Захидал ирлээ…

Сая шуудангийн хайрцгаа шалгасан чинь хөөрхөн хэдэн шавь нараас минь уртаас урт захидал иржээ. Баярласан гэдэг нь. Бүгд сонин сайхнаа бичээд гарын үсэг зурцгаажээ. Багшаа тэр тэгсэн, энэ ингэсэн, шинэ сурагч ирсэн, хөөрхөн охин ирсэн гээд л сонин сайхнаа бичиж өгчээ. Шинэ жилийн баяраар манай ангийнхан багш намайгаа их санасан юм байх. Би байхгүй болохоор жаахан тийм байсан гэнэ. Би шинэ жил дөхөхөөр ангийнхныхаа дунд 1 сарын аян зохиодог юм. “Талархлын 7 хоног”, “Бие биедээ туслах 7 хоног” гэх мэтээр ажил зохион байгуулдаг юм. Энэ жил тэгээгүй муухай байсан гэнээ. Тэгнээ хөөрхийс минь. Шинэ ангийн багш их хөөрхөн багш гэсэн байна бас. Хэхэ. Бүгд хичээлдээ их сайн байгаа гээд л олон сонин бичжээ. Шавь нараа саначлаа бүр.

Технологи хөгжчихөөд байхад шуудангаар захидал илгээгээд байхдаа яадын бэ, и-мэйлээр явуулахад яадын гэж бодож байна уу? Би шавь нарыгаа хүнд захидал бичье гэж бодож байвал цаг зав гаргаад, гараараа бичээд шуудангаар илгээвэл захидал чинь үнэ цэнэтэй гэж хэлдэг юм. Тэгж бичиж илгээсэн захидал тухайн хүний чин сэтгэл, хөдөлмөр шингэдэг юм шиг санагддаг. Би ч тэгэж захидал бичиж, илгээх дуртай. Энд ирснээс хойш 3 ч удаа ээж рүүгээ гараараа захидал бичээд шуудангаар илгээсэн. И-мэйлээр илгээж болно л доо. Гэхдээ и-мэйлээр илгээснээс бичээд шуудангаар илгээхэд хүний хөдөлмөр, захидал илгээх гэсэн чин сэтгэл шингэдэг юм. И-мэйлээр бол яахав дээ. 5-хан минутанд л хэдэн товч тогшоод л илгээчихнэ шүү дээ. Илгээж байгаа, авч байгаа хүнд 1 их сэтгэгдэл төрөхгүй. Харин дугтуйтай захидал авч задлах, унших их сайхан байдаг юм. Тэгээд л би шавь нартаа гараараа захидал бичиж явуулж байгаарай гэж захидаг юм. Гэтэл тэд маань өчүүхэн багшдаа захидал илгээжээ. Ямар сайхан юм бээ. Баахан инээж авав. Өнөөдөр захидал бичээд маргааш ангийнхандаа захидал илгээнээ.

Захидал гэснээс манай нөхөр бид 2 гэрлэхээсээ өмнө хоорондоо захидал их бичилцдэг байлаа шдээ. Захиа нь ирэхгүй удахаар санаа зовоод л, захиа хурдан явуулсангүй гэж тунирхаад л. Захидал нь ирэхээр юу гэж бичсэн бол гэж сэтгэл догдлоод л бас гоё шүү. Тэгсээр байгаад л хуримаа хийсэн юм даа. Хэхэ. Одоо бид 2-т нэлээн олон захидал байдаг. Хааяа уншаад инээлддэг юм. Сайхан дурсамж шүү.  Одоо ч захидал бичих ховрын үзэгдэл болж дээ. Гар утсаар яриад л эсвэл и-мэйл бичээд л болоо. Гэхдээ зав гарган захидал бичих гоё шүү.

Үүнийг уншсан хүн та захидал гараараа бичээд хамгийн дотны хүндээ илгээгээрэй. Тэр хүн чинь их баярладаг юм шүү. Амжилт хүсье.

Хор шар хөдлөөд

7 хоногийн өмнө Япон хэлний сонсгол, дүрмийн шалгалт өгөөд. Өчигдөр дүнгээ сонссон чинь 96 авчихаж. Чадвал 100 оноо авчих санаатай хичнээн их бэлдлээ дээ. Гэтэл хүнд хэлэхээс ичмээр алдаа гаргаад 4 оноо алдсан байна. Гаргасан алдаагаа бодохоор дургүй хүрээд байхымаа. Гэтэл манай ангийн 1 охин 99 авсан байна. Бусад нь 90-ээс доош оноо авсан. Тэгсэн гэнэт хор шар хөдлөөд. Өчүүхэн бүр дэндүү тэнэг алдаа гаргасан өөртөө уур хүрээд, хор шар хөдлөөд. Уг нь 100 оноо авах бүрэн боломжтой байсан байхгүй юу. Ямар алдаа гаргасан гэхээр 2 асуултанд хариулж бичихдээ Гю үсэг бичих гээд Кю үсэг биччиж. Япон хэлний Кю үсэгний дээр 2 жижигхэн зураас тавихаар Гю болдог юм. Япон хэл мэддэг хүмүүс бол мэднэ дээ. Гэтэл тэр 2 жижиг зураасыг буюу “тен, тен”-ийг бичилгүй орхиод 2 оноо алдсан байх юм. Нөгөө 2 оноо нь ч гэсэн дээ мэдэж байсан асуултандаа буруу хариулчихсан байх юм. Хамгийн хэцүү асуултанд нь зөв хариулчаад, амархан асуултыг алдсан байх юм. Бодохоор л дургүй хүрээд болдоггүй. 96 ч өндөр оноо л доо, гэхдээ тийм амархан асуултанд буруу хариулаад, бас тэнэг алдаа гаргасандаа л уур хүрээд болдоггүй. Дараагийн шалгалтанд сайн бэлдэхээс. Өчигдөр дургүй хүрээд өнөөдөр амрахдаа юу ч хийсэнгүй. Хэхэ Маргаашнаас дараагийн шалгалтандаа сайн бэлдэхээс. Тийм тэнэг алдаа ахиж гаргахгүй ээ. Хичээнээ.

