Байгалийн гамшиг гэдэг бол үнэхээр ГАМШИГ л юм байна 1…

Япон улсад газар хөдөлж, цунами болов. Үнэхээр харамсмаар.

Байгалийн гамшиг гэж юу байдгыг биеэрээ амсаад л ирлээ шдээ базарваань. Манайхан газар хөдлөлт гээд л яриад байдаг, тэр чинь үнэхээр хүсэх юм биш байна лээ. Бүү үзэгд. Эх орондоо ирсэн сайхан байна. Сэтгэл санаа гайгүй болж өнөөдрөөс блогтоо шинэ бичлэг нэмж байна. Япончуудаар үнэхээр бахархлаа. Одоо Японы ард түмэнд яаж туслах вэ гэсэн бодол л эргэлдэж байна.

Тэнд юу болсон, юу үзсэн, Япончуудын тухай юу бодож, яагаад тэднээр бахархах болсон тухайгаа бичээд байнаа.

Хэд хоног Блогтоо орох завгүй, яаж амьд гарах тухай бодсоор, тэмцсээр, эх орондоо харих гэсээр байтал 10 гаруй хонож. Энэ хооронд намайг асууж сурагласан, эрүүл энх байгааг минь асууж олон хүн блогт минь орж иржээ, сэтгэгдлээ ч үлдээж. Баярлалаа бүгдэд нь. ҮНЭХЭЭР БАЯРЛАЛАА

Одоо блогтоо шинэ бичлэг нэмээд байна аа. Юу болсноо бичээд байя даа.

Ямартаа ч би эрүүл энх шүү.

Advertisements

Икебана буюу Цэцэг амьдруулах урлагт гар бие оролцоод ирлээ.

Өнөөдөр Японы Икебана буюу Цэцэг амьдруулах урлагт гар бие оролцоод ирлээ. Икебанагийн тухай гол мэдээллийг Алтантуяа багшийн энэ Блогоос уншчихаарай. Их дэлгэрэнгүй мэдээлэл байна лээ.

Урьд өмнө нь зураг хөргийг нь харж байсан болохоос биш яг өөрөө хийж байсангүй. Харин өөрөө хийгээд үзэхээр их сайхан санагдсан. Нийт 20 гаруй оюутан оролцсон. Танидгаас манай ангийн Гуана оюутан бид 2, бас нэг Монгол оюутан байлаа.

Вааран саван дотор гурвалжин хэлбэртэй өргөстэй төмөр тавиад, ус хийгээд тэр төмрөн дээрээ цэцгээ 1, 1-ээр нь хатгаж суурилуулдаг юм байна. Үнэн сэтгэл шингэдэг юм байна. Яагаад гэхээр цэцгээ бусдаас гоё харагдуулах гэж хичээж, тал талаас нь хараад хийдэг юм байна лээ. Үнэхээр л урлаг юм байна. Хэн нь хамгийн гоё хийж үү гээд л дараа нь хараад байна лээ багш нар. Гэхдээ “Бүгд гоё болж” гэсэн. Хийсэн Икебанагийнхаа зургийг орууллаа.

Самбар дээр зургийг нь зураад, үзүүлэн үзүүлээд л зааж байна лээ.

Икебана хийж байгаа байдал

Миний УРАН БҮТЭЭЛ. Гоё байгаа биз дээ.

Ангийнхаа охины уран бүтээлийг бас оруулчихъя

Икебана их олон төрөл байдаг бөгөөд маш олон төрлийн, өнгө өнгийн цэцэг ашигладаг гэнэ. Бид нар Сарнай болон Алтанзул цэцэг (Tulip) ашигласан. 3 багш яаж хийх талаар зааж өгөн бид нар өөрсдөө зааврын дагуу хийсэн. Дараа нь хийсэн зүйлээ харахад сэтгэл хөдөлж байна лээ шүү. Энэ үйл ажиллагааны дараа цэцгүүдээ сугалаад сонинд боогоод бид нарт өгсөн. Гэртээ ороод усанд хийгээрэй. Хэд хоноод үрслэнэ, үрслэхээр нь саванд суулгаарай гэсэн. Би ч цэцгээ авчраад усанд хийчихсээн. Ургах байгаа даа цэцэг минь. Цэцэг гэснээс би Монголд байхдаа гэртээ маш олон цэцэг тарьдаг байсан. Гэрийн эзэд нь байхгүй хэдэн цэцэг минь яаж байгаа бол гэж бодоод амжсан шүү. Кккк Эмэгтэйчүүдийн баяр болох гэж байхад өрөөндөө цэцэг тавьчихсан сэтгэл өег сууж байна дөө.

