Түүнийг дурсая…

Би гэдэг хүн жил бүр гар утасны жагсаалтанд байдаг мөн месенжертээ байдаг бүх таньдаг хүмүүст жил бүр он гарахаас өмнө сайхан ерөөлийн үгтэй МЭНДЧИЛГЭЭ илгээдэг уламжлалтай. Хүн болгонд зориулж тусд нь мэндчилгээний үг бэлдэж байгаад явуулнаа. Байнга л мэндчилгээ илгээдэг зангаараа өчигдөр мэндчилгээний сайхан үг, ерөөл бэлдчээд месенжерийнхээ жагсаалтанд байгаа эхний хүнээс эхлээд л мэндчилгээ илгээж байгаа хүндээ хамгийн сайн сайхныг хүсээд л өөрөө инээмсэглэж байгаад, энийг уншаад баярлана даа гэж бодож байгаад л илгээж өглөө дөө. Эхнээсээ сайхан илгээгээд л бараг дуусах гэж байтал ….

Нэгэн хүний месенжер хаяг, нэр нь дурайгаад байж байлаа. Нэр нь З-ээр эхэлсэн хүний хаяг. З үсэг юм болохоор Англи үсгээр бол Z үсгээр бичигдэх учраас бараг хамгийн сүүлд байсан юм. Би тэр хүнд мэндчилгээ илгээж чадсангүй. Илгээсэн ч тэр хүн миний мэндчилгээг хэзээ ч уншиж чадахгүй болсон учраас. Тэрхэн хооронд миний сэтгэл гэгэлзээд л явчлаа. Би ингэж энэ хүний тухай бодож, сэтгэлээ гэгэлзүүлээд сууж байна гэж хэзээ ч бодож байсангүй. Хэзээ ч … Гэтэл өчигдөр тэр хүний тухай дурсахын ихээр дурслаа.

Түүнийг З гэдэг. Надтай хамт багшилж байсан миний адил багш хүн. Хамгийн анх манай сургуульд ирэхэд нь бидний хэдэн эмэгтэй багш нар саваагүйтэж “Манай сургуульд шинэ, залуу, өндөр эрэгтэй багш ирсэн гэнэ. Манай тэнхимд орж ирнэ гэнээ. Гоё залуу байгаасай” гээд л шуугилдсан сан. Хамгийн анх түүнийг орж ирэхэд бид их л сонирхон харж байсан маань одоо ч санаанд тодхон байна. Миний төсөөлж байснаас огт өөр хүн байсан санагдана. Их сайхан өндөр залуу байсан, гэхдээ эрэгтэй гэхэд арай л сонин шөвгөр царайтай. Түүнийг ирснээс хойш миний амьдрал адал явдлаар дүүрвээ. Манай тэнхмийн 2 багш бид 2-ийг үерхүүлэх гэж мөн ч их зүтгэсэн дээ. Даанч би гэдэг хүн хөдөлж өгөөгүй. Надад таалагдаагүй л болоод би хөдлөөгүй байж таараа. Уг нь сайхан залуу, даанч архи их ууна. Дөнгөж сургууль төгсөж ирсэн жаахан залуу байж архи их уухыг нь яана. Тэр нь надад таалагддаггүй байлаа. Би ч багаасаа сайн эцэг эхийн буянд архигүй орчинд өссөн, архи уудаг хүнийг өөрийн эрхгүй үздэггүй тийм сонин зантай хүн. Архи их уулаа, сургууль дээр үнэртүүлж ирлээ гэж би олон ч удаа зэмлэсэн дээ тэр хүнийг. За тэгтэл 3-р улирлаас эхлээд З гэдэг хүн сав л хийвэл намайг ярьж, надтай хамт байхыг эрмэлзэх боллоо. Надад хайртай болсон гээд хавийн амьтанд зарлачихаж. Над руу байнга залгана, би ч эхэндээ юу ч бодолгүй утсаар ярьдаг байлаа, харин сүүлдээ утас дуугарахаас айдаг, утсаа авахгүй гүрийдэг болсон. Гэтэл оройд манай орцны гадаа ирээд уулзая гэх боллоо. Би угаасаа орой үдэш тэнэж явах сонирхолгүй улаан коммунист хүн чинь “Чадахгүй” гэдэг ганц сайхан үгээ хэлнэ. Хааяа өрөвдөөд гарсан болно. Хамгийн дургүй хүрмээр 1 зүйл нь архи уучихсан, халамцуу үедээ над дээр ирнэ. Тэгэхээр л дургүй хүрээд дотор бачуураад явчина. Уулзаж юм ярина гэж бодсон хүн чинь загнаад эхэлнэ. “Архи уухаа боль, чи залуу хүн бас багш хүн. Сурагч нар чамайг ингэж яваад хараад чамайг хүндлэхүү, сайн бод. Тэгээд ч архи уусан үедээ битгий ирж бай” гэх мэтээр олон юм хэлдэг байсан. Харин өөдөөс “Би чамд сайн. Чи миний найз бүсгүй болбол би архинаас гарна” гэнэ. Би ч мөчөөгөө өгөхгүй “Чи ч мөн архинаас гарах байх даа. Нялуунаас шулуун нь дээр, Би чамд сайн биш ээ” гэнэ.

Сүүлдээ оройд гэрээсээ цухуйж чадахаа байлаа. Нэг удаа бас л халамцуу ирчээд надад нэг баахан юм ярьсан юмдаг. “Чи намайг чамаас дүү, залуухан болохоор тоодоггүй тээ? Миний нас ямар буруутай юм бэ? Намайг хайрлахад юу болохгүй байна?” гээд л… Би хариуд нь үнэнээ хэлнэ. “Би чамайг надаас залуу гэж тоодоггүй бишээ, Чамайг архи их уух юм гэж голдог. Тэгээд ч би чамд хайргүй, намайг ойлго” гэж ирээд л бид 2 илэн далангүй ярьсан юмдаг. Гэтэл З “Тэгвэл би архинаас гараад чиний хайрыг татах болно, хүлээж байгаарай” гэлээ. Тэрнээс хойш овоо архи уухгүй байлаа. Гэтэл найзууд нь гэж уруу татсан нөхдүүд ахиад л архи уулгалгүй хаачихав. Муу найзууд хүнийг уруу л татдаг юм шигээ. Ингээд 1 мэдэхэд 2 жил өнгөрсөн байсан. Бид харьцаа хэвээрээ л байсан. Би тоохгүй, З болохоор намайг тоосонгүй гэж гомдоллоостой.

