. Хэхэ.

Блогууд унших завгүй, блогтоо бичлэг хийх завгүй би гэдэг хүн бараг 2 сар юу хийсэн болж байнаа гээд л эргээд санах ойгоо ухав. Хихи

Тэгээд тайлан гаргав.9 сарын 15-аас 11 сарын 13 хүртэл.

9 сард зуны амралт эхлээд аягүй сайхан завтай хүн байсан чинь гэнэт ажил оволзоод. Хэхэ. 5 хоног Токио, Нара, Киотогоор аялав. Аймаар халуун байсаан тэнд. Манай хот чинь сайхан сэрүүхэн юм байна лээ. Аяллаас дөнгөж ирчээд байж байтал багшаас и-мэйл ирээд, “10 сард болох нэг илтгэлийн уралдаанд орооч, Япон хэлээр илтгэл тавина, бичээд ир багш нь засаад туслая” гэсэн утгатай и-мэйл аваад. Тэрэнд нь зүгээр сууж байхаар үзээд алдая гэж бодоод илтгэлээ Япон хэл дээр бичээд, багштайгаа уулзаж шалгуулах, илгээх гэсээр 7 хонов. 2-хон нүүр юм бичихийн тулд 7 хоносон шдээ. Ичмээр.

Тэгээд л 10 сартай золгоод зуны урт амралт дуусаад хичээлдээ орсон. Хичээл эхлээд удаагүй  байтал найз бүсгүй минь надад даалгавар өгөөд. “20 гаран нүүр материал Англиас Монгол руу хөрвүүлж хайрла” гээд би гэдэг хүн “Үгүй” гэж чадсангүй. Яаж ч тэгэж хэлэхэв ганц найздаа. Өнөөхтэй нь зууралдсаар бас 7 хоногийг авав. Тэгээд л өнөөх илтгэлийн уралдаандаа ороод, хичээлдээ яваад судалгаагаа хийгээд, бас болоогүй ээ хажуугаар нь хагас бүтэн сайнд Сайн дурын ажилд яваад байтал нэг мэдсэн 11 сар гараад 10 гаран хоножээ. Илтгэлийн уралдаанаас хальт шагнал авч мөнгө авсан шүү нээрээ. 7 хоногийн хөдөлмөр зүгээр өнгөрөөгүйээ бас ч гэж. Хичээл эхэлснээс хойш 2 ч удаа илтгэл бэлдэж тавьсан. Бас одоо хүртэл хоргодох байранд амьдарч байгаа Япон хүмүүс дээр очиж, концерт тоглож, хоол хийж өгч 2 өдрийг өнгөөрөсөн. 10 сар үнэхээр завгүй байлаа.

Харин өнөөдөр гэртээ амраад нет ухаж өнжив. Сайхан амарч авлаа. Өнөөдрөөс эхлээд шинэ бичлэг зөндөө оруулнаа. Сонирхолтой, инээдтэй, бага зэрэг гунигтай гээд өнгөрсөн хугацаанд болсон үйл явдлаа дурдсан олон бичлэг оруулнаа.

 

Жаз хөгжмөөр амьсгалсан үдэш

Манай хотод 9 сарын 10, 11-ний өдрүүдэд 2 өдөр дараалан Жаз хөгжмийн фестиваль боллоо. Нийт 45 тайз зассан байсан ба бараг л 500 метрийн зайнд нэг тайз, ахиад 500 метрийн зайд өөр тайз байрлуулах маягаар бүх тайзаа хотоор нэг зассан байна лээ. Өөрөөр хэлбэл хотоор дүүрэн тайз засаад жаз хөгжим эгшиглээд, дуулаад л үнэхээр Жаз хөгжмөөр амьсгалсан өдрүүд байлаа.

Би ханьтайгаа хамт эхний өдөр нь өдөржингөө өглөөний 10 цагаас үдшийн 8 цаг хүртэл хотын төвөөр явж, Жаз хөгжмийн гайхамшгийг мэдэрч өнжив. Япончууд аливаа юмыг зохион байгуулахдаа үнэхээр гайхалтай сайн зохион байгуулдаг. Энэ нь ч сая болсон Жаз хөгжмийн фестиваль дээрээс харагдаж байна лээ.