ЭНЭ ДАШРАМД БҮХ ЭМЭГТЭЙЧҮҮД, ЭЭЖҮҮД, БҮСГҮЙЧҮҮД, ОХИДДОО ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ. Ажил үйлс, амьдрал тань цэцэг шиг дэлгэрч байх болтугай.

Караокед орсоон…

Ангийнхантайгаа караокед оров шүү. Японы караоке үнэхээр цэвэрхэн, гял цал болсон сайхан байдым байна. Караокед орохоосоо өмнө хоолонд орж, Япон хоол идсэн нээрээ. Хоолныхоо нэрийг тухайн үедээ цээжлээд л байсан. Одоо бол юу ч санахгүй байна. Ангиараа караокед ороод дуулах гэтэл Япон дуу мэддэг нэг хүн ч байсангүй. Тэгсэн мөртлөө Япон дуу дуулах гэж оролдов. Хэхэ. Манай Португал охин 2, 3 Япон дууг сайхан дуулсан. Бусад нь Англи дуу дуулсан. Гэхдээ би бас дуу сайн мэдэхгүй байсан тул ганц 1 л дуу дуулсан. Бүгд дуу мэдэхгүй болохоор сайхан хашгиралдаад л их хөгжилтэй байсан. Сүүлдээ бид нар Японд олон орны дуутай караоке байвал зүгээр юм, ер нь тийм караоке байгуул гэж хэлнээ гээд л тарцгаалаа. Хэндээ ч хэлэх юм, хэн нь ч байгуулах юм бүү мэд. Ккк

Дуулж чадахгүйм байж дараа дахиад караокед орно гэсэн шүү бас. Хэдэн Япон, Англи дуу сурдаг юм билүү, яадым билээ. Хэхэ

Уржигдар бид 2 …

Уржигдар буюу 2011 оны 2 сарын 28-ны орой нөхөр бид 2 гэртээ сайхан хоол идэнгээ баахан буу халав. Бага насныхаа тухай дурсан ярилцав. Ээж аав, эмээ өвөө минь тэгдэг байлаа, би багадаа ийм хүүхэд байлаа гээд л. Дурсамж гэдэг сайхан шүү. Ингэж ярьж суухад үнэхээр сайхан байлаа. Бид 2 үе үе ингэж юм ярьж суудаг юм.

Ханийн маань ээж нь их удаан хугацаанд өвдөж байгаад өнгөрсөн юм байна лээ. Ээж нь аймагт 2 сар гаран эмнэлэгт хэвтэж байхад хань маань дүүтэйгээ хамт өдөр бүр ихээ аргал түүж, түлэх түлээгээ бэлддэг байж. Тэгээд дүүдээ “Энэ аргалыг ийм өндөр болохоор ээж маань эрүүл болоод ирнэ” гэж хэлдэг байсан гэнэ. Нээх өрөвдмөөр. Тэгээд маш их түлш бэлдсэний дараа нь ээж нь ирсэн гэнэ. Гэхдээ эрүүл болж чадаагүй байсан гэнэ лээ. Тэгээд манай хүн ээжийгээ асардаг, дөнгөж 5-р ангийн хүүхэд байж ээжийгээ тарьдаг, асардаг, эмчилдэг, хоол ундыг нь хийж өгдөг байсан гэнэ. Ханийгаа өрөвдөөд, бас хайр хүрсэн шүү.

