Газар хөдлөлтөө гэж 3…

2 дахь шөнө эхний шөнийг бодвол арай хурдан өнгөрсөн санагдаж байна. Гэрийнхэнтэйгээ холбоо барьсан болоод ч тэр үү, эсвэл нөхцөл байдал арай тайван болсон шиг санагдсан уу тэр шөнө арай тайван өнгөрсөн. Гэхдээ л шөнөжин унтаагүй гэхэд бараг болно. Байсхийгээд л газар хөдлөөд байсан. Бас л аймаар шүү. Үүр цаймагц нэг их хийх ажилтай хүмүүс шиг хоргодох байрнаасаа гарцгаасан. Нээрээ гарахаасаа өмнө өглөө бүр тарааж өгөөд байсан шинэ мэдээтэй Япон сонинг уншсан. Уншсан ч гэж дээ бүрэн ойлгохгүй хүмүүс чинь баахан зургийг үзээд л “Энийг хараа, ямар аймаар юм бэ” энээ тэрээ гээд л баахан шуугицгаасан даа. Тэгээд хоргодох байрнаасаа гадаа жаал зогсож байгаад нөгөө өмнөх өдөр нь хоол хийж идсэн газраа очиж, жаахан цай чанаж уун, байгаа юмаараа хоол хийцгээв. Хоолоо идээд байж байтал оюутнууд манай оюутны байрны таксфон луу цуваад байхаар нь бид очтол манай байрны таксфоныг гадаад руу үнэгүй яриулдаг болгосон байв. Япончууд бас л мундаг шүү. Бөөн баяр болж 2, 3 цаг дугаарлан байж сая гэрийнхэн лүүгээ өөрийн дуу хоолойгоороо ярьж санааг нь дахин амраав. Бид нарын ч санаа амрав. Санаа амрахаас гадна түгшүүртэй мэдээ сонссон. Тэр нь юу вэ гэхээр манай хотод цунами болоод байгаа тухай мэдээ байв. Монголчууд энэ тухай бүгд мэдээд айж сандарч байхад бид нар, яг газар дээр нь байгаа хүмүүс мэдээ ч үгүй байж байдаг. Хэхэхэ. 1 бодлын аймаар ч юм шиг, нэг бодлын инээдтэй ч юм шиг. Аргагүй шүү дээ, тог, утас, газ бүх юм нь байхгүй хүмүүс чинь ганц нэг сонин харж л тэр хэмжээний мэдээлэлтэй байгаам чинь. Цунами болж байгаа тэр нь хамаг юм хуу хамаад байгаа, цагт 800 км-ийн хурдтай гээд л аймшгийн мэдээ сонссон хүмүүс тэр өдрийг үнэн түгшүүртэй өнгөрөөсөн. “Ингээд байж байтал өнөөх цунами нь ороод ирэх вий, ЭСЯ-наас биднийг хурдан аваасай” гэж бодож байсан шүү үнэндээ. Тэр өдөр буюу 3 сарын 13-ны Бүтэн сайн өдөр дэлгүүрүүд онгорхой байсан боловч лангуу нь хов хоосон байсан. Бас бензин колонк дээр 1 машинд 10 литр бензин л өгнө гээд тэр хавьдаа маш их оочертой байсан. Бидэнд Монголоос “Та нар бөөнөөрөө байж бай, Монголын ЭСЯ-наас та нарыг татаж авна” гэсэн мэдээ ирсэн тул хаашаа ч явж болохгүй байлаа. Зарим нэг Монголчууд машинаараа Токио явцгаасан. Өмнөх өдөр нь “Монголын ЭСЯ-наас нисдэг тэрэг явуулна бөөнөөрөө бай” гэсэн яриа гараад бид баахан бөөгнөрч цуглаж, “нисдэг тэрэг ирэхээр гал асааж мэдэгдэнэ” гээд мод цуглуулж, бөөгнүүлж тавин хэрэндээ л хөөрхөн үймээнтэй өнжсөн. Харин бүтэн сайн өдөр шийдтэй хариу ирж, “ЭСЯ-наас 2 автобус Ямагата хотод ирнэ, ямар нэгэн аргаар энэ хотод бөөнөөрөө хүрээд ир” гэсэн баттай мэдээ сонсов. Тэгээд л маргааш нь явах хүмүүс чинь бичиг баримт, хувцас хунар гээд явах юмаа янзалж өнжсөн. Өдөр 4 цагийн үед цахилгаан ирсэн боловч манай байрны хажууд байдаг сургуульд гал гарч бас биднийг сандаргаад авсан. Харин Японы гал хамгаалахынхан маш хурдан ирж түргэн хугацаанд унтраасан. Цахилгаан ирсэн тул бид орой зурагт үзээд бараг ухаан алдаж унах дөхөв. Ээ бүү үзэгд, үй олон байшин, машинууд яг л шүдэнзний хайрцаг шиг хөвөөд л, хав хар ус засмал зам руу урсаад л замдаа таарсан болгоныг хамаад л аймаар юм гарч байв. Үүнийг үзээд бид үнэхээр айсан. Ядаж байхад Монголоос хүмүүс залгаад “Хаашаа ч явж болохгүй бөөнөөрөө байгаарай, ахиж цунами түрнэ гэж байна” гээд байсныг хэлэх үү бид 3 дахь шөнийг үнэхээр их айж, бараг л унталгүй арайх гэж үүр цайлгаж аваад хотын төв рүү бөөнөөрөө явсан. Тэнд очоод бас л бараг 2 цаг очерлон байж Ямагата явах автобусанд суусан. Ямагатай явах автобусны очер маш их урт болсон байсан. Япончууд өөрсдөө явцгааж байсан. Бодвол өөр хот руу төрөл садангийндаа түр хэд хонох гэж байсан байх. Ямагата явах замдаа айж л явлаа. Замд таарсан далайн булан тохой нов ногоон болсон, моднууд бөөн бөөнөөрөө 1 тийшээгээ хиараад унасан байсан. Ганц нэг байшин нураад унасан харагдаж байна лээ. Харин Ямагата хотод ирэхэд тэнд амьдрал буцалж байсан. Ямагатад бүх дэлгүүрүүд, хоолны газрууд нь ажиллаж байсан. ЭСЯ-ны ажилтан (зөвшөөрөлгүй нэрийг нь бичсэнгүй) ирж бидний нэрсийг бүртгэж аван, МИАТ руу нэрсийн жагсаалтыг өгсөн. Бид тэндээ жаахан юм олж идээд, араасаа ирсэн бусад Монголчуудтайгаа нийлээд Монголын ЭСЯ-ны буянаар Нарита руу автобусаар шууд явсан. Нарита дээр үүр цайж байхад ирээд, бас зарим хэд маань Олон удаагийн визээ даруулах гээд Токио явж зарим нь үлдсэн. Үдээс хойш онгоц нисэх болж бид нарыг хамгийн эхэнд очер дайруулан суулгасан даа. Тэнд нутаг буцах гэсэн Монголчууд үнэхээр олон байсан. Маш их үймээн гаргаж хоорондоо маргаан үүсгэж байсан. Харин бид нар гэж тэднийг анзаарах ч сөхөөгүй, үнэн ядарсан, нүд нь улаанаар эргэсэн, нойр нь хүрсэн, толгой дүүрсэн, өлссөн гэдэг нь жигтэйхэн хүмүүс л олны дунд онцгойрон ялгараад л зогсож байсан. Нарита дээр очоод цүнхээ уудлаад нөгөө 2 цаг очерлон байж авсан бэлэн идэх юмаа гарган, хувааж идсэн. Бүгд өлссөн байсан тул байгаа хүнсний зүйлээ тухайлбал пичень, самар зэргийг дамжуулаад л нэг нэгээр нь аваад идээд байсан. Усаа дамжуулж уугаад л. Хэхэ. “Хөндлөнгийн хүн хараад инээд нь хүрч л байсан байх даа” гэж ирсэн хойноо бодоод ичээд авсан шүү. Тэр үед бол юун тэгж бодох манатай. Гэртээ яаж харих билээ гэж бодсон хүмүүс байгаам чинь. Бид үнэхээр ядарсан байсан. Гадаа хоол хийж идэн ходоодоо борлуулаагүй бол бид нар өлсөхөөр байсан. Хааяа нэг дуг хийж байсныг эс тооцвол 3 хоног нойргүй шахам байсан, өдөрт бараг ус уухгүй нэг юм уу 2 аяга хоол идэж байсан хүмүүс ядрахаас ч яахав. Тэгээд л Монголын ЭСЯ, МИАТ-ын БУЯН-аар очер дайран “Сендайгийн хүмүүс” буюу “Гамшигт өртсөн бүсийн хүмүүс” онгоцонд сууж аван эх орныхоо зүг ниссэн. Бидний эцэг эх, ар гэрийнхэн Монголд бөөн шуугиан гаргасан гэсэн. Тэд ингээгүй бол бид бас ийм хурдан хугацаанд явж чадахгүй байсан бизээ. Бидний төлөө санаа зовж, хэл ам хийж байсан бүх хүмүүст баярласнаа илэрхийлж байна.