Жаз хөгжим үнэхээр сайхан хөгжим юм гэдгийг анх удаагаа сэтгэлдээ шингэтэл мэдэрлээ. Үнэхээр сайхан аялгуутай, бас хөгжим нь уянгалаг юм. Ингээд ганц нэг зураг оруулъя.

Маш олон хүн ирсэн байна лээ.

Гарцаар гарч байгаа хүмүүс…

Энэ 5 залуу дуулна ч гэж үнэхээр үзүүлдэг юм байна лээ. Хүмүүс шуугилдаад л үнэн таашаалтай сонсож байна лээ .

Доорх зурган дээрх дуучид ч бас сайхан дуулж байна лээ.

Жаз хөгжимд би дуртай болчихсон шүү энэ оройноос хойш.

Хаха, үнэхээр инээдтэй юм

Америкийн нэгэн цэргийн ангид нууцаар камер тавиад Чача бүжиг бүжиглэх аргыг заасан бичлэгийг хөгжмөөр сонсгоход цэргүүд аягүй хөөрхөн яг дагаад бүжиглээд байх юм. Би энэ бичлэгийг үзчээд хичнээн их инээвээ. Хөөрхөн бичлэг байна. Хахаха

Их хөгжилтэй юм, үзэхээр л инээд хүрээд байх юм. Хаха

 

Ангийн нууц (Шинэчилсэн)

За ангиудын нууц задалж жаахан хэрэг таръя байз.

Бага байхад ангийн нууц гээд л мөн ч их сүрхий юм болдог байж билээ. Харин хамгийн сонин нь тэр нууцаас хэд хэд нь задарчихсан байсан даг. Манайхан өөрсдөө л задалсан байх даа бодвол. Ангийн нууц задлах маш хориотой, задалбал бараг л “урвагч” гэж тооцогддог байлаа шдэ. Эхлээд өөрөө сурч байсан ангийн нууцаасаа ганц нэгийг задалъя.

1. Балан харандаан багш

Манайд хими, биологи заадаг багш байлаа. Тэр багш зарим үгийг их сонин хэлнэ. Жишээ нь Балын харандааг Балан харандаа, Баллуурыг Балруулга гэнэ. Баллуур гэдэг үгийг барагтай бол хэлэхгүй болохоор бид шоолохгүй, харин хичээл дээр “За хүүхдүүдээ, балан харандаагаа гарга” гэхээр бүгд жуумалздагсан. “Балан харандаа” гэдэг үгээ өргөлттэй тод хэлнэ. Хичээлээ маш гоё заадаг учраас бид их хүндэлдэг байсан. Тэгээд бид тэр багшдаа “Балан харандаан багш” нэр өгөв. “Балан харандаан багш бид нарын балан харандааг гаргуулж, балан харандаагаар хүснэгт, схем зуруулах гээд ирж явна” гээд л инээлдэнэ. 90-н хэдэн онд хэдийгээр ардчилсан нийгэмд шилжсэн байсан ч Соц нийгмийн хүмүүжил, ёс суртахуун арилаагүй байсан болохоор бид их хүмүүжилтэй байсан. Багш нартаа хамаагүй нэр хоч өгөхгүй, өгвөл их нууцалдаг байсан. Тийм болохоор багшдаа Балан харандаа багш гэсэн нэр өгсөн нь нэг хэсэгтээ л ангийн нууц байлаа. Энэ нууц нэг л мэдэхэд задарчихсан байсан. Балан харандаан багш маань бидэнд юм хэлээгүйээ хөөрхий.