Нээрээ нэг бодлын оюутан болж, шалгалт өгч, хор шараа хөдөлгөж амьдрах бас сонирхолтой юмаа. Монголд 5, 6 жил ажил хийж байхдаа ингэж хор шар хөдөлж байсангүй. Хэхэ. Харин би нээрээ Монголд 10 гаруй жилийн өмнө оюутан байхдаа бас л шалгалтан дээрээ 100 авна гээд л хичээлээ аймаар их хийдэг хэнхэг нөхөр байсан шдээ. Сургуулиа төгссөнөөс хойш ингэж хор шар хөдөлж байсангүй. Япон ирэх гээд хэд хэдэн удаа шалгалт өгөөд тэнцэхгүй байсан боловч ингэж хор шар хөдөлж байсангүй. Миний мэдлэг дутлаа даа гээд ахиад л Англи хэлээ сайн үздэг байсан юмдаг. Гэтэл энэ шалгалтан дээр бүр ямар их дургүй хүрэвээ өөртөө. Бэлдэж, бэлдчээд энгийн юман дээр алдаад байхдаа яахав дээ нээрээ. За за дараа 1 шалгалт байгаам байна гээд л тайвширч байна даа. Тэр шалгалт 14 хоногийн дараа. Сайн бэлдэж байгаад 100 авнаа. Ханзны шалгалтан дээр 100 оноо авчихаад байгаамаа. Харин дүрмэн дээр л ганц удаа 100 оноо авч үзмээр санагдаад байх юм. Хэхэ аягүй шартай гэнээ…

Удахгүй Цагаан Сар болно доо…

Уул ус нь тэгширсэн, ургамал мод нь жигдэрсэн

Эх орон минь үнэхээр сайхан шүү. Одоо Цагаан Сарын баяр болох гээд бужигнаж байгаа байх даа. Хичээл ном гээд гүйж байтал 2 сар болох гэж байна. Саяхан л он гарч байсан. Цаг хугацаа гэж хурдан юмаа.

Цагаан сарын  баярын тухай бодсон чинь гэрээ саначихлаа. Сайхан шүү. Ах дүү нартайгаа уулзаад л… Шуугилдаад л, сонин хачин сонсоод л.

Хүний нутагт ирээд анх удаа Шинэ жил, Цагаан сарын баярыг чимээгүй шахам, тэмдэглэлгүй өнгөрүүлж үзэж байна. Бас л сонин л юм. Гадаадад олон жил амьдардаг хүмүүс яаж болдым байгаа юм. Би 2-хон жил байхын тулд нэлээн их гэрээ санах нь ээ янз нь. Монголчууд маань САЙХАН БАЯРЛААРАЙ.

Миний дуртай шүлгүүд 1…

За өчигдөр шүлгийн дэвтэр “нэгэн хүнээс түр авч” (хихи, уншсан хүн нь энийг ойлгоно доо), санамсаргүйгээр олон шүлэгтэй болсон тухай дурсамж бичсэн. Өнөөдөр харин өөрийн дуртай хэдэн шүлгээ интернетээс хайж байгаад Блог руугаа чирж авчраад хийчихье гэж бодлоо. Би энэ шүлгүүдэд их дуртай.

1.  Ц.Хулан :   ААВДАА

Сайхан залуу аавынхаа тэргүүнд буурал орсныг анх үзээд
Саваагүй томоогүй хүүхэд насаа би тэр жилийнх нь шувуудтай хамт буцаасан
Санчиганд нь нэмэх мөнгөн сорны тоогоор жаргаана даа тэгвэл гэхэд
Санаснаар даанч болохгүй юм ааваа.

