Багш маань хаана байна аа?

Япон хэлний эцсийн шалгалтуудаа амжилттай сайн өгчөөд санаа амар хэд хоног сайхан амрав. Амрах хоорондоо нет ухаж, Блогоор хэсэн тэнүүчилж, цөөн хэдэн бичлэг өөрийнхөө Блогтоо оруулан, дэлгүүр хэсч, гадуур алхаж, унтаж, идэж хэд хоногийг барав. Ийм байдлаар хэд хонож байгаад гэнэт ухаан орсон юм шиг “4 сарын 1 хүртэл ингэж амгалан тайван байж болохгүй” гэж бодоод Профессор багш руугаа хэд хэдэн цахим захиа буюу и-мэйл илгээгээд ч, гар утас руу нь залгасан боловч ямар ч хариу авсангүй.

Гар утсандаа хариу өгдөггүй зарим нэг нөхдүүд ер нь гар утас хэрэглэх хэрэг байна уу та минь ээ. \багшийгаа ганцааранг нь хэлэхгүй ээ гэж. Хэхэ\ Яагаад гэвэл манай 1 ах бас гар утсаа ер авдаггүй, үнэн хэцүү шдээ. Хамаг хэрэг явдал болоод өнгөрсөн хойно эргээд залгахыг нь яана. “Хэрэгтэй үед утсаа авахад яадын” гээд л уцаарланаа өөдөөс нь би.Яг хэрэгтэй үед утсаа авахгүй байх үнэн хэцүү шдээ нээрээ.

За тэгээд багшаас ямар ч хариу ирэхгүй болохоор нь сургууль руу явлаа. Очтол багш маань байдаггүй ээ. Семинар, сургалтанд суух гээд 2 хоногоор Токио явсан байна. 1 их албатай ч юм шиг зорьж оччоод, уур ч хүрэх шиг, дургүй ч хүрэх шиг. 4 сарын 1-д хичээл орохын хооронд ингэж идэвх зүтгэл гаргаж явдаг миний илүү зан ч юм шиг. Гэхдээ одоо ахиад 1 сар гаран зүгээр суухаар багшаасаа даалгавар аваад хийж байдымуу л гэж бодсымаа. Японоор унших материал өгвөл өдөрт хийж байя гэж бодсон юм. 4 сарын 1-д Япон хэл хальт сурсан, цөөхөн хэдэн ханз мэдэх нөхөр очоод заасан юмыг нь ойлгохгүй ангайх юм болов уу гэж бодоод л өөрийгөө ухаандаа дараагийн хичээлийн жилд бага ч гэсэн бэлдэе л гэж бодсын. Тэгсэн дэмий л очсон болж таарлаа. Тэгэхээр нь сургалтын албаны ажилтан бүсгүйд учир явдлаа хэлж хэлж, и-мэйл хаягаа үлдээгээд, багшид миний тухай хэлээд, надад и-мэйл илгээгээрэй гээд гуйж гуйж ирлээ.

Уг нь ч би заавал очих албагүй л дээ. Илүү л зан гаргаж явахгүй юу даа. Одоо и-мэйлээ шалгаад л суугаад байхаас даа. Манай багш гэж үнэн завгүй, асар их ажилтай, их ч чадвартай багш байдаг юм шиг байна лээ. Би 12 сард утсаар яриж байгаад очиж уулзсан юм. Зүгээр амарч байгаад очих цагт оччиж чадахгүй миний энэ хэнхэг зан уу. Хэхэ

Багш минь та хаана явна вэ, хариу өгч тус болно уу гэж залбираад байж байхаас даа.

 

 

Advertisements

Эцэг эх байх эрхийг нь хасмаар юм…

More

Эх хэлээ хэвээр нь хадгалж үлдэх юмсан 1.

Өнөөдөр манай ангийн Бангладеш залуу бид 2 энд байдаг Бангладеш айлд зочлов. Бангладеш хоолоор дайлуулж жаал юм ярьж суув.