2. Ангийн журнал алга болсон нь

Нэг өдөр хичээлдээ иртэл ангийн журнал алга болоод бөөн хэрэг мандсан байв. Ангийн багш бүх хүүхдүүдээс нэг бүрчлэн “хамгийн сүүлд хаана, хэзээ журнал харсан” гээд л  асууж, шалгаагаад л байлаа. Зарим нэг нь 3-р цаг дээр байсан, зарим нь үзээгүй гээд л, бүр зарим нь жижүүр хүүхэд хамгийн сүүлд хараагүйм үү гээд л бөөн асуудал үүсвээ. Ангиараа багшид загнуулав, орж ирсэн багш болгон журнал нэхэж биднийг загнана. Хэд хоног бөөн дарамттай байлаа. Ядаж байхад улирлын дүн гарах болчихсон байсныг ч хэлэх үү. Муухан дүнтэй нь бөөн баяр, сайн дүнтэй нь нөгөө журналыг олохын түүс болон уурлаж байсан сан. Одоо бодоход ангийн багш хичээлийн эрхлэгчид баахан загнуулсан байхдаа хөөрхий. Төд удалгүй шинэ журналтай боллоо. Багш ангийн даргыг журнал хариуцаж бай гэж үүрэг өгөв.  Тэгсэн улирлын дүн гарах болоход зарим багш нар маань ихэнх нь дүнгээ гаргачихсан байсан бас зарим нь хувийн журнал дээрээ дүнгээ хуулсан байсан болохоор ихэнх хичээлийн дүн төвөггүй гарлаа. Гэтэл Монгол хэлний дүн гарах гэж бөөн юм болов. Монгол хэлний багш маань хувийн журналгүй бас дүнгээ гаргаж амжаагүй байсан болохоор дүн гаргах гэж бид нарыг шүүслэж өглөө. “Ангиараа давхар, давхар муу авчаад ичихгүй журналаа  нуудаг хүмүүс толгойд байгаа юмаа нуухгүйм байгаа биз дээ” гээд л их ууртай хүн биднийг лав л 7 хоног шүүслэсэн юмдаг. Өдөрт 2 зохион бичлэг хий, сурах бичгийн дасгал бүгдийг нь ажилласан бай. Хичээл дээр бүгдээс нь нэг нэг л асуулт асууна, хариулж чадахгүй бол шууд муу тавина” гээд л бид 7 хоног Монгол хэлний хичээлээр ёстой л нэг амьсгалсан юмдаг. Би ч багшийн хэлсэн үгний учрыг сайн ойлгосонгүй. Би яг тэр хэрэг мандахын өмнөхөн Улсын физикийн олимпиадад орох гээд 14 хоног хичээлдээ суугаагүй, чөлөөтэй байсныг хэлэхүү, хөлд нь үрэгдэхээ шахсан. Гэхдээ энэ дуулианы буянаар чөлөөтэй байсан өдрүүдээр багшийн заасан хичээлийг ангийнхныхаа тусламжтайгаар нөхөж аваад бас дээрээс нь өдөр бүр бичсэн зохион бичлэгүүдийн ачаар их олон Онц авч билээ. Манай ангийнхан тэр улирал Монгол хэл дээр бараг бүгд онц, сайн гарч урьд нь болж байгаагүй амжилт тогтоов. Ингэсгээд тэр улирлын дүн ч гарч, дуулиан ч намжив. Хавар болоод бүх хичээл, шалгалт дууссаны дараа ангидаа их цэвэрлэгээ хийгээд байж байтал ангийн өдрийн гэрлийн дээд талаас нөгөө хайгаад олдохгүй байсан журнал гараад ирдийм даа. Манай ангийн өдрийн гэрлийн бүрхүүл нь хавтгай байсан ба бүрхүүл тааз хоёрын хоорондох зайнд журналыг хийчихсэн байдым даа. Ангийнхан шуугиад л явчлаа. Хаалгаа түгжиж аваад бид нар Монгол хэлний хичээлийн дүнг үзэв. Гэтэл манай ангийнхан бүгдээрээ 2-ын 2 мууг ташраараа авсан байсан шдээ. Би бас ганц 2 хүүхэд чөлөөтэй байсан болохоор бид хэдээс бусад нь бүгд Муу авчихсан байсан. Бүр 2-ын 2 Муу шүү. Ангийнхан “За чимээгүй байцгаа, ангийн багшид хэлж болохгүй. Харин ч журнал нуусны буянаар бид нар Монгол хэл дээр 7 хоногийн дотор асуугдаад бүгд Онц, сайн гарсан шүү дээ. Энэ тухай хэнд ч хэлж болохгүй, Ангийн нууц ” гэвээ. Тухайн үед чөлөөтэй байсан бид хэд бүр гайхаад “Яагаад бүгд муу авчдаг байнаа” гэхэд манай ангийнхан тухайн үед маш их өрсөлдөөнтэй болдог байсан АСТ тэмцээнд бэлдэж байгаад нэг өдөр хичээлийн дараа үдээс хойш шалгалт авна гэснийг нь мэдсээр байж “За бүгд шалгалтанд очихгүй бол багш яах ч гүй жаахан загнаж байгаад өнгөрнө биз” гэж тохироод бүгд шалгалтанд очоогүй гэсэн. Тэгээд л нэг Муу дүнг ангиараа аваад тун удалгүй бас л нөгөө тэмцээндээ бэлдсээр байгаад бүгд зэрэг даалгавраа хийж ирэлгүй нэг муу дүн авсан байсан. Шалгалтанд ангиараа очдоггүй бөх зүрхтэй хүмүүс шүү. Хамгийн сонирхолтой нь тухайн үед журналыг хэн тэнд нуусан нь бүр ч Нууц хэвээр үлдэв. Гэтэл саяхан 3 жилийн өмнө манай ангийнхан уулзаад энэ хэргийн талаар ярьж баахан инээлдэж байгаад “Ингэхэд журналыг хэн тэнд нуусан бэ” гэж асуусан чинь манай ангийн Бүлгийн дарга гуай Салааны дарга нартай нийлээд 4-үүлээ үгсэн тохироод нуусан байдым даа. Тэр үед энэ хэрэг баригдсан бол манай ангийн хурган дарга нар багш нарын хурлаар ороод бөөн шуугиан тарих байсан байна лээ шдээ. Ямар азаар тухайн үед нууц задраагүйм бэ гэж.