Бүүвэйт хорвоод ижийн тухай дуу мэдээж олон
Бүдэгхэн гардаг зураг шиг, санаатай хийдэг алдаа шиг
Бүхий л орчлонд харин аавын ач гэж дуулдаггүй
Бүгдийнх нь аав ямар миний аав шиг бишдээ
Амттан зөөлөн хоёроор бялууруулдаг муу ижий минь
Айлын тавагнаас чихэр хармайлж шараа болгоно
Аав минь тэгэхгүйээ
Алаг чулуу хээрээс хормойлж хүүдээ зүслүүлнэ.
Алсын замд уулсын нэр тогтоолгож ухаан нэмнэ
Ээдрээт мянган харгуй төрсөн гэрийн гаднаас эхлэж
Эмээл дээрээ соёмботой унаган хүлэгийн нуруунд анх гарахад
Сансарт хүүхэд нь нисэх юм шиг санаж ээж нар цацлаа өргөж гүйлддэг
Саахалт ороод эргэх юм шиг санаж аав нар духыг нь ганц үнэрлэдэг
Адгаж ижий нар өдөржин радио шиг үгэлнэ
Амьдралд зөвхөн үнэнийг хэлэх гэж аав нар сумын үүзэл шиг хаа нэг дуугарна
Бие өвдлөө гэж ээж нар хүүхдээ аргагүй нэг айлгадаг
Битүүхэн дотроосоо нурж аав нар чимээгүйхэн өтөлдөг
Үхэж болохгүй тушаал авсан цэрэг шиг тэд
Үрс нь хөлөө олтол цоо эрүүл болж жүжиглэдэг
Ачийг тань хариулна гэж би олон жил худлаа ярьлаа
Ачийг нь гаргаж өгчхөөд харин нэг их гавъяатан шиг
Сөөг сөөг гэж хэвтүүлээд номхон тэмээг ноолуулах мэт
Сөөсгөр хэдэн бацааны өмнө хөгшин аавыгаа мөлхүүллээ
Гараа өргөж дайсандаа үг дуугүй бууж өгөх мэт
Гарцаагүй том алгаа дэлгэж та тэднийгээ хөтлөнө
Гариг дэлхийд уянгатай ийм найрагч байтлаа
Гангансан хэдэн зээтэйгээ хэдэнтэй хэлд орно
Гадаа нь навчис унаж, он жил биднийг унасан навчис шиг орхиж
Гайгүйдээ би аавыгаа жаргааж амжина гэж өөрийгөө хуурна
Ганцхан зүрхний тань цохилт намайг зэмлэн лугшиж
Газар дээр аав минь хүртэл мөнх бусыг сануулдаг аа
Хазайлгаж болохгүй титэм шиг нэрээр чинь би овголсон
Халуун зүрхний уярал хайр, гунигыг чинь хүртэл өвлөсөн
Өргөстөй орчлонд бүдчээд үйлж суухын цагтаа хүү нь
Өлгийг минь сийлсэн аавтай болохоор амьд явж чаддаг аа

http://lifeofzaraa.blogspot.com/-аас авав.

2. Р . Ч О Й Н О М   “МИНИЙ ШҮТЭЭН”

Холын бүдэгхэн цагийн минь хонины нэхийн өлгий чи

Энэ хорвоод юуг шүтдэгийн гэж эзнээсээ одоо асуу

Тохойн чинээхэн нялх үед минь

Толгойн дээр зүүлттэй байсан

Эсгийгээр хайчилсан үнэг чи эзнээсээ одоо асуу

Шүтлэгтэн биш гэлээ ч би

Шүтдэг ганцхаан шүтээнтэй

Огторгуй тэнгэрт би шүтдэггүй

Одон гаригт би шүтдэггүй

Омголон догшин байгалийн сүрт үзэгдэлд би шүтдэггүй

Олны хэл ам хараал ерөөлд би шүтдэггүй

Нүд аниж хувь тавиланг би шүтдэггүй

Нүгэл буян, бурхан чөтгөрийг ч би шүтдэггүй ээ!