Миний хань гэж их өрөвч сэтгэлтэй, ажилсаг, тусч их сайн хүн бий. Заримдаа би ажил ихтэй байгаад сургууль дээрээ суугаад, ажлаасаа оройтоод ирэхэд хоолоо хийчихсэн сууж байна. “Хөгшөөн хоолоо ид” гэнэ. “Би хөгшин бишээ, яасан муухайн” гээд л би эрхэлдийн. Үе үе хувцсаа угаана, гэрийн ажилд тусална. Бууз, хуушуур 2-т их дуртай, өөрөө их ч гоё хийнэ. Архи бараг уухгүй, хааяа 1 баяр ёслолоор л ууна, гэхдээ хэтрүүлэхгүй. Нөхөр нь гэрийн ажилд туслаад байхаар эмэгтэй хүн улам л баярлаад, гэр орноо улам л сайхан байлгах гэж хичээдэг юм байна лээ. Ажил дээрээ оройтоод, ядраад ирэхэд “Хаачив, ийчив” гэхгүй харин ч бүр хоол хийчихсэн байж байхаар ямар сайхан байдаг гээч. Өөрийн эрхгүй хайр хүрээд л явчина шүү дээ. Харин Японд ирснээс хойш би хичээлээ тарчаад л эрт ирээд, оройтохгүй байгаа болохоор би  эртхэн амттай хоол хийж өгч байгаа. Ээжийгээ тарьдаг байсан болохоор тариа их сайн хийнэ. Би Монголд байхдаа 1 өвдөөд, тариулах шаардлагатай болоход намайг тарьсан юмдаг. Их зөөлөн гартай, зөөлөн бараг өвтгөхгүй тарина.Яг сувилагч шиг зүүгээ шидэж байгаад л тарина.

Харин би тариаг ёстой хийж чадахгүй. Манай аав, ээж 2 тариа хийчдэг болохоор би тариа яаж хийдгийг ч мэдэхгүй. Тэгсэн манай хүн 1 удаа бас өвдөөд. Би тарих боловоо. Ханиараа баахан заалгаж, заалгаж тарив аа. Би тарианы зүүг юун шидэж зоох манатай, хатгаж чадаж байвал их юм байгаам чинь. Тэгээд л тарьлаа. Манай хүн “Зүүгээ яаж хатгаад байгаам бэ, хаваад байгаамуу” гээд л би сандраад л. Зүүг хаваад байхдаа яахав дээ, ямар юм оёж байгаа биш. Хэхэ Гэхдээ тарьчихсан шүү.  Ингэсээр байгаад тариаг нь ямар ч байсан дуусгасан л юм даа би. Хэхэ

Бид 2 уржигдар зөндөө их юм ярьсан. Яриад л байсан. Хааяа 1 ханьтайгаа буу халах ч сайхан шүү.

Японы Караокед орох боломж…

Манай ангийнхан амарч байгаа болохоор маргааш уулзангаа караокедаж, хоол иднэ гэнээ. Яанаа одоо. Нөгөө дуулж чаддаггүй хүн чинь баларсаан. Энд ямар Монгол дуу гэж байх биш. Япон дуу мэдэхгүй, Англи дуу ч олигтой мэдэхгүй хүн яанаа одоо.Хэхэ

Гэхдээ Японы караокед орж үзэх боломж олдож байгаа дээр орноо. Ангийнхантайгаа бужигнаж байгаад ирэхээс. Японы караоке ямар байдаг болоо ??

Ээждээ захидал бичив.

Өчигдөр ээждээ нэлээн урт захидал бичин, Ил захидлын хамт шуудангаар илгээв. Интернетийн буянаар бараг 7 хоног бүр ээжтэйгээ ярьж байгаа ч гэсэн ээждээ захидал бичив. Би угаасаа захидал бичих дуртай хүн. Сайхан захиа бичээд, дугтуйнд хийж, марк наан илгээх тэр мөчүүдэд ямар их сэтгэл догдолдог гээч. Миний бичсэн захиа хайртай хүмүүст минь тэр тусмаа ээжид минь очно гэхээр маш сайхан байдаг юм. 7 хоноод захидал минь Монголд очдог учраас төлөвлөж байгаад 3 сарын 1-д илгээлээ.

Захидал бичих сайхаан. Сонин сайханаа дурдаж, сэтгэл зүрхэндээ байгаа бүхнээ дэлгэн бичих их сайхан байдаг юм.

Би ээждээ захидал бичлээ. Жил болгон таньдаа захидал бичих боломжийг олгон та наддаа, үр хүүхэд бидэндээ урт насалж хайрлаарай ээжээ. БИ ТАНЬДАА ХАЙРТАЙ.

Хайртай ээждээ болон энэ хорвоогийн бүх ээжүүдэд удахгүй болох ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ, ЭНЭ ХОРВООГИЙН  ХАМГИЙН САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ.

Он цагийн тоолол

March 2011
M T W T F S S
« Feb   Apr »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031