За одоо шавь нарынхаа нууцаас задалъя.

Үерхэлдээ үнэнч бай даа

Манай ангид А гэдэг хүү байсан. Хичээлдээ ч сайн ялангуяа биеийн тамирын хичээлдээ их сайн, спорт хөөсөн хүү байлаа. Хүн болгонтой нийтэц, хөгжилтэй хүү. Сургуулийн урлагийн үзлэг боллоо. Манай ангийнхан бэлдээд л байв. Би ч бүх номерыг хүүхдүүдэд хуваарилж өгөөд бэлдүүлдэг байлаа. Гэтэл Гоцлол хөгжим дарах хүүхэд олддоггүй ээ. Маргааш нь л манай ангийнхан “Багшаа А төгөлдөр хуур дардаг юм, танаас нуугаад байгаа юм” гэж байна. Би ч баярлаад л “А минь төгөлдөр хуур дарж анги хамт олноо гоцлол хөгжмийн номер дээр аварч гар. Гэрт чинь төгөлдөр хуур бий юу?” гэлээ. Гэтэл А “Гэрт төгөлдөр хуур байх ь ч байгаа л даа. Гэхдээ багшаа би …” гээд л дүлэгнээд байв. Ангийнхан ч “Чи чаднаа, чадна” гээд шуугиад байв. Тэгэхээр нь би А-г гэртээ төгөлдөр хуур дарж бэлдэх үүрэг өгөв. Урлагийн үзлэгийн өмнөхөн би ангийнхаа номеруудыг тоглуулж үзэхээр болж шалгалаа. Гэтэл А ирсэнгүй, харин ангийнхан маань “А гэртээ бэлдэж байгаа, та санаа зоволтгүй” гээд л байв. Би ч итгэлээ. Урлагийн үзлэг болов. Манай ангийн Гоцлол хөгжмийн номер гарах болтол А байдаггүй, миний сандарсан гэж. Гэтэл манай ангийнхан А-г дагуулаад гүйгээд ирлээ. Би ч баярлаад л “А минь авъяасаа үзүүлээд өгөөрэй” гээд л тайз руу гаргалаа. А төгөлдөр хуурыг маш сайхан тоглолоо. Бүх багш нар бас охид их гайхаж, баяр хүргэж нижигнэсэн алга ташсан юмдаг. Гэтэл урлагийн үзлэгийн дараа А байсангүй, ангийнхан маань “Багшаа А гэрлүүгээ харихаар явсан” гэлээ. Ингээд л урлагийн үзлэгээр манай ангийнхан гоцлол хөгжмийнх нь шагналыг авч 3-р байранд орж бөөн баяр болов.