Нэг орой манай 1 эмэгтэй багш над руу залгаад “Би орцны чинь гадаа ирчлээ, чи гараад ирээч хө, хэлэх юм байна” гэлээ. Намар байсан санагддын. Би гарлаа. Гэтэл нөгөө эмэгтэй багш чинь З болон бас 2 өөр эрэгтэй багштай хамт 4-үүлээ зогсож байлаа. Тэднээс 2 багш нь намайг З-тэй үерхүүлж, суулгах гэж их л хичээсэн. Би гараад “Яасан, юу хэлэх гэсийн” гэсэн чинь 1 ном өгснөө “Бид 2 явлаа, З-г дагуулаад ирлээ, та 2 жаахан юм ярихгүй юу, алийн болгон ингэж явахад учир зүйгээ ол” гэж хэлээд “Хүүе” гэхийн хооронд зугатаагаад явчлаа. Би тэгэхэд “Нээрээ ч би энэ хүнийг ингэж их зовоогоод яахав. Өнөөдөр асуудлыг шийдье” гэж бодоод амжсан. Тэгээд З-тэй уулзахаар, нухацтай ярилцахаар гадаа цэцэрлэгт суулаа. Тэр уулзалт бид 2-ын хамгийн сүүлийн хайр сэтгэлийн сэдэвтэй уулзалт болсымдаг. Бид 2 их удаан бараг 4, 5 цаг ярилцсан. Бүр З-г хамгийн анх сургуульд ирсэн үеэс эхлээд л ярьж өгсөн. Би чамаас 1 л юм асууя гэж байна. Асуу л даа гэлээ. “Би чамд хайртай, чи миний найз бүсгүй болох уу? Надад боломж байгаа юу? Хэрэв чи боломж олговол би их хичээнэ. Хонгилын үзүүрт гэрэл байгаа эсэхийг би мэдэх гэсэн юм” гэлээ. Би шууд л “Хонгилын үзүүрт ямар ч гэрэл байхгүй, чи сэтгэлээ татаж авсан нь дээр. Надаас хөөрхөн хүүхнүүд зөндөө л байна шдээ” гэсэн. Үнэхээр үнэн байдал л тэр юм чинь тэгж хэлэх нь зөв байсан. Тэгэхэд  “Би чамд үнэхээр хайртай, даанч чи хэзээ ч намайг хайрлаж, минийх болохгүй юм байна” гэж З хэлсиймдаг. Би ч “Өө яг үнэн. Би чамд хэзээ ч сайн болохгүй юм байна. Би чамайг муу хүн гэж хэлэхгүй. Чи их сайн залуу, чамд ганцхан дутагдал байна. Архи их уух юм. Энэ чиний амьдралд их саад учруулж байна, ойлгож байна уу” гээд л их л олон юм ярьсан санагдаж байна. Бид 2 хав харанхуй болтол гадаа суусан. Тэгэхэд З надаас 1 юм хүссэн юм. “Би олон хоног бодлоо. Нэгэнт чи намайг хайрлахгүй юм чинь одоо үүнээс хойш би чамайг зовоохгүй ээ. Амлаж байна. Ганцхан юм хүсье. Чи зөвшөөрөх үү?” гэлээ. Би “Чамд ч надад ч хэцүү байна. Чи надад хайртай бол надад хэн болохоо харуулаад сайхан амьдар л даа. Тэгвэл би маш их баярлана. Юу хүсэхээс чинь хамаарна, эхлээд хэл” гэлээ. Эхлээд гарыг чинь баръя гэлээ. Би гараа өглөө. Тэгтэл “Би чамаар хайрлуулж чадахгүй юм чинь хайртай хүнээ анхны бөгөөд сүүлийн удаа ханатлаа үнсэж болох уу?” гэж байна. Би “Тэгээд цаашаа даварвал яанаа” гэж бодоод “Болжийна, гэхдээ даврахгүй шүү. Даварвал хохь чинь шүү” гэсэн санагдаад байдын. З “Даврахгүй, би хэлсэндээ хүрнэ. Зөвхөн л үнсэнэ” гэлээ. Одоо бодоход би энэ хооронд “Яах вэ” гэж бодсон санагдаад байдын. Тэгээд л зөвшөөрлөө. З миний духнаас эхлүүлээд л миний нүд, хамрын үзүүр, 2 хацар, эрүү хамгийн сүүлд уруул дээр удаан бүр дэндүү удаан үнссэн юм даг. Үнсэж үнсэж аваад л намайг тэвэрснээ “Баярлалаа. Үнсэхийг минь зөвшөөрсөнд баярлалаа. Хайртай хүнээ ингэж үнсэх ямар сайхан юм бэ. Одоо би чамайг зовоохгүй ээ. Би энэ сургуульд багшлаад, чамтай учирсандаа баярлаж явдаг. Би одоо амьдралаа шинээр эхэлнээ. Чи хараарай” гэж хэлээд яваад өгсөн. Ингээд бид 2-ын хайр сэтгэлийн сүүлчийн уулзалт дууссын.

Маргаашнаас нь эхлээд З үнэхээр өөр хүн болж эхэлсэн. Үнэхээр хэлсэн амандаа хүрч над руу залгаж, орцны гадаа халамцуу ирж намайг зовоохоо больсон. Нэг бүсгүйтэй үерхэж эхлэн, бүр сүүлдээ хамт амьдрах болж, өөртэйгээ адилхан хөөрхөн охинтой ч болсон. Би ч өөрчлөгдсөнд нь баярлаж байлаа. Гэхдээ л нөгөө архиа уусаар л байсан. Би хааяа “Наад архиа, хүний охин үрийг гомдоовоо” гэж хэлэх. Тэгэхээр хэд хоногтоо архи уухгүй овоо байна. Ахиад л ууна.

Тэр хооронд би нөхөртэйгээ танилцан, гэрлэлээ. Мэдээж би тэнхмийнхнийгээ гэртээ урин нөхрөө танилцуулсан. З манай тэнхмийн багш учраас тэд нартай хамт манайд очсон, манай нөхөртэй танилцсан. Гэрлээд бараг жил болж байтал гэнэт 1 өдөр З надаас асууж байнаа. “Танай нөхөр архи уудаг уу?” гэж байна. Үнэндээ манай нөхөр архи уудаггүй. Мэдээж эр хүн юм болохоор баяр ёслолоор хааяа уух нь уудаг, гэхдээ үнэртүүлэх төдий л уудаг. Гэвч маш ховор. Өнөөг хүртэл бараг 3 жилийн хугацаанд архи ууж ирээд, намайг зовоогоогүй л байна. Түй түй, тэгж хэлдэггүйм гэнэ лээ.

Би ч З-д “манай нөхөр уудаггүй. Би чинь архины харшилтай хүн, архи уудаг хүнтэй гэрлэхгүйг чи мэдэх байлгүй дээ” гэсиймдаг. Яагаад надаас тэгж асуусан юм бол бүү мэд. Ингээд л бид тус тусын хичээлээ заагаад л ажлаа хийгээд л явж байлаа.

Гэтэл… Гэтэл энэ намар 8 сарын 25-д ажилдаа ортол, түүний ширээн дээр зургийг нь тавиад хажууд нь бас цэцэг тавьсан байх юм. Гэтэл З өнгөрсөн зуны нэг их халуун өдөр гэнэт зүрх нь хаагдаад нас барчиж. Даан ч харамсалтай мэдээ. Би итгэж чадсангүй. Хар дарсан зүүд байгаасай гэж хичнээн бодсон гээч. Гэвч энэ бол гашуун үнэн байлаа. Манай багш нар, шавь нар нь бид бүгд уйлсан. Надад үнэхээр итгэмээргүй санагдсан. Хорвоо хатуудаа хүрэхээр хатуу ч юм шиг…. Амьдрал нь жигдэрч яваа, бага ч гэсэн ухаан сууж яваа, ааваа гэж дуудах хөөрхөн охинтой, ханиа гэж дуудах сайхан эхнэртэй 30 ч хүрээгүй сайхан залууг дахиад хэдэн жил наслуулахгүй яаваа гэж бодсон.

Тэгээд удалгүй би Япон явж сурах болсноо мэдээд 9 сард эхний хэдэн хоног хичээлээ заагаад ажлаа ч хүлээлгэж өгөөд наашаа ирсэн юм. Энд ирснээс хойшхи 3 сард би З-ийн тухай хааяа 1 дурсаад харамсаж байсаан. Харин өчигдөр месенжерээр Шинэ жилийн мэндчилгээ илгээж байгаад түүний ID-г хараад, мэндчилгээгээ ч илгээж чадахгүй, түүнийг маш их дурсан санаж, уртын урт бодолд автлаа. Тэгээд өнөөдөр түүнийг ДУРСАН бичлэг хийж сууна.