Би эмэгтэй хүнийг шүтдэг

Би эх хүнийг шүтдэг

Би ээжийгээ шүтдэгийм

Би гагцхүү би гэдэг дотоод ертөнцийн минь

Биеийн минь

Хүчин чадлын минь

Бишдэд итгэх итгэлийг минь бүтээсэн

Аугаа их тэр уран хүнд

Амьд баримал, амьд зураг, амьд дууг бүтээж

Бурхан багшаас ч ид чадлаараа давсан

Буурал үстэй бяцхан эмгэний өмнө

Өөрийн эрхгүй сөхрөнөм

Он цаг, хүмүүс хоёрыг бүрхэг байх үеэр

Онгон элгэндээ намайг тэвэрч өсгөсийм эжий минь

Онгойж үлдсэн аавын минь орон дээр

Яруу найргийг бүүвэйлж өсгөсийм ижий минь

Учирсан бэрхийн өмнө унаж сөгдөлгүй

Улирсан сар жилүүдийн хойноос уйлж унжилгүй

Хэлхээ сувдан нулимсаа бүүвэйн дуу болгож

Хэнтйи нутгийн Боржигон тал дунд

Айлын ганц багана болж явахдаа

Энэ хүн арай ч ийм эмгэн байгаагүй юм

Өнөө харханаа намрын навч шиг өчүүхэн шар эмгэн

Намрын навч шиг өчүүхэн шар эмгэн

Намрын навч шиг биш хаврын цэцэг шиг найган дэлгэрч явсым

Найган дэлгэрч явсан хаврын цэцгийг хаврын цэцэг байхад

Наян нэгэн сүлжээ хархан гэзэг нь

Одоогийн бүсгүйн булчин шиг байхад

Нас нь залуу, шүд нь бүрэн, ухаан нь саруулхан байхад

Нар шиг залуус сар гэрэлтэн

Эрвээхэй шиг эргэж хоргож байхад

Алтан дэлхийн бүсгүй хүний

Адармаатайхан хувь заяа

Ард гаралтай энэ хүнээр

Арай хатуу тоглосым

Гал цог шиг залуу насны

Ган төмөр шиг бие цогцос

Ганган үзэмж, онгон хайрыг

Гар таталгүй хайрласан мөртлөө

Хамтад нь бас

Хар толгойгийг нь цагаан болтол нь

Хайрын сэтгэлээр үүрд өнчрөх

Хатуу тавилан заяасан байна

Эс танихаас панзчин шиг

Эрхэм дотноос архичин шиг

Элдэвтэй хорвоо

Миний ижийгийн элэг зүрх рүү цөм өшиглөж

Эрийг нь булааж, гэрийг нь хоослоод

Энрхий үрсийг нь тэврүүлээд

Ээрэм талын хөдөөгийн нэгэн өвөлжөөнд

Эргэж харалгүй орхисон байна

Цаг өөр байж

Цагаан гурил үйтэн хуарнаас үнэтэй байж

Цай алт шиг, талх мөнгө шиг байж

Цатгалан панзчид эзэн хаан шиг байж

Бугуйвч, бөгжнийх нь оронд

Будааг шанагаар нь биш ширхэгээр нь тоолох дөхөж байж

Ээмэг, даруулганых нь оронд

Эрээн даавууг уртаар нь биш утсаар нь хэмжих шахаж байж

Тэгэвч Монгол хүний сайхан сэтгэлйиг

Тэр дайн цуст шанагаараа хэмжиж чадаагүй юм

Тэвчээр, эхийн итгэл хоёрыг

Тэр жилүүд шуугиант зээл дээрээ худалдаж амжаагүй юм

Эрчүүдийн худал, үнэн үгэнд итгэж

Эрдэнэ болсон залуу насаа худалдаа нь үгүй ижий минь

Хуруугаа цоорч, нуруугаа бөхийтөл ажил хийж

Эргэх дөрвөн улиралд

Орон гэрээ ганцаараа тэжээсийм

Хүйтэн харанхуй шөнө

Хотны захад чоно улихад

Хүүхдүүдээ айлгахгүй юм шүү гэхдээ

Өөрөө айгаагүй дүр үзүүлж

Сүх барин сууж

Тэсэхэд бэрхэд салхи шуурганаар чагтаганаасаа зуурч

Тэнгэр ниргэсэн ширүүн мөндөрнөөр

Үр хүүхдээн харамлан халхлаж

Тэмээгээр орон газар очиж чихэр авчирч

Тэр жилүүдэд биднийг юугаар ч дутаалгүй хүн болгосым

Бид инээж, баясаж, хөөрч элэг бүтэн өсцгөөсийм

Биднээс нуугдаж харин хааяа ижий минь уйлж

Биднийг хүн болгосийм

Ээжийнхээ зовлонг мэдэхгүй бид

Байн байн л аавыгаа нэхэж

Элэг зүрхнийх нь шархыг урж, хөндөн хүн болсым

Гэвч амьдралд өвдөг сөхрөлгүй

Гэрийнхээ ганц алтан багана болж

Гэргий хүнд заяасан хүнд ачааг үүрч

Гэрл хөшөө мэт бат зогсож чадсымаа ижий минь

Одоо больждээ зайлуул

Ой ухаан нь уймраа, аймхай болж

Олон үгтэй, амархан баярладаг, амархан гомддог болж

Ойчсон цайндаа цацдаг, үмхсэн хоолондоо зогьсдог болж

Үг хэлэхлээр буруу дуулаал хадуурдаг болж

Үнс бужигнуулж зуухны өмнө хөөрдөг болж

Үүлэн сүүдэр дайрахад даардаг болчихож

Үдийн цай холдохыг даадаггүй болчихож

Хөөрхий ийм ч хүн байгаагүй юм шүү дээ гэж

Ижийгийн тухай хүн бүхэн ярина

Ийм байгаагүй нь үнээн

Ийм болгосон нь би байна

Гэвч чи намайг болгосон шүү гэж

Гэмлэж, зэмлэж нэг ч удаа хэлээ нь үгүй

Тэнгэр шиг уужим тэвчээртэйд нь

Тэнгис шиг гүн нинжин сэтгэлтэйд нь

Эгэлийн эгэл энэ хүнийг би шүтдэгийм

Энхрий сэтгэлтэн олончиг

Надад миний ижий шиг байгаа ч билүү

Эх хүн олончиг

Намайг миний ижий шиг хайрлаа ч билүү

Эр бие эндэж, тэнгэрт тулмаар хэрэг дэгдээвч

Эрх багынх шиг минь уучланхан суудаг

Эвдэрч хүний нүдний булай болсон ч

Эвийдээ эрдэнэ мэт

Үр минь хэмээн энрхийлэн байдаг

Энэ миний шүтээн

Өсөхөөс өдий болтол өвдөг сөхрөөгүй

Өнө мөнх ганц миний шүтээн

Өнөөдөр намрын навч шиг болсон

Өчүүхэн шар эмгэн ижий минь миний шүтээн

Өөр би юу шүтэхийн бэ?

http://decell.ucoz.com/ -оос авав.

3. М.Билэгсайхан : Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг

Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ
Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ
Эрдэмт хөвгүүд чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ
Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөөж бай
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.
Хэл нь тагнайгаа олохгүй тульдчиж
Хөл нь дэлхийгээ онохгүй тэмтчиж
Хааяа нэг халамцуухан ирэхэд нь
Хараалын үг урсгаж халаасыг нь битгтй хоосол оо
Янагын захиа л лав гарахгүй шүү дээ наадахаас чинь
Яахав дээ хөөрий шараа тайлах юмыг нь үлдээ
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.
Халуун залуу насыг нь хамт элээснээ бод оо
Хайрын галзуу дурлалд хамт элэгдсэнээ бод оо
Өөрийг чинь ээж болгосон эрийн тэнгэр юм шүү дээ
Үрийн чинь эцэг болсон хүний дээд юм шүү дээ