Дараахан нь сургуулийн шинэ жилийн концерт болох гээд хичээлийн эрхлэгч манай ангийн А-г төгөлдөр хуур тоглуулах хэрэгтэй байна гэлээ. Би А-г ангидаа дуудаад энэ тухай хэлтэл А “Багшаа би танд нэг юм хэлье” гэж байна. Гэтэл ангийнхан маань “А гуай үерхэлдээ үнэнч байгаарай” гээд л шуугицгаагаад байх юм. Тэгж хэлэхээр нь А дуугүй болчих юм. Эд нар юу гээд байгаам бол гэж бодоод бүр гайхлаа. Тэгээд А-г өрөө рүүгээ дагуулж ороод ярилцлаа. Гэтэл А надад хамаг нууцаа хэллээ. “Багшаа та намайг битгий загнаарай. Үнэндээ бол би ихэр л дээ. Нөгөө ихэр маань Хөгжим Бүжгийн Коллежид сурдаг болохоор төгөлдөр хуур сайн дардаг. Харин би төгөлдөр хуур дээр бараг сууж ч үзээгүй. Эртээд урлагийн үзлэг болоход манай ангийнхан миний ихрийн өрөөсөнг мэддэг болохоор тэрүүгээр төгөлдөр хуур даруулчъя гэж ярьсан юм. Би эхэндээ зөвшөөрөөгүй, сүүлдээ яахав зөвшөөрсөн л дөө. Үнэндээ бол эртээд би биш миний ихрийн өрөөсөн төгөлдөр хуур дарсан юм. Энэ тухай танд хэлж чадаагүй юм. Би танд л гэж нууцаа хэллээ шүү. Энэ уг нь Ангийн нууц. Ангийнхан Үерхэлдээ үнэнч бай гээд байгаа биз. Тэр чинь Ангийн нууцаа битгий задлаарай гэсэн үг. Одоо намайг манай ангийнхан үзэхгүй байх даа” гээд хамаг нууцаа дэлгэвээ. Би ч ангийн гоцлол хөгжмийн номерийг авч гарах гэсэн ангийнхаа хүүхдүүдийн сэтгэлийг, бас А-гийн сэтгэлийг сайн ойлгож байсан болохоор А-тай нэлээд ярьсны эцэст 2-уулаа хуйвалдлаа.

“Багш нь ойлголоо. Харин дараа нь дахиж ийм болчимгүй юм хийвээ. Гэхдээ багш нь энэ тухай хэнд ч хэлэхгүй. Чи ангийнхандаа багшид юу ч хэлээгүй гэж хэлээрэй. Тэгэхгүй бол цаадуул чинь нууц задаллаа гээд чамд дургүй болчихно. Би юу ч мэдээгүй юм шиг л байя, бас хэнд ч хэлэхгүй. Харин хичээлийн эрхлэгчид би чамайг гараа гэмтээчихсэн, хөгжим тоглож чадахгүй болчлоо гээд хэлчье. ” гэж тохиров. Энэ бяцхан яриа зөвхөн А бид 2-ын дунд үлдэхээр болж тохиролцов.