Үүнийг бичиж суухдаа би ганцхан юманд л баярлаж, өөрийнхөө сэтгэлийг тайтгаруулж байна. Тэр нь юу вэ? гэвэл “Хэдийгээр би түүнд хайргүй ч гэсэн, тэр нэгэн намрын орой түүнд удаанаар үнсүүлсэн минь хамгийн сайн зүйл болжээ” гэж.  Бодоод байхад тэгж үнсүүлсэн маань түүнд урам зориг өгч, амьдралаа өөрчлөх жигүүр ургуулсан ч байж болох. Магадгүй хайртай хүнээ үнсээд цаашид амьдрах итгэл, хүч олж авсан ч байж мэдэх. Би ингэж л бодож өөрийгөө тайвшруулж сууна даа. Тэгээд “Бурхны оронд тайван, амгалан байж, эргээд хүний орчлонд хурдан төрөөрэй” гэж залбиран, чамайг дурсан чиний тухай энэхүү бичлэгийг бичин, сэтгэлийн зул өргөе дөө.

Японд оюутан болсон нь 2

Манай Япон хэлний ангийн 8 оюутан Япон хэл үзэж эхэлвээ. Япон хэлний өгүүлбэрийн бүтэц яг Монгол хэлнийхтэй адилхан учир надад арай хялбар байна. Нөгөө хэдэд маань хэцүү байна гэсэн. Жишээ нь, “Би сургууль руу явдаг” гэсэн өгүүлбэрийг Англи хэлээр хэлье гэвэл “Би явдаг сургууль руу” буюу “I go to school” болно. Англи хэлний өгүүлбэрийн бүтэц Монгол хэлийнхээс арай өөр. Тийм ч болоод манайхан Англи хэлийг сурах гэж жаахан будилдаг байх эхэндээ. Япон хэл бол яг Монгол хэл шиг. Дээрх өгүүлбэрийг Японоор хэлье гэвэл яг л “Би сургууль руу явдаг” гээд л Япон үгнүүдээ хэлэхэд болно. Гэхдээ толгой эргүүлэх дүрэм бас байна. Харин сайн учрыг нь олоод ойлгочихвол бас амархан санагдсан. Гэхдээ анхан шатны хичээл үзэж байгаа учраас цаашид ямар ч хүнд дүрэм гараад ирж болзошгүй гэж байгаа. Хэхэ

Манайд Мацунага, Мориваки, Оно гэдэг 3 багш дүрэм орно. Мацунага багш маань 70 настай гэсэн. Мориваки багш маань арай залуу, 50 хавьцаа л байх. Оно багш маань ч залуухан бас л 50-тай байх. Ханзны хичээлийг 4 багш орно. Оно багш дээр Мушиаке, Чой, Сугавара нэртэй 3 багш орно. 6 багш 6 өөр заах аргатай. 1 хичээлийг 6 багшаар заалгана гэдэг сонин шүү. Бас их зүйл сурнаа.

– Мацунага багш маань их хөгжилтэй. Хичээлийн дүрэм болоод тэр өдөр сурах ёстой зүйлийг маш энгийн аргаар сайхан заана. 1 зүйл зааж байгаад л бид нараас “Та улсад ямар байдаг вэ” гэж асуугаад л яриулж өгнө. Япон хэлээр хариулах гэж бид эхэндээ бантангы нь хутгадаг байсан байхоо. Одоо ч бас заримдаа гоё гоё хариулт өгнө шдэ. Тэгээд л манай улсад тийм байдаг гээд ярихаар багш маш их гайхаад заримыг нь бүр тэмдэглэж авдаг. Бодвол гэрийнхэндээ очиж хэлдэг байх. Бид нарч гэсэн хэл сурахынхаа хажуугаар 7 өөр улсын түүх, зан заншилтай танилцаад амжиж байгаа юм. Сонин санагдах зүйл их л юм байна лээ. За байз, санаанд байгаагаас Энэтхэг улсад эрэгтэй хүн эхнэр авахдаа эхлээд аав, ээжид нь мөнгө аваачиж өгдөг гэсэн. Тэгээд л аав ээж нь их мөнгө өгсөн хүнд нь охиноо өгдөг гэнэ. Олон охинтой, тэгээд охид нь хөөрхөн бол тэр айл баяжна гээд л манай ангийн Энэтхэг залуу хэлж бид тун их гайхсан. Багш охиноо гэрлүүлэхгүй байгаад л байвал улам баяжаад байх нь ээ гэж хэлж бид нар баахан инээлдсэн. Мацунага багш маань хөгжилтэй хүн. Хэхэхэ

– Мориваки багш маань маш зарчимч. Хичээл дээр заах ёстой юмаа яс заана. Нэг ч зүйлийг үлдээлгүй эмх цэгцтэй сайхан заана. Мацунага багш шиг танай улсад ямар байдаг вэ гэж асуухгүй, Харин өөр сонирхолтой асуулт асууна. Бид нар хариулахаар бүр чинь сэтгэлээсээ чанга чанга инээнэ. Тэр нь надаа сайхан санагддаг. Хичээлээ ямар ч мангар хүн ойлгохоор сайхан заана. Самбар дээр дүрмийг маш цэгцтэй бичиж тайлбарлана. Ойлгохгүй байна гэвэл эхнээс нь ахиад л уйгагүй тайлбарлана. Манай хэлний багш нар ингэж заадаг бол манай Монголчууд бүгд Орос хэлтэй,  сүүлийн үеийн залуучууд Англи хэлэндээ сайн байна даа, даанч ингэж Мориваки багш шиг маань чин сэтгэлээсээ сайхан заах багш нар ховор доо гэж боддын заримдаа.

– Оно багш маань дан Японоор ярьж хичээлээ заана. Мацунага, Мориваки багш 2 Англиар хичээлээ заана. Харин сүүлийн үед бид Японоор овоо ойлгоод ярьдаг болчоод байгаа болохоор одоо Японоор хичээлээ заадаг болоод байгаа. Оно багш маань эхнээсээ л Японоор заасан. Оно багш маань бас Ханзны хичээл орно. Хичээлээ сонирхолтой болгох гэж их хичээнэ. Саяхан бид нар Япон болон Европын баярын талаар хичээл орсон. Тэр өдрийн үзэх дүрэм, хичээл дээр баярын талаар үзэх байсын. Тэгсэн багш 1 сэтгүүл авчраад бид нар тойруулж үзээд. Тэр нь үнэн сонирхолтой сэтгүүл байна лээ. Японы талаар зөндөө их зураг байсан. Бид нар энэ юун зураг вэ, яагаад ийм байгаа юм бэ гээд л багшаасаа шалгааж өгсөн. Багш маань хичээл заахдаа хөөрхөн хөөрхөн жишээ аваад л тайлбарлана. Самбар дээр барагтай бол бичихгүй. Жишээ авч ярьсаар байгаад л тэр өдөр үзэх дүрэм, шинэ үгийг бид нарт заагаад амжина. Бас л сонин заах арга.