Хичнээн жил амьд явахыг мэдэж болдоггүй орчлонд
Хэзээ хаана жаргана гэж хэрүүлийн алим хуваах юм бэ
Хазайсан газар нь тэдэнд чинь бүүвэй ээж түшиг болдог юм
Халтирсан газар нь тэдэнд чинь бүсгүй хайр нөмөр болдог юм
Уул шиг юм гэж дандаа битгий давар
Үүл шиг нүүгээд явчихдаг юм
Ус шиг уян гэж дандаа битгий самар
Уур болоод дэгдчихдэг юм
Төгөлдөр их урмыг нь бүр хугалчихвал
Төрсөн шигээ уруугуу хараад уначихдаг юм
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.
Дээл бүсэн гоёлтой
Дээрээ малгайн хиймортой
Андынхаа дэргэд цовоожиж
Аавынхаа харцанд томоождог
Янагын сэтгэлд нялхарсан эрчүүдийг
Янжинлхамууд минь өршөө
Олон олон авааль гэргий та нараасаа
Олон олон аавын хөвгүүдийг
Өмөөрч бичсэн шүлгийг минь болгоо
Өөрийн минь биеийг битгий болгоо
Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ
Эрдэмт хөвгүүд чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ
Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөөж бай
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.

http://www.biirbeh.mn – ээс авав

4. Б.Ариунсан   МИНИЙ ХАЙР, МИНИЙ ХАНЬ

Итгэл сэтгэлийн гэгээ болж наддаа ирсэн

Эргэх цагийн аясыг дагаж нартад амьдарсан
Мөнхийн гэгээн хайраар тэтгэж хорвоог уяраасан
Миний насны итгэлт дагина миний хайр аа хө

Мөнхийн гэгээн хайраар тэтгэж хорвоог уяраасан
Миний насны итгэлт дагина миний хайр аа хө

Vvлэн чөлөөний нартай хамт хорвоог туулсан
Vгvйлж санахын жаргал амсаж гэрээ гийгvvлсэн
Vvрсэж ирэх хоногиин тоогоор намайгаа хайрласан
Vйлийн vргvй vнэнч амраг миний хайр аа хө

Vvрсэж ирэх хоногийн тоогоор намайгаа хайрласан
Vйлийн vргvй vнэнч амраг миний хайр аа хө

Хайр хайрандаа хамтдаа дэвтэж нэгнээ vгvйлсэн
Хавар хавартаа яргуй болж намайг сэрээсэн
Тулж тvших багана минь гэж насаараа ханилсан
Тулганы оргилон оргилох гал минь миний хайр аа хө

Тулж тvших багана минь гэж насаараа ханилсан

Тулганы оргилон оргилох гал минь миний хайр аа хө
Мөнхийн гэгээн хайраар тэтгэж хорвоог уяраасан
Миний насны итгэлт дагина, миний ханиа хө
Миний хайр аа хє, миний л ханиа хө

http://www.olloo.mn  -ээс авав. Энэ шүлгэнд хөгжмийн зохиолч М.Туяа ая хийж, МУГЖ дуучин Ч.Бат-Эрдэнэ дуулсан. Миний сонсох дуртай дуу.  Бараг л байнга аялдаг юм.

Энэ шүлгүүдийг уншихаар сэтгэл нэг их сайхан болчихдог юм. Ахиад тун удахгүй өөрийн дуртай бүсгүйчүүд, охидын тухай шүлгүүд оруулнаа.



Шүлгийн дэвтэр хулгайлсан нь …

Би чинь муугаа мэдэхгүй яруу найрагт их дуртай. Сайхан санагдсан шүлэг байвал заавал тэмдэглэлийн дэвтэр дээрээ хуулж авдаг байлаа. Одоо ч ажил, амьдралд дарагдаад шүлэг хуулаад сууж байхаа больж дээ. Шүмтэн уншихаас цаашгүй болж. Гэхдээ Монголдоо очоод, зав гарган гарган энэ сонирхлоо цааш үргэлжлүүлнээ. Сүүлд нь уншаад сууж байхад гоё байдаг юм.

Шүлэг хуулан бичдэг байсан үеэ бодоод сууж байтал нэг хөгтэй явдал санаанд ороод. Би оюутан байхдаа 1 хүүтэй хамт 1 ширээнд суудаг байлаа. Түүнийг С гэдэг. Одоо их мундаг ажил хийдэг хүн бий. С намайг бодвол их сэргэлэн, юм юм сонирхоно, дуулна, бүжиглэнэ, олон нийтийн арга хэмжээнд хамгийн түрүүнд орно. Их хөдөлгөөнтэй. Харин би их даруухан. Хичээл, хичээл, номын сан, гэр гэсэн л оюутан байлаа. Оюутан насаа сурахад зориулах ёстой гэсэн үзэл бодолтой хэнхэгдүү оюутан байсын би. Тэр намайг энэ олон ажилдаа татан оруулах гэж их зүтгэсэн. Харин би гэдэг хүн шавар бурхан шиг хөдөлж өгөхгүй. Заримдаа намайг зэмлэнээ “Чи одоо залуу хүн биз дээ” гэх. Би өөдөөс нь мөчөөгөө өгөхгүй “Чи хөгширсөн хойноо юм сурна гээд явах уу, чи энэ сургуульд оюутан нэр зүүх гэж сурдымуу” гэнээ бас. Тэгэхээр хөөрхий юм хэлэхгүй. Хэхэ. Мань хүн олон нийтийн ажил гэж явж явчаад л шалгалтан дээр надаас хуулах гээд хачиг шиг наалдаастай. Би ч сайн хуулуулдаг, заримдаа амжвал шалгалтын асуултыг нь хариулж өгдөг байсан. Шалгалтны дараа нээх хөөрхөн “Баярласан шүү, би одоо хичээлээ хийнээ” гэнэ. Эхний 2 жил хичээл бараг хийгээгүй дээ, харин дараагийн 2 жил их сайн хичээлээ хийж байгаад сургуулиа төгссөн шүү.