А ч ангийнхандаа надад Ангийн нууцаа задлаагүй буюу Үерхэлдээ үнэнч байсан тухайгаа хэлж би ч хичээлийн эрхлэгчид А-г  гараа гэмтээсэн тул төгөлдөр хуур дарж чадахгүй болчлоо гэж хэлснээр тэр асуудал дууссан юмдаг. Хэдийгээр  А маань орчин үеийн хүүхдүүдийн хэлдгээр үерхэлдээ үнэнч байгаагүй ч гэсэн надад нууцаа хэлснээр өөрийгөө хүнд байдлаас авраад харин А бид 2-ын дунд нууц яриа үлдсэн юм. Сургуулиа төгссөний дараа оюутан болсон хойноо А маань харин энэ тухай ангийнхандаа хэлчихсэн байсныг би ангийн дарга охиноос сонссон юм. Тэгээд л энэ нууцыг задалж сууна. Ангийн нууцаа гэж…

Цэцэг, инээд 2-т бялуурч байгаа даа ,өнөөдөр

Єнєєдєр есдvгээр сарын 1.

Хонхны дуу цангинаж, сургуулийн анги танхимд хvvхдийн инээд цалгисан энэ єдєр Монгол Улсын хэмжээнд 814 цэцэрлэгт 140 гаруй мянган хvvхэд, ерєнхий боловсролын 753 сургуульд 523.5 мянган хvvхэд, Мэргэжлийн сургалт vйлдвэрлэлийн 64 тєвд 45 мянган сурагч, 113 их, дээд сургууль, коллежид 168 гаруй мянган оюутан хичээлийн шинэ жилээ эхлvvлж байна. ЕБС-ийг 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжvvлэх ажил энэ хичээлийн жилд ч vргэлжилж, 1,2, 3, 8 дугаар ангийн сурах бичиг, сургалтын хєтєлбєрийг шинэчлэн боловсруулж байгаа гэнэ. Мєн энэ хичээлийн жилд Кембрижийн олон улсын ерєнхий боловсролын стандартын лаборатор сургууль vvдээ нээж, ерєнхий боловсролын стандартыг Кембрижийн стаңдартад нийцvvлэх ажил хэрэгжиж эхлэх гэж байна. Дурьдаад байвал боловсролын салбарт олон зvйл байна аа байна.

Сургуулийн босго дєнгєж алхах гэж буй алдрайхан жаалуудаас эхлээд оюутан залуус шинэ ертєнцєд орж, шинэ найз нєхєдтэй болно гэж дэндvv их догдолсноосоо болоод шєнє хулжиж єглєєг угтана. Ээж, аавынхаа бэлдэж єгсєн шинэхэн хувцсаараа гангараад сургуульдаа очно. Эрдмийн єргєєний цангинасан хонх дуугарч, хичээл эхэллээ. Танил дотнохон сурагчийн дvрэмт хувцас, цэцгийн баглаа, цэцгэн дундаас инээх ангийн багш, анги ангиараа бєєгнєрєн зогсох охид хєвгvvд хэн хаана яаж амарснаа ярих гээд бvгд л ам хуурайгvй. Зуны гурван cap уулзаагvй болохоор хэн хэн нь илvv хєєрхєн, илvv гоё болчихсон юм шиг харагдаж байгаа. Ийм л сайхан єдєр, хичээлийн шинэ жил эхэллээ. Бяцхан биедээ баимгvй чадал мэдэн єєрєєсєє том цvнх vvрсэн бяцхан жаалууд энэ єдєр хамгаас хєєрхєн, хамгаас эгдvvтэй байна. Зайрмаг, чихэр иддэг цэцэрлэгийн жаахан хvv, охин байхаа больж эрдэм номд шамдах “том хvн” болж байгаагаа ч тэд vл мэднэ. Нулимстай, инээмсэглэлтэй хичээлийн шинэ жил хvvхэд насны хамгийн сайхан дурсамж. Арван жил нэг ангид сурч ижилдэн дассан найз нєхдєєс илvv нєхєрлєлийг би мэдэхгvй. Хэн ч болов хамгийн сайн найзаа насан багынх гэж хэлдэг. Тийм байхаас ч аргагvй. Хоол байвал идчихээд, хувцас байвал ємсчихєєд, зав гарвал эрхэлж тоглочихдог, сэтгэлдээ хиргvй, нvдэндээ гуниггvй насандаа танилцаж vерхэнэ, дотносдог болохоор л тэр.