– Ханзны хичээл ордог Мушиаке багш маань манай дээд түвшний оюутнуудад хичээл заадаг гэсэн. Их хөгжилтэй багш. Байнга инээнэ. Ханзны бичлэгийг нь их сайн заана. Бас тэр өдрийн үзэх ханзнуудаа заасны дараа хэдэн минутанд үзсэн ханзаа утгыг нь олох, өгүүлбэр зохиох гээд жишээ ажиллуулна. Өмнөх бичлэгэнд дурдсан Оман улсын оюутан бид 2-ын ярианы багш маань Мушиаке багш. Бид 3 их юм ярина аа. Бусад оюутнууд багш нартайгаа Японоор ярьдаг гэсэн. Бид 3 бол дандаа Англиар ярина, харин хааяа ганц нэг өгүүлбэрийг Японоор хэлнэ. Бид 3 сонирхолтой юм их ярьдаг учир Англиар ярих нь амар бөгөөд ойлгомжтой. Бас бид 2-т цай, кофе, шоколад өгнө. 3-уулаа дундаа шоколад тавьж байгаад, цай, кофе уунгаа чалчиж өгнө. Манай улсад ийм юм нь тийм байдаг, гээд л ярьж өгнө. 3 улсын тухай мэдэх боломж нээгдэнэ. Япон улсын талаар сонин хачинг нь энэ багшаасаа л сонсож авна. Япончуудын төрөлт сүүлийн үед их багассан, айлууд ганц, хоёрхон хүүхэдтэй болсон, энэ бол Японы асуудал болоод байгаа гэсэн. Оман улсад харин хүүхэд их гаргах тусам тэтгэмж их өгдөг, хүн амаа өсгөх бодлого гэсэн. Манай Монголд бол хүүхэд олонтой болохыг хүсэхгүй болчихсон гээд л бид нар олон сэдвээр ярина аа. Юу ч бэлдэхгүй ороод л, ном дэвтэр, үзэг гаргахгүй ямар ч хамаагүй сэдвээр ярих ч бас сонирхолтой шүү. Багш бид 2-т бас энэ хотод байдаг хамгийн хямд бөгөөд сонголт ихтэй хүнс зардаг дэлгүүр, хувцасны дэлгүүрийг зааж өгнө. Бид 2 асуух юм гарвал багшаасаа асуугаад л мэдчинэ. Жаахан даварсан 2 оюутан гэж байгаа.

– Ханзны хичээл ордог бас нэг багш маань Чой багш. Солонгос хүн л дээ. Эхлээд их залуухан 30-н хэдтэй хүн шиг харагдаж байсан. Харин 40 хэдэн настай гэж өөрөө хэлсэн. Яг тодорхой хэлээгүй, “Би 40 хэдэн настай” гэж хэлсэн. Хэхэ. Солонгос хүн Япон хэл зааж байна гэхээр бахархмаар ч юм шиг. Япон хэлийг маш сайн сурсан болоод л Японд эх хэлийг нь зааж байгаа шүү дээ. Энэ бол бахархмаар сайхан зүйл шүү. Бид нарт хамгийн эхний хичээл дээрээ ингэж хэлж байсан юм. “Би 31 настайдаа анх Японд ирж Япон хэл үзэж эхэлсэн. Тэгэхээр та нар надаас залуу байгаа дээрээ Япон хэлийг үзэж байна гэдэг маш сайн шүү. Хичээгээрэй” гэсэн. Чой багш маань хичээлээ Япон хэлээр заана. Англиар ярьж болохгүй гэнэ. Сонирхолтой жишээ аваад л ярьж өгнө. Багш маань Япон хэл шинжлэлийн доктор гэсэн. Тэгээд энэ үг тэр улсаас гаралтай, энэ үгний цаад утга нь ийм учиртай, дуудлага нь энэ, ингэж дуудаарай, буруу дуудвал өөр үг болно гээд л их нарийн заана. Сонирхуулж хэлэхэд Японы “Куцу” буюу “гутал” гэдэг үг Монгол хэлний гутал гэдэг үгнээс гаралтай гэсэн. Нээрээ л төстэй байгаа биз дээ. Хэхэ. Багш маань бас Япончуудын сонирхолтой зан байдлын талаар ярина. Жишээ нь, Япончууд “Уучлаарай” гэдэг үгийг маш олон удаа хэлдэг гэсэн. Нээрээ л ажиглаад байхад Япон хүмүүс уучлаарай, уучлаарай гээд л олон хэлдийм байна лээ. Бид нар бол 1 л удаа уучлаарай гэж хэлнэ дээ. Бараг зарим нь хэлдэггүй ш дээ. Тэгээд бид нарыг “Японд амьдарч байгаа учраас Япон хүн шиг л байх хэрэгтэй. Угаасаа зангаас нь сурчихдаг юм” гэсэн. Нээрээ Чой багшийгаа бид нар “Ацуй багш” гэж нэрлэдэг юм. “Ацуй” гэдэг Япон үг нь Халуун гэсэн утгатай. Яагаад ингэж нэр өгөвөө гэхээр Чой багш хичээл орох гээд ангид орж ирэх болгондоо “Гадаа халуун байна, халуун байна” гэсээр л орж ирнэ. Бүр дандаа тэр үгийг хэлж орж ирнэ. Тэгээд л бид нар тэгээд нэрлэсэн гэж байгаа. Бид нар ч гэж дээ, манай ангийн Энэтхэг, Бангладеш 2 оюутан л тэгж нэр өгсөн юм.

– Хамгийн сүүлийн буюу Ханзны 3 дахь багш маань Сугавара багш. Хичээлийг хамгийн сонирхолтой бөгөөд үр дүнтэй заана. Ханзны бичлэгийг цаасан дээр бичиж харуулаад л энэ ямар үг байна, яагаад гээд л бид нараас асууна. Бид нар энэ ханзны энд нь тийм үг байгаа учраас гээд л тайлбарлаж өгнө. Дараа нь багш энэ ханз яагаад ийм үг байгаа вэ гэдгийг тайлбарлаж өгнө. Бид нар “Аан тийм байна шдээ” гээд л сурна. Ханз үсэг сайн ажиглаад байвал их логик утгатай, тэр ханзны зурлага нь тухайн үгний утгыг агуулсан байдым байна лээ. Бүх ханзаа заачаад л ханзнуудаа хольж байгаад л бид нараас асууна. Бид нар сайн хариулахын тулд хурдан цээжлэхээс өөр аргагүй. Хэрэв багшийн асуусан ханзыг хэлж чадахгүй бол багш инээж ирээд л “Гоё гоё, би яллаа” гэнэ. Бид нар багшид ялагдахгүйн тулд тэр өдрийн ханзыг гялс цээжлээд амжина. Хамгийн үр дүнтэй хичээл болно. Сүүлд нь явцын шалгалтанд бэлдээд үзсэн ханзнуудаа дахиад давтаж байхад Сугавара багшийн заасан хэдэн ханз толгойд орчихсон, цээжлэгдчихсэн байх жишээтэй. Гадаад хэл сурч байгаа хүн шинэ үгийг ийм аргаар заавал хүн хурдан сурах юм байна гэж би боддын.

7 хоногт 1 удаа Сонсголын хичээл орно. Бас нэг өөр багш. Манай сургуулийн хамгийн том, хамаг сургалтын асуудлыг хариуцдаг багш Накамура багш энэ хичээлийг орно. Бид нар харилцан яриа сонсоод номон дээр байгаа жишээ ажиллаад, Япон хэлний сонсголын хичээл хийнэ. Заримдаа бид нар залхуу хүрээд байвал багшаас 1 юм асууж орхино. Багш бид нарт тайлбарлаж өгнө. Бас сонирхолтой шүү.

За, Япон хэлний хэдэн багш нараа танилцуулахад 1 иймэрхүү. Цаашид хичээл дээр болох үйл явдлыг болон болоод өнгөрсөн сонирхолтой үйл явдлыг санахаараа бичлэг оруулсаар байх болно.

Японд оюутан болсон нь 1

Японд 10 сарын эхээр ирлээ.  Хичээл 10 сарын 12-д орсон. Тэр хүртэл 10-аад хоног өрөөндөө интернет, утас юу ч байхгүй их уйдсан шүү. За тэр ч яахав.