Гол сэдэв рүүгээ оръё. С хааяа анги дээр их сайхан шүлэгтэй дэвтэр авчирна. Заримдаа хичээл дээр тэр дэвтэрнээсээ өөр дэвтэр лүү шүлэг хуулаад суучихна. Би нөгөө дэвтрүүдийг нь үзэх гэж бөөн юм болно. Надад үзүүлэхгүй гээд л сүр болно. Би дэвтрийг гартаа барилгүйгээр, зөвхөн холоос шүлгийг нь уншдаг байлаа шдээ. С миний өмнө дэвтрээ дэлгээд барина, би гар хүрэхгүйгээр шүлгийг нь уншина. Тэгж уншихаар чинь тэр сайхан шүлэгнүүдийг яаж сайхан ойлгож, мэдэрч унших вээ дээ ер нь. Хэхэхэ. Их гоё гоё шүлэг байдаг байсан. С найз нарынхаа шүлгийн дэвтрийг авчраад өөрөө дэвтэр дээрээ хуулдаг байсан юм. Тэгсэн 1 удаа нэг дэвтрээс үнэхээр гоё шүлэг хуулаад байнаа. Тэр үед хичээл тарчихсан манай ангийнхан ангидаа юм хийгээд сууж байсан санагддын. Тэр хуулаад байгаа шүлэг нь үнэхээр гоё шүлэг. “Би чамаас 1 юм гуйя. Ганцхан наад шүлгийг чинь би хуулаад авчихъя” гээд гуйсан чинь “Үгүй болохгүй, би найзаасаа арайх гэж дэвтрийг нь гуйж байхад чинь шүлэг нь чиний дэвтэр дээр байж байвал найз маань уурлана” гэнээ. “Ээ ганцхан шүлэг ш дээ” гээд л “гуйлгачин” царайллаа. “Үгүй, үгүй. Би Монгол хэлээр хэллээ шүү” гээд л сүржигнэж байнаа. “За за боль, боль. Шалгалтан дээр танийг танихгүй шүү би” гээд л дарамталж үзлээ. “Би шалгалтаа өөрөө хийчнээ” гэчжээ нөгөөх чинь. Тэгээд би ч олон юм хэлсэнгүй дуугүй байлаа. Тэгсэн С шүлгээ хуулж дуусчаад, өөрийнхөө дэвтрийг цүнхэндээ хийчээд, “би найзынхаа дэвтрийг өгчөөд ирье” гээд гарлаа шүү ангиас. Гарахдаа азаар цүнхээ орхичлоо. Тэр хооронд миний нүд ажиллаж байгаа гэж жигтэйхэн. Хөөрхий урт гартангуудын нүд бас тэгж ажилладаг байх даа. Хэхэхэ

Тэгсэн надад “дэвтрийг нь гялс цүнхнээс нь аваад орж ирэхээс нь өмнө нөгөө гоё шүлгийг нь хуулчъя” гэсэн “мэргэн” бодол толгойд зурсхийгээд, дэвтрийг цүнхнээс нь авлаа, манай ангийнхан ажиглаж байгаа ч юм алга. Шууд дэвтрийг нь дэлгээд л шүлгээ хуулж эхэллээ. 2, 3-хан мөр хуулж байсан чинь С-ийн дуу коридорт сонсогдоод л ирж байнаа янз нь. Дэвтрийг нь цүнх рүү нь гялс хийх гээд л эргэсэн чинь ороод ирдийм даа ангид. Нөгөө гайтай дэвтрийг нь бариастай, зүрх цээжин дотор “Түг, түг” гээд л аймаар цохиостой, “Яаж энэ дэвтрийг нь цүнх рүү нь хийнээ” гээд бодоостой. Тэгсэн мөртлөө хөдөлж чаддаггүйээ. Хихи. Тэгсэн С миний хажууд ирснээ “Би явлаа. Маргааш уулзъя” гэж хэлээд “Хүүе” гэж хэлэхийн хооронд цүнхээ шүүрч аваад л гараад явчлаа. “Гэм хийсэн хүн гэлбэлздэг”-ийн үлгэрээр би чинь дэвтрийг нь дэлгээд шүлгээ ч хуулж чаддаггүй, ангиасаа гараад явчихаж ч чаддаггүй, хэсэг хугацаанд тэнэг хүн шиг суусан юмдаг. “Буцаад ороод ирэх вий” гэж бодогдоод ёстой эвгүйм байна лээ дээ. Тэгээд би шууд харих нь зөв, хариад сайхан шүлгийг нь хуулъя гэж санаад гэр лүүгээ явлаа. Харьсан хойноо тэр өдөр нөгөө харамлаад байсан шүлгийн дэвтрээс нь 1 ч биш бүр зөндөө олон шүлэг хуулж авлаа. Эхэндээ айж байсан хүн чинь сүүлдээ нэлээн олон шүлэг биччээд боджийнаа, “С ёстой хохь нь шдээ, ганцхан шүлэг зөвшөөрөөд хуулуулсан бол ийм олон шүлгээ надад алдахгүй л байхгүй юу” гэж бодоод нөгөө муу дэвтрээ алдсан С-ийгээ хохироогоод авч байнаа бас. Хэхэ. Тэр шүлэг нь их гоё шүлэг байдын. Даанч надаа одоо алга. Тэр шүлэг бичдэг дэвтрээ Монголд үлдээчихсэн болохоор. Авчирдаг ч байж уу гэж бодоод л сууж байна. “Би уянгат хөгжмийн утас болоод, чиний чихэнд яруу сайхан аялгууг тоглож өгөхсөн” гэсэн утгатай их урт шүлэг байдымаа. Би бас сайн санаж өгдөггүй ээ. Монголдоо очиж байгаад энэ шүлгээ Блог-тоо заавал оруулнаа. Амлая.