Их, дээд сургуулийн оюутнууд ч мєн адил энэ єдєр хєл нь газар хvрэхгvй яваа. Машин зам хєндлєн гарч байгаагаа ч анзаарах сєхєєгvй догдолчихсон байна. Нэгдvгээр курст орж байгаа, хєдєєнєєс орж ирсэн залуус “гэрээ” олохгvй тєєрч шараа болохгvй юмсан гэж битvvхэндээ санаа зовж байгаа. Гэсэн ч vеийнхээ залуустай хєгжилдєєд завгvй яваа байх. Багш нар хамгийн гоё дээлээ ємсчихєєд одон тэмдгээ гялалзуулаад шавь нарынхаа єгсєн цэцгэн дунд тєєрчихсєн, гурван cap амраад ирсэн шавиа ч танихгvй будилж явах магад. Жил бvрийн есдvгээр сарын нэгэнд ийм л байдаг. Цаашид ч ийм л байгаасай. Багш, шавь хоёр єнєєдєр цэцэг, инээд хоёрт бялуурч єнжинє, сайхан байна шvv.

Э.Энх

Эх үүсвэр: Olloo.mn-ээс

9-р сарын 1 болох гээд л …

Цаг хугацаа гээч мөн ч хурдан юм. Саяхан л оюутан сурагчдын зуны амралт эхэлж байсан, саяхан л их сургуулиудын элсэлтийн шалгалт болж байсан, саяхан л наадам болоод шинэ цолтнууд төрөөд бужигнаж байсан. Гэтэл одоо 2-хон хоноод 9-р сарын 1 болох гэж байдаг.

9 сарын нэгэн дээ

Ерөөсөө бидний баяр даа гэж дуу бий дээ.

Магадгүй 9-р сарын 1 бүх Монголчуудын баяр шүү дээ. Яагаад гэж хэрэгт дурлавал чинь би хариулъя.

9-р сарын 1 гэдэг шинэхэн, бяцхан, өхөөрдөм хөөрхөн сурагчдын хувьд эрдмийн аянд мордож байгаа эрдмийн анхны баяр, харин хуучин сурагчдын хувьд зунжингаа санасан ангийнхаа андуудтай уулзаж зуны амралтынхаа сонинг хуваалцах, хэн нь өсч том болж вэ, хэн нь хөөрхөн болж вэ, хэн нь яаж өөрчлөгдөж вэ гэдгийг харах, найзуудтайгаа уулзах баярт өдөр яахын аргагүй мөн.

9-р сарын 1  гэдэг оюутнуудын хувьд ч гэсэн сэтгэл хөдөлгөсөн, догдлол төрүүлсэн баярын өдөр. Шинэхэн оюутнууд Их, Дээд сургуулийн үүдээр алхаж, сурагч биш оюутан гэдэг эрхэм нэрийг зүүн, амьдралынхаа ирээдүйг тодорхойлох шив шинэ ертөнцөд хөл тавин, “энэ сургуульд сайн сурч, мундаг хүн болно доо” гэсэн гэгээлэг, өөдрөг бүхнийг бодон, шинэ бөгөөд үеийнхээ найз нөхөдтэйгээ танилцан, багшдаа загнуулаад л гүйж явдаг бяцхан сурагч биш харин өөрийн ухамсар, оюунаараа аливаа эрдмийг задлан шинжилж, гүнзгийрүүлэн суралцаж эхлэх их эрдмийн баярын өдөр.

Хуучин оюутнууд ангийн андуудтайгаа уулзах гэж, сонин хачнаа сонирхуулан ярих гэж, магадгүй зунжингаа санаж, зүүдэлсэн хэн нэгэн хүнийг харах гэж, ирж байгаа шинэ хичээлийн жилд амжилтаа улам ахиулан суралцах гэж 9-р сарын 1-д сургууль руугаа яаран яаран ирдэг.