Хичээл орох ангидаа хамгийн би түрүүнд очлоо. Томоо анги байнаа. Анги дүүрэн оюутнууд арзайгаад хичээллэх нь дээ гэж бодов шүү. Гэтэл тэр том ангид ердөө 8-хан оюутан хичээллэх болсон. Монгол, Тайланд, Энэтхэг, Бангладеш, Гуана, Португали, Оман, Этиопиа улсын 8 оюутан. Гэтэл 2-хон нь цагаан арьстай оюутан байнаа. Нэг нь би нөгөө нь Португалиас ирсэн оюутан. Бусад нь хар. Гэрийнхэндээ зургийг нь үзүүлсэн чинь юу гэсэн гээч. “Наад хэдээс чинь 2 нь л тас хар бусад нь өнгөлөг, гэгээлэг юм байна” гэдийм даа. Хэхэ. Яанаа арьс өнгөний үзэл гаргачихвуу яав. Гэхдээ л сонирхуулж бичсийн шүү. Манай ангийнхан чинь хөөрхөн хүүхдээрээ ааштай. Хамгийн хөгшин нь Гуана болон Энэтхэгээс ирсэн 2 оюутан би бид 3. Гурвуулаа багш гэж байгаа бас. хэхэ. Манайхан их хөөрхөн. Хаана бараа хямдарсан байна, эсвэл хаанаас аятайхан юм авна тэр тухайгаа маргааш нь ирээд л бүгдэд нь хэлнэ. Би тэр дэлгүүрээс тийм юм иим үнээр авсан шүү гээд л дэлгүүрийн хаягыг хэлж өгнө. Бид нар юм авахгүй ч гэсэн тэр дэлгүүр лүү нь очно, үнийг нь бас барааг нь сонирхоно. Бас хаана үдэшлэг ч юмуу олон нийтийн арга хэмжээтэй гэнэ тэрийг бас л бүгдэд нь хэлнэ. Бүгд очно.

Өнгө өнгийн арьстай, өндөр нам, өргөн бүдүүн, тарган туранхай 8 хүн гудамжаар явахаар чинь Япончуудын сонирхон харж байгаа гэдэг нь жигтэйхэн. Ядаж байхад бид нар ямар 1 юмны талаар Англиар чанга чанга яриад л, хашгиралдаад л явна. Эхлээд надад жаахан эвгүй санагддаг байсан. Одоо дасчиж дээ. Япончууд зогсож ирээд л хардын бид нарыг. Хэхэ. За ангийнхныгаа хальт танилцуулахад иймэрхүү.

Манай анги 3 дахь өдөр амраад бусад өдөр нь хичээллэнэ. Мэдээж хагас бүтэн сайнд амарна. Дүрмийн хичээлийг 3 багш орно, харин ханзны хичээлийг 4 багш ордын. Хажуугаар нь 1 өдөр нь нэг цаг Сонсголын хичээл орно. Тэр хичээл дээр юм сонсоод асуултанд хариулна. Бас 1 өдөр нь 2 оюутан 1 багш дээр хичээллэнэ. Тэр хичээлийн цаг дээр юу ч хийж болно. Тэр цаг үнэндээ багш оюутан бидний сайн дурын цаг. Би Оманаас ирсэн оюутантай хамт 5 дахь өдөр хичээллэдэг юм.

 

 

Ард түмээн гэж…

Би ангийнхаа хүүхдүүдийг АРД ТҮМЭН гэж дуудах дуртай. Бас ах, эгч, дүү нараа, тэдний хүүхдүүдийг гээд л ер нь надтай ойрхон хүмүүсийг тэгж дууддын. Яагаадыг бүү мэд. Тэгж дуудахаар дотно санагдаад байдын.

Манай анхны ангийн ард түмэн 32-уулаа. 32 гэдэг тоо их сайхан тоо. Ангийнхаа ард түмний дунд тэмцээн юмуу ямар нэгэн арга хэмжээ зохиоход хэд ч хувааж болно. 2, 4, 8 бүр 16 ч хуваачиж болно. Манай ангийн Х гэдэг сахилгагүй хүү “Багшаа бид нарыг 32 хуваагаад уралдуулчих” гэж хэлээд надаа “Ажил үймүүллээ” гэж зэмлүүлж ч байсан удаатай. Хэхэ.

15 Хүү, 17 охин. Би социалист нийгмийн үеийнх шиг ангийнхаа хөвгүүдийг нэг нэг охин даалгуулчихсан. Охид нь тоогоор илүү юм болохоор 2 охин илүү гарна биз дээ. Тэр 2 охиныг гэртэй нь ойрхон амьдардаг охиныг авсан хүүд хуваарилсан юм даг.

Соц нийгэмд чинь муу сурдаг хөвгүүдийг гайгүй сурдаг охинд даалгаад хичээлийг нь хамт хийлгэдэг байсан даа. Би ч бага байхдаа 1 нөхрийг даан авч хуулуулахдаа хуулуулж, өөрөөр нь хийлгүүлэхдээ хийлгүүлж тусалж л явсан юмдаг.

Харин миний ангийнхаа хөвгүүдийг охидууддаа хуваарилсан шалтгаан нь маш энгийн. Орой үдэш ангидаа ч юмуу сургууль дээр оройтохоор болбол дааж авсан охиноо гэрт нь хүргэж өгч, гэрийн хаалгаар нь бат оруулах үүрэгтэй. За тэгээд мэдээж хичээлээ хамт хийх. Энэ тохиолдолд хэн гайгүй сурдаг нь нөгөөдөө туслах. Одооны нийгэм их хэцүү болсон шүү дээ. Айлын жаахан охин хүүхдийг орой үдэш ганцаарангаар нь явуулах осолтой. Юу ч дуулдаа билээ. Ингээд л манай ангийн хөвгүүд хичээлээ тараад л алга болохоо больж нэг нэг охин сахидаг болвоо. Ялангуяа олон нийтийн ажилтай, тэмцээнтэй, их цэвэрлэгээтэй үед хөвгүүд байж л байх. Хэнээ хурдлаач ээ, яасан уддын, би гэртээ ажилтай гээд л охидоо хүлээгээд байж байх. “Бие хамгаалагч минь байж бай. Дарга нь дуусаагүй байна. Болохгүй бол багшид хэлнэ шүү” гээд л охид хөвгүүдийг уурлуулах. Хэхэ Хүүхдүүд хөөрхөн шүү. Сүүлдээ бүр энэ ДБД-ийн ангийнхан хос хосоороо үерхдэг, яагаав С, Б 2 бас тэр Х, Л 2 хамтдаа л явж байх юм, бүр орой болгон шүү гэсэн яриа хүртэл гараад. Эцэг эх нь хүртэл гайхаад. Зарим 1 нь залгаж байнаа над руу. “Танай ангийн С гэдэг хүү манай охиныг байнга хүргэж ирэх боллоо, одооны хүүхдүүд аюултай, юу ч болоо аж таньд дуулгая” гээд залгах энүүхэнд. Би тэрэнд нь танай охины төлөө ингэж байгаам гэж тайлбар хийх. Тэгээд дараахан нь эцэг эхийн хурал дээр учрыг нь хэлж эцэг эхчүүдийн санааг 1 амраасан даа. Цэцэг цэврүү шиг сайхан охидыг чинь ядаж тэгж л хамгаалах юмсан гэж боддын.

Япон орон гэдэг 1

Одоо амьдарч байгаа Япон орны тухай бичмээр санагдаад. Би дөнгөж ирээд удаагүй байгаа учраас ёс заншил, хэл ус гээд зарим блогчдынх шиг тийм мундаг юм бичихгүй ээ. Өөрт тохиолдсон зүйлээ, сонин, сайхан санагдсан зүйлээ бичнээ.

2010 оны 10 сарын эхээр Япон улсад ирлээ. Дулаахан сайхан улс юм. Агаар нь үнэхээр сайхан. Нөгөө социализмын үед “Японд агаарыг уутанд хйигээд худалддаг юм гэнэлээ” гэсэн яриа санаанд ороод. Инээд хүрээд. Хүмүүс сайхан дэгсдүүлж байгаам шүү.