Өнөөдөр буюу 2 сарын 21-ний өдөр Бангладешийн ХЭЛНИЙ БАЯР-ын өдөр гэнэ. Өнөөдөр улс даяараа амарч, Бангладеш хэлээр ярьж, дуулж баярладаг гэнэ. 1971 оноос өмнө Бангладеш, Пакистан 2 улс нэгдмэл байсан бөгөөд энэ үед Пакистанчууд төрийг нь удирддаг байсан гэнэ. Энэ үед Бангладеш хүмүүсийг Бангладеш хэлээр ярихыг хориглодог байсан гэнэ. Харин үүний эсрэг буюу Бангладеш хэлээ аврахын тулд, мөн тусгаар тогтнолынхоо төлөө маш олон хүмүүс тэмцэж, хэдэн мянган хүн амиа золиосолж байсан гэнэ. 1971 онд Бангладеш улс Пакистан улсаас тусгаар тогтнож, өөрийнхөө хэлээр ярих бүрэн эрхтэй болсон ба 2 сарын 21-ний өдрийг ЭХ ХЭЛНИЙ БАЯР болгон тэмдэглэдэг гэнээ. Өнөөдөр Бангладеш хүмүүс цуглаж баяр тэмдэглэх үед би очиж таараад. Сайндаа ч биш л дээ. Манай ангийн Бангладеш залуу бид 2 Япон толь бичиг авах гээд тэрний таньдаг 1 Бангладеш оюутан бүсгүйгээс “Ямар толь бичиг сайн бэ?” гэж асуухаар очсон юм. Тэгээд тэнд жаал саатаад. ЭХ ХЭЛНИЙ БАЯР тэмдэглээд чин сэтгэлээсээ баярлаж байгаа хүмүүсийг харж хамт баясаад. Хэхэ. Үнэхээр сонирхолтой сайхан байлаа.

Тэгээд үүнээс 1 зүйл ургуулан бодов. Сайхан Монгол хэл маань хэл биш болоод сүүлийн үед их мартагдах болоод байгаа шүү гэж бодлоо. Зурагтаар ярьж байгаа алдар нэртэй хүмүүс, төр засгийн хүмүүс яриан дундаа гадаад үг хэрэглээд байдаг нь надад таалагддаггүй. Тэд гадаад хэлийг сурсан байж болно, гадаад хэл мэддэг байж болно, гэхдээ Монгол хэлээрээ эмх цэгцтэй сайхан ярьж болноо доо. Тэр гадаад үгнүүдийг чинь хөгшин хүмүүс, гадаад хэл мэддэггүй хүмүүс, хүүхдүүд ойлгохгүй байгаа гэдгийг мэддэг байх хэрэгтэй юм шиг санагдаад байдын. За яахав мань мэтийн гадаад хэлийг хальт сурч, мэдэх гэж оролдож байгаа хүмүүс ойлгоно л доо. Гэхдээ нийт хүмүүсийн лав 80 хувь нь ойлгохгүй гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна.

Монгол хэл минь харийн хэлтэй холилдож ойлгоход бэрх болоод байгаа гэдэг хатуу үнэн шүү. Энэ талаар хошин шог ч байдаг шүү дээ. Бид нар л өөрсдөө хэлээ аврахгүй бол өөр хэн аврах, эх хэлнийхээ талаар санаа зовох билээ. Монгол хэл судлаач, Монгол хэлний чиглэлийн мэргэжилтнүүд энэ талаар анхаарах хэрэгтэй. Бид ч бас өөрсдөө ор бүрнээ анхааран эх хэлээ бүрэн бүтэн авч үлдэх, хэрэглэх, өвлүүлэх талаар хичээх хэрэгтэй юм шиг санагдлаа.

Чихний чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл
Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ

Аялгуут сайхан Монгол хэл минь мөнхөд орших болтугай.

Багшаа баярлалаа.