Зарим эцэг эхчүүд охиноо, хүүгээ анхны өдөр сургуульд явуулах, эрдмийн аянд мордуулах гэж яарч догдлон баярладаг бол зарим нь хүүхдүүдээ сургууль руу нь сүү өргөн үдэж өгөн, эрдмийн ихийг сурч, сайн болохыг ерөөдөг учраас 9-р сарын 1 яах аргагүй эцэг эхчүүдийн баярын өдөр. Тэр ч бүү хэл жаалуудын хувьд цэцэрлэгт явж, шинэ орчинд орж, шинэ найзуудтай болж эхлэх баярын өдөр. Гэхдээ хамгийн хөөрхөн нь  ээж ааваасаа бараг холдож үзээгүй бяцхан жаалуудын маань зарим нэг нь өнгө өнгийн олон тоглоом хараад баярлахдаа ээж ааваа баяртай ч гэхгүй анги руугаа гүйгээд ордог бол, бараг ихэнх шинэ жаалуудын хувьд уйлан байж ээж аавыгаа ангиасаа гаргадаг, тэр ч бүү хэл зарим нэг өрөвчхөн ээж аавыг “хүүгээ сэвэл охиноо цэцэрлэгт нь явуулахаа больдог ч юмуу” гэж хүртэл бодогдуулаад, сэтгэлийг нь гэгэлзүүлээд авдаг учраас энэ өдөр нэг л гэгээлэг өдөр.

Багш нарын хувьд хамгийн их бүр хамгийн их хүлээж догдолдог, сэтгэл хөөрч баярладаг эрдмийн баярын өдөр бол 9-р сарын 1 мөнөөсөө 1 мөн. Шинэ анги авсан багш нар ангийнхаа шинэ хүүхдүүдтэй танилцах, хуучин ангитай багш нар сурагч нарынхаа хэр том болсныг, хэн нь хэрхэн өөрчлөгдсөнийг харах гэж, хамгийн гол нь 9-р сарын 1-ний өглөө сургуулийн өмнө бужигнах хэдэн мянган сурагчдыг харах гэж, тэдний эрдмийн ихийг сурах гэж тэмүүлсэн их тэмүүлэл, гэгээлэг хүсэл мөрөөдөл, аз жаргалтай инээдийг нь харж мэдрэх гэж, түмний олон хүүхдэд ихийн ихийг болж өгвөл эрдмийн оргилыг нь зааж сургах гэж 9-р сарын 1-ийг догдлон, догдлон хүлээдэг учраас багш нарын хувьд их хүндэтгэлтэй ханддаг сайхан баяр.

“9 сарын 1” гэж хэлэнгүүт хүн бүрийн сэтгэлд Шинэ хичээлийн жил, сургуулийн тухай бодогддог гэхэд эргэлзэхгүй байна.

9-р сарын 1 гэдэг нэг л сайхан ирээдүй рүү тэмүүлэх эхлэлийг тавьж өгч байгаа юм шиг, хүсэл мөрөөдөл бүхнийг минь биелүүлэх өдрүүд эхэлж байгаа юм шиг гэгээлэг, өнгөлөг сайхан өдөр.

9 сарын 1 болох гээд л сэтгэл гэгэлзээд байх юмаа. Хамт олноо, хамгийн гол нь ангийнхаа хүүхдүүдийг, хэдэн хөөрхөн шавь нараа санаж байнөө. Багшаа, багшаа гээд л тал талаас өөрийн болон өрөөлийн сонин хачинг ярин шуугилдаад л, хааяа нэг өөр ангийнхны тухай тэр ч бүү хэл багш нарын тухай бяцхан хов хүргээд л, хаанаас нь гардаг юм гэмээр ихийн их энерги цацруулж явдаг хүүхэд гэдэг хөөрхөн амьтан.

9 сарын 1 болж байхад зүв зүгээр суугаад, амраад л, юу ч хийхгүй байхаар сонин санагдаад байх юм. Хэхэхэ. 9 сарын 1 дөхөхөөр сэтгэл ингэж их гэгэлзэж, хэдэн шавь нараа ингэж их санана гэж бодоогүй л явсан байна.

 

 

Previous Older Entries

Он цагийн тоолол

August 2016
M T W T F S S
« Mar    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
Follow

Get every new post delivered to your Inbox.