Миний ирсэн хотын 1 сайхан юм нь МОД. Хаа ч явсан мод. Өнгө өнгийн, янз бүрийн хэлбэр дүрстэй, төрөл бүрийн мод байх. Би чинь энэ насандаа модыг тал тал тийшээ салаалж ургасан, ногоон өнгөтэй л байдаг гэж төсөөлж явсан хүн шүү дээ. Гэтэл энд янз бүрийн хэлбэртэй, өнгө өнгийн тухайлбал ногоон, улаан, улбар шар, цайвар ногоон, шар мод байхым даа. Манай хот Модон дотор байдаг хот гээд хэлэхэд хилсдэхгүй. Модгүй газар гэж нэг байхгүй. Япондоо модны хот гэдэг алдартай хот юм байна.  Хэдэн зураг оруулчлаа. Мянга сонсохоор нэг үз гэдэг байхаа.

Энэ зургийг авахдаа ийм гоё хувийн байшинтай болно гээд хальт мөрөөдсөн шүү

Энэ гол нь үнэхээр тунгалаг юм байна лээ.

Энэ далангийн цементэн ханан дээр яаж ингэж ургамал тарьж чадваа. Сонин байгаам шүү.

Япончууд их сонин хүмүүс санагдлаа. Яаж байна вэ? гэхээр өөрөө алдаа гаргачихаад уучлаарай гээд л бөхөлзөөд байна. Үнэн сонин. Автобусан дотор хүний хөлөн дээр гишгэлээ гэхэд, хөлөн дээрээ гишгүүлсэн хүн нь уучлаарай гээд байх. Хэхэ Нөгөө хөл дээр нь гишгэсэн хүн нь мэдээж уучлалт гуйна л даа. Зэрэг зэрэг уучлалт гуйгаад л тонголзоод байгаа нь сонин харагдаж байгаам чинь. Тэгсэн энэ бол Япон хүний зан гэнээ. Хөл дээрээ гишгүүлсэн хүн хөлөө тэр хөл дээр нь гишгэсэн хүний гишгэх байсан газар нь тавьсан байсан учраас уучлалт гуйж байгаа юм гэнээ. Би гайхаад багшаасаа асуусан чинь манай Япон хэлний Солонгос багш тэгж тайлбарлаж өгсөн юм. Манайд нээрээ Солонгос хүн мөртлөө Япон хэл заадаг багш байдаг юм. Тэр багш маань бид нарт олон юм зааж өгнөө. Япон хэлний багш нарынхаа тухай, ангийнхныхаа тухай тусд нь бичлэг оруулнаа.

За саяхан би хүнсний дэлгүүрт явж байгаад 1 тасгаар нь очсон чинь 1 хүн бараа хараад зогсож байнаа. Би юм ч бодсонгүй тэнд нь яваад очлоо. Нөгөө хүн чинь “Уучлаарай” гэчээд яваад өгдийн. Тэгээд би авах бараагаа сагс руугаа хийчээд тэндээс холдсон чинь нөгөө хүн чинь буцаж очсоноо бараагаа авсан шдээ. Намайг очиход байж байсан юм чинь гялс юмаа авчаад цаашаа явна биз дээ. Хол зогсож байгаад намайг явахаар ирж аваад байхдаа яахав дээ. Сонин санагдсан. Манайхан бол яах байсан болоо. Аягүй бол “Хүн юм харж байхад чинь. Юугаа хийгээд байгаам” гэж байж ч магадгүй.Хэхэ

Япончууд их тусч улсууд шиг санагдсан. Юм асуухад заавал хэлж өгнө. Ойлгосон уу гэж байгаад л заана. Болохгүй бол зураад өгнө. Би яахав дээ шинэков юм чинь ихэвчлэн дэлгүүр хоршоо, банк, шуудан гэх мэт газар л асууна. Хэнээс ч асуусан хэлээд өгнө. Охид нь нээх сонин майжийж ирээд л алхах юм. Муухай харагдана гэж яана. Бүр зарим нь албаар тэгж алхаад байгаам шиг санагдсан шүү. Гүйж очоод л “Битгий ингэ, муухай харагдаж байна” гэж хэлмээр санагддын заримдаа. Хэхэ Намайг тэгж хэлбэл цочоод зугатах байлгүй дээ. Тэгээд ч Японоор тэгж хэлж чадах ч биш дээ би.

Залуучууд нь үсээ урт стилээр тайруулдаг. Дажгүй л хөөрхөн стильтэй харагдаад байдын надаа. Тэгсэн чинь манай ангийн Энэтхэг залуу нэг өдөр “Энэ Япон залуучуудын үсний стиль надад ер таалагдахгүй юм. Бүгдийг нь тайраад хаях юмсан” гэж үү. Манай ангийнхан бүгд баахан инээлдэв. Тэр нөхөрт л Япон залуучууд нэг нэгээрээ баригдаад үсээ тайруулаад байж байх юм гэнээ. Одоо ч хааяа бодохоор л инээд хүрээд байдын.

Багш болсон анхны минь хичээлээ гэж

Би чинь энд л оюутан болоод байгаа болохоос биш Монголдоо 6 жил багшилсан архаг гэхэд арай сэрүүдэх, залуу гэхэд арай ч тийм биш багш байлаа. Ахлах ангиас нь л анх хариуцаж авсан болохоос биш 2 ч анги төгсгөөд авсан гэж байгаа бас. Би мэргэжилдээ их дуртай. Шавь нартайгаа бужигнаад л загнахыг нь загнаад, магтахыг нь магтаад, хааяа 1 хэрүүл хэлцээ хийгээд ирэхээр сайхан байдым шүү. Миний анхны ангийнхан гэж хэдэн сахилгагүй хөвгүүдтэй болохоос биш сурлага гэж сургуульдаа толгой цохидог байлаа. Анхны хичээлээ дааж авсан ангидаа орсон юм даг. Анхны хичээл дээр маань манай тэнхмийн надаас 2 л ах багш сууж үзэхээр боллоо. Би яахав анхны хичээл дээрээ л өөрийгөө сурагч нартаа шинээр ирсэн залуу багш хэн бэ гэдгээ харуулж авахыг хүссэнийх хичээлдээ сайн бэлдсэн байлаа. Гэтэл яг хичээл орох болтол нэг эрэгтэй багш гэнэт л “эрхлэгч намайг чиний хичээл дээр суу гэсэн” гээд л намайг дагаад ангид орлоо. Би ч жаахан сандарсан шүү үнэндээ. Хичээл ч эхэллээ. Бүгд л “шинэ багш, манай ангийн багш гэнэлээ. Яаж хичээл заахыг нь харъя” гэсэн аятай л чив чимээгүй ширтэцгээж байнаа. Зарим хөвгүүд нь шинэ багшийн хичээл дээр үймүүлж, сандаргах тухай бодож байсан гэж сүүлд нь надад хэлж байсан. Хүүхдүүд ээ гэж.