За тэгээд хүний дэвтрийг “санамсаргүй” хулгайлж шүлэг бичсэн хүн чинь санаа нь зовоод бараг унтсангүй дээ. ” Муухай юм боллоо, гэхдээ энэ ч яг хулгай ч биш л дээ, зүгээр л ганц шүлэг хуулах гэж байсан чинь С өөрөө шууд яваад өгсөн, би л дэвтрийг нь амжиж цүнх рүү нь хийгээгүй болохоос” гээд хажуугаар нь бас өөрийгөө өмөөрөөд бодчиохсон гэж байгаа. Тэгээд “дэвтрийг нь одоо яаж буцааж өгнөө” гээд бөөн хувилбар бодоод хоносымдаг. Санаж байгаа хувилбар гэвэл “Чи дэвтрээ ширээн дээр орхиод л явсан байна лээ” гэе, эсвэл “Чамайг явсны дараа ангийн хүүхэд надаа авчирч өгсөн” гэе гээд л олон юм бодлоо. Гэвч бүгд л хэн ч үнэмшмээргүй инээдтэй санагдаад санаа зовсоор хонолоо. Өглөө хамгийн түрүүнд ангидаа ирлээ. “За яадын, үнэнээ л хэлчихье” гэж бодоод сууж байтал ангийнхан ч ирлээ. Багш ороод ирлээ. С байдаггүй. Санаа зовлоо. Гэтэл ашгүй С хоцроод ороод ирлээ. “За багшийн хажууд надад юм хэлж, намайг загнахгүй, мэдээж хичээл дууссаны дараа л загнана” гэж бодлоо. С орж ирээд хажууд суулаа. Би чинь С-ээс айгаастай. Тэгсэн аз болж багш бид нарыг 1 нэгээр нь дуудаад асууж эхэллээ шүү. Тэгсэн би боджийнаа “Аанхан, С-ийг асуугдах гээд гарахад нь дэвтрийг нь цүнх рүү нь хийчихье” гэж бодоод зориг орлоо шүү. Гэтэл С жижигхэн цаасан дээр “Дэвтэр гаргаад ир” гээд бичээд надаа өглөө шүү. Би чинь нөгөө үнэнээ хэлнэ гэж бодсон хүн чинь гэнэт айгаад бас ичихчгүй “Юун дэвтэр” гээд л хариу өглөө дөө. Тэгээд л бид 2 хэрүүлийн зурвас бичиж өглөө дөө. Нэг иймэрхүү юм бичсэн санагдаж байна.

С:  Дэвтэр гаргаад ир.

Би: Юун дэвтэр.

С: За дэвтэр гаргаад ир, өчигдрийн миний шүлэгтэй дэвтэр гэрт очсон хойно цүнхэнд алга. Би чамайг авсан гэж мэдэж байна, гаргаад ир.

Би: Би дэвтэр аваагүй. Цүнхэндээ сайн үзсэн юм уу? Чи л үхэн хатаад харамлаад байсан. Замдаа гээгээ биз. Харамласан юм хар нохойны хоол гэж мэдэхүү? гэх мэтээр сайхан хэрүүлийн зурвас бие биен лүүгээ шидэж өглөө. Би аягүй ичдэггүй, хүний юм авчаад ингэж бичээд байхдаа яахав дээ. Одоо бодохоор инээд хүрээд байдын.

Тэгж   байсан чинь надад аз таарлаа шүү. 1 хүн хаалга тогшсоноо “Уучлаарай, багшаа С-ийг хичээлийн эрхлэгч дуудаж байна.” гэдийм даа. Би гэдэг хүн бөөн баяр.Тэр үед хичээлийн эрхлэгчдээ баярласан гэж жигтэйхэн. С гараад явлаа шүү ангиас. Тэгэнгүүт өнөөх дэвтэр аваагүй гээд байсан ичих нүүргүй нөхөр Би гэдэг хүн С-ийн цүнх рүү дэвтрийг нь лав гэгч сайн хийгээд, цахилгааныг нь татчихлаа шүү. С-ийг орж ирэхэд  багшид асуугдах гэж байгаа хүний гэгээн дүртэй би гэдэг хүн хичээлээ уншаад л суулаа. Тэр цагийн хичээл дуусаад багш гарангуут С дэвтрээ надаас ахиад асуулгүй хаачихав. Гэмгүй царайлаад би “Чи цүнхэндээ сайн үзсэн юм уу” гэсэн чинь С ууртай нь аргагүй “Үзсээн үзсэн, хар” гээд л цүнхэн дэх юмаа гаргаж байтал… Өнөөх дэвтэр нь гараад ирэлгүй хаачихав. С бүр гайхаж байна гэж жигтэйхэн. “Ямар сонин юм бэ” гээд л байсан. Хэхэ. Би ичих чгүй “Би чиний энэ дэвтрийг чинь идэх биш, зарах биш, энүүгээр чинь яах вээ дээ” гэчжээ бас. Хэхэ. Бүр сүүлд төгсөлтийн баяр дээр С надаас “Чи тэр дэвтрийг авчихсан байсан тээ?” гээд асууж байнаа. Би “Үгүй” гээд л ахиад гүрийгээд өнгөрсөн. “Тийм” гээд ямар өөрийгөө барьж өгөлтэй биш.