Хаврын амралт эхлээд 7 хонож байна. Шалгалтуудаа амжилттай сайн өгөөд амарч байна. Өнгөрсөн Баасан гаригт буюу 2011 оны 2 сарын 11-д манай ангийнхан Солонгос багшийндаа очиж хоол идэв. Багш маань бид нарыг гэртээ урьсан юм. Манай ангийн 8 оюутныг авахын тулд найзтайгаа хамт 2 машинтай ирсэн байна лээ. Багшийнх 2 хүүтэй, 1 нь ахлах сургуулийн сурагч, нөгөө хүү нь дунд сургуулийн 6-р ангид сурдаг юм байна. 2 хүү нь их царайлаг, Япон хэлээр маш сайн ярьдаг юм байна лээ. Багш маань 4 жилийн өмнө эхнэрээсээ салсан гэнэ. Ийм сайхан бас сайн хүнээс салдаг эхнэр байдагаа гэж манай хэд сүүлд нь яриад амжсан шүү. Хэхэ

Бид гэрт нь очоод эхлээд Япон хоол “Суши” идэв. Дараа нь гахайн махаар хийсэн Солонгос хоол идэв. Бас хажуугаар нь шар айраг уугаад. Багш бидэнд маш сайхан зүйл ярьж өгсөн.

“Та нар Япон хэл сайн сурч байгаа. Одоо 4 сарын 1-ээс үндсэн хичээлдээ ороод судалгааны ажлаа хийхдээ Япон хэлээ улам сайн сураарай. Маш их зүйл унш, маш их зүйл сонирхон судал. Хичээл хийж байхдаа, ажил хийж байхдаа ч сонирхолтойгоор хийх хэрэгтэй. Тэгвэл та нар тухайн зүйлээ маш сайн сурч, мэднэ. Та нарыг гадаад оюутан гээд багш нар чинь Болж байна, сайн байна л гэж хэлнэ. Гэхдээ тэр үгэнд тайвширч болохгүй. Хамгийн гол нь бүр илүү сайн сурч, Япон оюутнуудын дээр гарахаар сайн сур. Тэгж байж л та нарын Япон улсад сурч байгаагын утга учир оршино” гээд л их сайхан зүйл ярьсан. Бид маш их баярласан. Бид нар багштайгаа биш харин яг л ахтайгаа, дотны хүнтэйгээ ярьж байгаам шиг санагдсан.

Бас багш маань Монгол сумочдын тухай, Асашёорюү аварга, Хакухо аварга болон Харумафүжигийн тухай ярьж, энэ хүмүүсээр бахархдаг гэж ярьсан. Монголчуудын нэрийг Японд өндөрт өргөн Монгол гэдэг улс байдгыг, Монгол хүн гэж хэр хүчирхэг, чадалтай болохыг энэ хөгжингүй том улсад таниулж өгсөн Монгол сумоч нартаа баярлаж, бас бахархаж л суулаа миний өчүүхэн бие.

Бас багш маань бидэнд 1 ном үзүүлс эн. Багш маань Солонгос хүн мөртлөө Япон хэлний Дуудлагын талаар ном бичсэн байх юм. Монбушо буюу Японы Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны Яамнаас ивээн тэтгээд энэ номыг хэвлүүлсэн гэнэ. Ямар мундаг юм бэ. Багшаараа их бахархаж бас их баярлалаа. Бид Япон хэлийг маш сайн сурч, судалгааны ажлаа сайн хийнээ багшаа.

Ногоон уу? Хөх үү?