Хичээл эхлэхэд би өөрийгөө танилцуулаад эхний хичээл орлоо. Нийгмийн ухааны хичээл болохоор унших хичээл л дээ. Их сонирхолтой аргазүйгээр заахгүй бол хүүхдүүд 2-тр тавьж, дургүй болж болох хичээл. Ер нь бодоод байхад манайхан Математик, физик, хэлний хичээлийг нэн тэргүүнд тавиад, Түүх, Нийгэм гэсэн унших хичээлийг 2-рт тавиад байдаг юм шигээ. Энэ бол буруу л даа. Энэ талаар дараа бичлэг оруулнаа. За тэгээд хичээл эхэллээ. Өөрийгөө танилцуулсны дараа “За миний тухай асуух зүйл байна уу? 3-хан асуултанд хариулаад хичээл эхэлнэ” гэлээ. Мэдээж “Та нөхөртэй юу, хүүхэдтэй юу?” гэж асуухгүй хаачихав. Үгүй л гэлээ. Бас 1 юм асуусан санагдаж байна. Санадаггүй ээ. Хэхэ. Хичээлээ эхлэхээс өмнө “Бид энэ хичээлээр юу судлахав?, яагаад энэ хичээлийг үзэх хэрэгтэйв?, ач холбогдол, энэ хичээлийг үзээд дуусахад бид юу сурахав, амьдралд яаж хэрэгжүүлэхэв” гээд л хэрэгтэй гэж үзсэн хүүхдүүдийн сонирхлыг татах зүйлийг түүгээд л, жишээ татаад хичээлтэйгээ холбоод ярьлаа. Тэгээд л тэр өдрийнхөө сэдвийг заасын. Санасныг бодвол анхны хичээл маань тун сонирхолтой болсон. Дараа нь нөгөө хичээл дээр суусан багш юу гэж халаах болоо гээд санаа зовж л байлаа. Гэтэл хэд хоногийн дараа нөгөөх багш маань хэлж байнаа “Хичээл чинь дажгүй болсон, чи хичээлээ их сайн заасан. Би дандаа шинэ багш нарын анхны хичээл дээр суугаад энэ талаараа эрхлэгчид хэлдэг. Чам шиг анхныхаа хичээлийг сандрахгүй сайн хичээл заасан багш байсангүй” гэлээ шүү. Эгч баярлаж байгаа гэж жигтэйхэн. Ингэж анхныхаа шалгалтыг амжилттай өгч багш болох замаа тавьж байлаа.  Тэр багш надаас 4 жилийн өмнө ирсэн байсан. Эхэндээ нөгөө залуугаас чинь санаа зовоод л, энэ их чухал багш нь юм байна гэж бодоод байсан чинь сүүлдээ над шигээ адилхан багш байсныг мэдээд инээд хүрч л байлаа. Сүүлдээ их сайн найзууд болсон доо. Одоо тэр багш маань Европт сурч байгаа. Энэ намар бид 2 зэрэг гадагшаа явдаг байна шдээ. Миний анхны хичээлийн ажиглагч том багштан минь, бас анд найз минь чамд сурлага, эрдэм шинжилгээний ажилд чинь амжилт хүсье.

Би цаашид ч мөрөөдөх болно.

Би анхныхаа бичлэгэн дээр хэдэн жилийн өмнө бичээд орхисон мөрөөдөл маань бүгд биелсэн байсан тухай бичсэн. Харин би тэр мөрөөдөл дотроо 1 л мөрөөдөл бичилгүй орхисон байсандаа жаахан харамсаад. Тэр нь юу вэ? гэвэл Хүүхэдтэй болох гээд бичихгүй яаваа гэж. Би ханьтайгаа гэрлээд 2 жил хагас болсон боловч хүүхэд гараагүй л байна. Хүн сонсоход Яах вээ дээ 2-хон жил гэх байх. Гэвч тийм биш юм. 2 жил гэдэг их урт хугацаа, 2 жилийн дотор юу ч болоод өнгөрч болох хугацаа. Бид 2 бие биедээ их хайртай. Даанч маамаа гарахгүй байгаа нь сайхан амьдралд минь бага зэрэг хүндрэл, бас асуудал учруулаад байдымаа. Тэгээд хүүхэдтэй болох гэж биччихгүй дээ гэж жаахан харамссан шүү.  Тэгснээ дээр бичсэн байсан 5 төлөвлөгөөний доор нь томоос томоор Хүүхэдтэй болох гээд бичцэн. Хэхэ. Бодол биелдэг болсон орчлонд бодлоо зөв цэгцтэй байлгаж, цаасан дээр буулгаж байж биелүүлэхээс дээ. Бид 2 одоо маамаатай болноо. Би бүрэн итгэдэг. Энэ хүүхэдтэй болох асуудалтай холбоотой надад маш том мөрөөдөл байдын шдээ нээрээ. Тэр чинь юу вэ? гэвэл “Залуу гэр бүлийн төв” ажиллуулмаар санагдаад байдымаа. Би ч хүүхэдтэй болох гэж олон ч эмнэлгээр явсан. Хамгийн ядаргаатай нь үр дүн гарахгүй. 1 эмчтэй уулзана, зүгээр гэнэ. Нөгөө эмч нь жаахан эмчилгээ хийлгэх хэрэгтэй гэнэ. Өнөө эмчилгээнийх нь үр дүн гарахгүй. Сүүлдээ бүр залхдым байна лээ. Аргаа бараад найз нөхөд, бэр эгч, ажлынхаа хүмүүсээс хамгийн сайн эмч, эмнэлэг хаана вэ? би хаана хандах вэ? хэнд үзүүлэх вэ? яавал дээр вэ? гээд асууж байгаам чинь. Тэд нар хөөрхий минь байдаг чадлаараа л хамгийн сайн гэсэн болгоныг л хэлнэ. Нөгөө эмнэлэг, эмч дээр нь очноо, ахиад л бахь байдгаараа. Сүүлдээ бүр эмнэлэг гэхээр дотор муухайрах шиг болдын шдээ. Тэгж ядарч, зүдэрч явах үедээ юу боддог гээч. Нөхөн үржихүйн хамгийн сайн эмч нарыг ажиллуулдаг, хажуудаа сэтгэлзүйчтэй, залуу гэр бүлд зориулсан 1 их сайхан ТӨВ байгуулах юмсан гэж мөрөөддийн. Залуу гэр бүлд асуудал үүслээ гэхэд, тэр төв дээр очиход бүх асуудлыг нь шийдээд өгдөг төв Монгол зайлшгүй хэрэгтэй байгаа юм. Олон газар цаг алдаж явахын оронд нэг газар очоод бүх шинжилгээгээ өгөөд л, хямраад байгаа сэтгэл санааныхаа талаар сэтгэлзүйчтэй уулзаж ярилцаад, гэртээ тулгарсан асуудлыг ярьчдаг, асуудлаа шийдчихдэг байх тийм сайхан төв үнэхээр хэрэгтэй байгаамаа. Хүүхэд гарахгүй байгаа гэр бүлийн эхнэр, нөхөр 2 аль аль нь их хямардаг юм шигээ. Би олон эмнэлэгт үзүүллээ, зүгээр, эрүүл  гээд л байлаа. Аргаа бараад нөхөр маань үзүүллээ. Бас л зүгээр гэсэн. Одоо бид 2 эмнэлгээр явахаа байсан. Хаясан гэх үү дээ. Өнгөрсөн зун би харин 1 сайн бариач эмчид үзүүлээд бариа хийлгээд. Сав жаахан хөдөлсөн байна гээд бариа хийлгэсэн. 5 удаа хамаг хөлсөө урсган байж бариа хийлгээд. Тэгээд одоо л үр дүн гарна даа гээд байж байтал наашаа явах болчихсон. Эцсийн арга хэмжээ бариа болсон шдэ. Хэхэ. Он гараад хань маань миний араас ирнэ. Тэгээд энд маамаатай болох байгаа даа гээд залбирах юм даа. Маамаатай болбол эндээ гүрийж байгаад гаргана даа. Японд хүүхэд гаргах хэцүү л гээд байхын хүмүүс. Би хүүхэд гарахаар болбол заавал төрүүлнээ. Миний 6 дахь мөрөөдөл юм чинь. Гол нь энэ бичлэгний маань санаа нь юу вэ гэвэл “Монголд залуу гэр бүлд зориулсан, хамгийн сайн эмчтэй, сэтгэлзүйчтэй, хамгийн сайн үйлчилгээтэй ТӨВ байгуулах” тухай мөрөөдөх болно би. Тун удахгүй тэр мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хичээж зүтгэж байгаад, тийм төв байгуулнаа. Энэ бол миний 7 дахь мөрөөдөл. Асар том мөрөөдөл боловч би биелүүлэхийн төлөө хичээнээ. Өөрөө хүүхэдтэй болсон ч гэсэн ийм төв заавал байгуулна гэж бодож байгаа.