Ингэж 1 шүлгийн дэвтэр хулгайлан аваад шүлэгнүүдийг нь хуулж авч байлаа гэж. Харин далимд нь овоо хэдэн шүлэгтэй болсон юм даг. Дараа тэр шүлэгнүүдээсээ заавал оруулнаа.

Жинхэнэ ХЯМДРАЛ

Хаха. Их сүртэй гарчиг тавьсан. Өчигдөр 1 сарын 2 гээд Япон даяар ХЯМДРАЛ зарлав. Би өглөө эртхэн гараад хотын төв орлоо. Нээрээ амарснаас хойш өчигдөр л өглөө эрт боссон юм байна шүү. Бүх дэлгүүр нь онгойгоод харин ч нэг хямдрал гэдгийг бодитоор нь үзүүлдэг юм байнаа энд. Зөндөө л олон дэлгүүр орлоо. Тэгээд бас зүгээр байсангүй, ганц нэг хувцас, гутал, идэх юм, ирэх жилийн ажлаа төлөвлөн бичиж, хэрэгжүүлж байхаар тэмдэглэлийн дэвтэр ч авлаа. Япончууд дэлгүүрээр 1 байсан. Том том тортой юм барьсан хүмүүс л яваад байна лээ. Үнэхээр бодит хямдрал болдог юм байна. Бас Япончууд дэлгүүрийн бараанаасаа том том цаасан уутанд боогоод амыг нь скочдоод 1 үнэ бичээд зардаг юм байна. Тэр олон тортой юманд нь юу ч байж болох. Аз нь таарвал үнэтэй бараа, эсвэл өөрт хамгийн хэрэгтэй байсан бараа ч байж болох бололтой. Япон хүүхдүүд тэндээс нь аваад задалж үзээд, хөөх минийх ийм юм байна, чинийх ямар байна гээд л шуугилдацгах юм. 1 бодлын гоё ч юм шиг. Үзэлгүйгээр 1 тортой юм аваад сэтгэл догдлоод юу байх бол гэж бодоод нээж үзэх гоё ч юм шиг. Өглөөнөөс орой хүртэл гадуур дэлгүүрээр хэсч амралтынхаа 1 өдрийг өнгөрөөлөө. Монголд ийм бодит хямдрал болдог бол зүгээр санагдсан шүү. Худалдаа эрхэлдэг хүмүүс бараагаа зараад, хүмүүс ч гэсэн жинхэнэ хямдралаар хэрэгтэй юмаа аваад л. Хэхэ Хальт мөрөөдчихлөө. Даанч бодоод байхад манайд жинхэнэ хямдрал болдоггүй шиг санагдаад байх юм. Харин ч баяр дөхөхөөр юмны үнэ нэмэгддэг нь нууц биш. Энэ асуудлыг бас бодож үзмээр л байгаам даа. Жинхэнэ хямдралаар аялсан 1 өдөр маань маш олон сайхан дэлгүүрээр орж, бага зэрэг ядарсан байдалтайгаар өнгөрлөө дөө. 2 зураг бас оруулчлаа.

Дэлгүүр хэсч байгаа хүмүүс

Дэлгүүр хэсч байгаа хүмүүс

Хямдралаа гэж

Хямдарсан дээр нь хэрэгтэй юмаа авчихвал ч ...

 

Амрана гэдэг унталт мөн үү?

За 14 хоног амарна гэсэн биш унталтын мастер болж байна би гэдэг хүн. Өглөө 12 хүртэл унтдаг боллоо. Янз янзын зүүд зүүдлээд л унтаад байхын. Өмнө нь би Монголд ч ингэж аймаар их унтаж байсангүй. Амралтын өдөр их унтлаа гэхэд 10 цагт босчихдог байсан хүн чинь энд юу вэ одоо бол үд хүртэл унтдаг болов. Өрөөндөө ганцаараа болохоор дураараа унтаад л, дуртай үедээ босоод сайхан ч юм шиг. Бас 1 бодлын тэнэг ч юм шиг. Гүйээ одоо тэгээд хийх онцын юмгүй хүн жаахан унтаад авахаас яахав. Угаасаа хичээл оронгуут би гэдэг хүн унтах, идэхээ мартаад хамаг анхаарлаа юм сурахад зориулдаг юм чинь хэдэн хоног ч гэсэн амарч авъя даа. Унтахаас гадна би бас хичээлээ хийж байгаа шүү. Өдөрт өмнө нь үзсэн хичээлээсээ 1 хичээл үзэж, цээжлээгүй байгаа үгээ цээжлээд байгаа. Одоо 2-хон хичээл үлдсэн. Угаасаа 3 хоногийн дараа хичээл орлоо доо. Өглөө эрт босдог болоход 3 хоног үлдлээ. Ккк

2011 оны шив шинэхэн мэнд хүргэе.

2011 оны шинэхэн мэндийг хүргэе.

Ирэх онд хүн бүрийн сэтгэл өөдрөг, ажил үйлс нь бүтэмжтэй, эрүүл энх байж,

Өдөр бүр аз жаргалаар дүүрэн байж,

Хүссэн бүхэн нь сэтгэгчлэн бүтэхийн өлзийтэй ерөөл дэвшүүлье.

Гуниг гэж бүү байг сэтгэлд чинь

Зовлон гэж бүү байг амьдралд чинь

Нулимс гэж бүү байг нүдэнд чинь

Харин зөвхөн,

Аз хийморь, Ариун хайр, амьдралын хамгийн сайн сайхан бүхнээр дүүрэн байг амьдрал чинь.

ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ

Он цагийн тоолол

January 2011
M T W T F S S
« Dec   Feb »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31