Саяхан манай ангид болсон хөгжилтэй явдлыг бичмээр санагдаад. Сая манай ангид ханзны хичээл дээр гэрлэн дохио болон өнгөнүүдийн ханз үзээд. Тэгсэн Япончууд гэрлэн дохионы ногоон өнгийг Хөх өнгө гэж ярьдаг гэнээ. Тэгээд гэрлэн дохионы ногоон өнгийг ногоон биш хөх, цэнхэр өнгө гэж ярьдаг гэнэ. Нээрээ л гэрлэн дохион дээр ногоон өнгийн гэрэл асахаар Ногоон биш харин “Хөх өнгө” гэж хэлээд байдаг юм. Үүнийг багш тайлбарласан чинь манай ангийнхан “Яагаад ногоон өнгийг хөх гэдэг юм?” гэж асуугаад багш маань “Дээр үед уулыг холоос харахад ногоон биш хөх өнгөтэй харагддаг байсан болохоор хөх уул гэж ярьдаг, тэгээд л хөх ногоон 2 өнгийг бараг ижил гэж үздэг” гэж тайлбарлав. Харин манай ангийнхан “Ямар тэнэг юм бэ. Ногоон өнгийг хөх гээд байхдаа яахав дээ. Уул ногоон л харагдана шүү дээ” гээд хоорондоо маргаад.

Тэгсэн харин надад энэ нь сонин санагддаггүй ээ. Яагаад гэхээр Монголд ч гэсэн хол байгаа уулыг харахад хөх л харагддаг шдээ. Монгол ардын дуунд ч гэсэн хөх, цэнхэр уул гэж гардаг шүү дээ. Жишээ нь, “Хөхрөөд байгаа уулын альхан талд нь яваа бол доо чи минь”, эсвэл

“Цэнхэрлэн харагдах уул нь ээ хө

Цэцэг жимстэй уул юмаа хө” гэж дуулдаг шүү дээ.

Тэрийг санаад би Монголд ч гэсэн цэнхэрлэн харагдах уул гэж ярьдаг юм, холоос хөх, цэнхэр өнгөтэй харагддаг юм, энэ тухай дуу ч бий гээд хэлчихсэн чинь маргааныг бүр хурцатгаад. Багш бид 2 нэг тал болоод бусад нь 1 тал болоод. Тэгсэн Оман улсаас ирсэн манай ангийн хүү “Уул чинь шар харагддын” гэж хэлээд бид нар бүүр савж унатлаа инээлдэв. Яагаад тэгж хэлсэн гэхээр элсэн уул шар харагддаг гэнэ. Нээрээ л элсэн уул шар харагдах нь зөв шүү дээ. Тэгээд хичээлийн дараа маргаанаа таслахаар боллоо. Би та нарт хөх өнгөтэй уулын зураг нетээс олж үзүүлнэ гээд. Бид нар компьютерийн өрөө ороод би хөх өнгөтэй уулны зураг үзүүлж байж тэд нар сая нэг уул хөхөрч харагддаг гэдэгт итгэдэг байна шдээ. Хэхэ. Үнэн хөгжилтэй. Тэгсэн маргааш нь манай багш алсаас авсан хөх өнгөтэй уулын зурагтай ил захидал авчирч үзүүлээд. Ингэж багш бид 2 яллаа шдээ. Тэгж зураг л үзүүлэхгүй бол манай ангийнхан уул ногоон л байх ёстой гээд тас гүрийгээд байх нөхдүүд байна лээ. Нээрээ л уулыг холоос харж байгаагүй хүмүүс тэгж бодохоос яахав дээ. Зах хязгааргүй юм шиг өргөн, уужим Монгол оронд төрснөөрөө бахархаж байлаа. Манай улс сайхан шүү. Уулын орой дээр гараад л алсыг харахад уужим амьсгаа аваад л бас л сайхан нутаг шүү эх орон минь. Ийм сайхан эх орноороо бахархахгүй байхын аргагүй. Энэ уул усны үр сад болж төрсөн бид азтай.

Ингээд маргааныг минь тасалсан хэдэн уулынхаа зургийг оруулчихъя даа. Хараад байгаарай. Ногоон байна уу, хөх байна уу. Би л лав хөхрөн харагдах уул гэж хэлнэ ээ.

Хөхрөн харагдаад л байгаам даа

Уул ус нь тэгширсэн ийм сайхан эх орноороо бахархах юм даа.

Эх орон минь сайхан шүү.

Он цагийн тоолол

February 2011
M T W T F S S
« Jan   Mar »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28