Бодлын хүчинд би итгэдэг

Бид ХУМХЫН ЭРИНд амьдарч байна.  Хумхын эринд хүний бодол биелдэг юм гэнэ лээ. Олон ном зохиол, өгүүлэл уншиж байхад ингээд бичээл байсан байх юм. Би үүнд итгэдэг. Сайн сайхныг бодоод явбал бүтээд миний болон эргэн тойрны хүмүүсийн амьдрал сайн сайхан болно гэдэгт итгэдэг.

Би саяхан Япон ирэхээсээ өмнө хуучин бичиг цаасаа цэгцэлж байгаад 5, 6 жилийн өмнөх тэмдэглэлийн дэвтрээ олж уншаад мэл гайхсан шүү. Тэр дэвтэр дээр би их л олон хайрын шүлэг бичжээ. Бас уншсан зөвлөгөөний олон номнуудаасаа хэрэгтэй гэсэн үг, хэллэгийг дэвтэр дээрээ бичсэн байх юм.

Хамгийн сонирхолтой нь “5 жилийн төлөвлөгөө ба мөрөөдөл” гээд 5 төлөвлөгөө бичсэн байв. Гайхалтай нь тэр төлөвлөгөө яг дэс дарааллаараа бүтээд явж байхын. Би бүр маш их гайхаадаа.

1.Ажилдаа амжилт гаргах, 2.Өөрийгөө хөгжүүлэх, 3.Байртай болох, 4.Сайн хүнтэй суух, 5.Японы тэтгэлгийн шалгалт өгч Япон явах гэсэн 5 төлөвлөгөө бичсэн байх юм. Сонирхолтой нь яг одоогийн байдлаар бүгд биелсэн байхын. Би чинь 6 жилийн өмнө ахынхаа байранд амьдардаг, ганц бие хүн байлаа. Гэтэл одоо өөрийн гэсэн байртай, сайн ханьтай болсон. Ажилдаа над дуртай хүн байхгүй, тэгээд ч ажилдаа хамгийн их амжилт гаргаж чаддаг юм. Өөрийгөө хөгжүүлэх тал дээр харин би их идэвхтэй. Байраа яахав дээ, орчин үеийн залуучуудын байр авах аргаар Банкнаас зээл авч байгаад байртай болж байлаа. 4 жилийн дотор бага багаар зээлээ төлсөөр байгаад өргүй болж өөрийн гэсэн байртай болсон юм. Хань минь яахав, гэнэт гарч ирээд л би дурлаад л гэрлэчихсэн. Хэхэ

Яг одоо мөрөөдлийн маань сүүлийнх нь болох Япон улсад суралцаад байж байх юм. Гайхалтай сонин санагдлаа. Би ном унших их дуртай. 1 номон дээр ингэж бичсэн байсан нь санагдаад. Та мөрөөд, мөрөөдөхдөө бүр өнгөтөөр яг үйл явдал нь болж байгаа юм шиг мөрөөд, дараа нь цаасан дээр бичиж тэмдэглэ. Тэгвэл мөрөөдөл чинь биелнэ гэсэн байсныг би уншиж байсан юм. Тэгээд  энэ мөрөөдлөө, төлөвлөгөөгөө бичсэн бололтой. Гэтэл бүгд биелсэн байхаар нь би бүр анх үзчээд итгэж ядсан шүү. Үнэхээр бүгд биелсэн байна. Би маш их хөөрч баярласан. 6 жилийн өмнө надад байртай болох, сураг нь байхгүй ханьтай болох гэдэг хамгийн бүтэхгүй зүйл байсан санагдаад байгаа юм, одоо бодоход. Харин Япон явна гэдэг бол бүтэх зүйл байсан юм. Би шалгалт өгөөд явж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байсан юм. Гэтэл миний бичээд орхисон 5 мөрөөдөл өнөөдөр бүгд биелсэн байна. Тиймээ бид хумхын эрин зуунд амьдарч байна. БОДОЛ БИЕЛДЭГ БОЛСОН ЕРТӨНЦ гэдэгт би улам их итгэх болсон.

 

МИНИЙ ОРОН ЗАЙ

Өнөөдөр шинэхэн Блогтой болоод бөөн баяр байна. Энэ блогоо би “Миний Орон Зай” гэж нэрлэе. Энэ блогоо нээхийн өмнө би ихэвчлэн бусад блогчдын Блогоор аялж, тэдний бичсэн зүйлийг сэтгэл догдлон, гуниглаж, баярлаж, бахархаж, заримдаа дургүйцэн байж уншдаг байлаа. Тэгээд өөрийнхөө сэтгэгдлийг Anonymous гэсэн нэрээр үлдээдэг нэгэн байв. Үнэндээ бүртгэлгүй хүн чинь Anonymous байхаас яахав дээ. Өнгөрсөн зун Banjig.com дээр нэгэнтээ Блог нээгээд, 2-хон бичлэг оруулсан боловч, одоо энэ сайт маань ажиллахгүй байгаа тул шинийг нээлээ. Мөн энэ блогоо нээх болсон хэд хэдэн шалтгаан байна.

1. Би маш олон Блогны чимээгүй уншигч бөгөөд нэлээн олон блогны бүх бичлэгийг он сар дараалан бүртгэж байгаад л уншиж дуусгасан. Шинэ бичлэг нэмэгдэж үү гэж байнга орж үздэг. Харин байнга уншаад, хааяа сэтгэгдлээ үлдээдэг байсан зарим блогууд маань заавал бүртгэлтэй хүний сэтгэгдэл авдаг болжээ. Жишээ нь, Амарсайхан ахын Блог байна. Сэтгэгдэл бичих гэхээр заавал ID шаардаад болохгүй байхаар нь шинэ блог нээж байгаад тэрүүгээрээ дамжуулан сэтгэгдлээ үлдээж байхаар шийдэв шүү.

2. Миний бие сурах их үйлсдээ хөтлөгдөн Япон улсад 10 сард ирсэн бөгөөд гав ганцаараа өрөөндөө амьдардаг тул интернетийн үнэнч нөхөр болж, блог уншиж чөлөөт цагаа өнгөрөөдөг үндсэн ажилтай болоод байна. Өрөөндөө ганцаараа тул хичээлээ хийх, хичээлээ хийсний дараа блог ухах, бусад үед юм бодоод л суух бололтой. Тэгээд Блогтой болоод бодсон, санаснаа бичиж, аль хүнд хэрэгтэй мэдээлэл өгөх юмсан гэж бодох болов.

Ийм 2 үндсэн шалтгаанаар Блогоо нээлээ. Тавтай морилж таалан соёрхоно уу. Блогоор минь зочилсонд баярлалаа.

ШИНЭ ОНЫ БОСГОН ДЭЭР ШИНЭ БЛОГТОЙ БОЛЛОО

Шинэхэн Блогтой боллоо. Миний бие өмнө нь нэгэнтээ блог нээж байсан боловч 2-хон бичлэг бичиж байсан бөгөөд мөн Банжиг найз маань сураг тасарсан тул энэ удаа жинхэнэ утгаар сайхан блогтой болохыг чин сэтгэлээс хүслээ.

Previous Older Entries

Он цагийн тоолол

December 2010
M T W T F S S
    Jan »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031