Би удахгүй БӨӨН БИЧЛЭГ хийнэ ээ

Блогтоо оролгүй их уджээ. Эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгээд, гадуур яваад, ганц 1 ажил хөөцөлдөөд их удлаа. Маргаашнаас эхлээд олон бичлэг бөөндөх гэж байгаагаа хэлмээр санагдаад. Гэртээ РС дээрээ бичлэг бичээд байгаа. Удахгүй оруулнаа. Блогоороо хальт шагайсных яаж зүгээр байхав, 5 өгүүлбэртэй ганц бичлэг хийчлээ.

Газар хөдлөлтөө гэж 2

Бүрэнхий, бараг юм харагдахгүй болсон үед дэлгүүрт ортол дэлгүүрийн бүх барааг газраар 1 тараагаад шидсэн байв. Дэлгүүрт байгаа хүмүүс газар дээрээс хэрэгтэй бараагаа сагсандаа түүж хийгээд 2 эгнээгээр дугаарлан мөнгөө төлж байсан. Хаалганы хажууд ямар ч хамгаалагч байхгүй байхад шударгаар мөнгөө төлж байгаа нь үнэхээр бахархмаар санагдсан. Бид 2 ч жаахан юм худалдан аваад гарлаа. Үнэндээ дэлгүүрийн ихэнх бараа нь дууссан байсан.   Ингээд хоргодох байрандаа очиж, авчирсан юмаасаа идээд тэндээ хонохоор болов. Японд эрт орой болдгийг хэлэх үү, бараг 7 гэхэд хав харанхуй болсон. Гадаа зөөврийн жорлон тавьж, бас бид нарт далайн байцаа хольсон бүлээн будаа тарааж өгсөн. Монгол руу яриад гайгүй гэдгээ хэлчих юмсан гэж бодсоор, бараг унталгүй хонов. Зүгээр байхаар цаг өнгөрч өгдөггүй юм байна лээ. Байж байж харахаар л дөнгөж 30 минут л өнгөрсөн байдын. Ядаж байхад шөнөжин газар хөдөлж, байсхийгээд л бараг 20-30 минутанд л 1 удаа газар чичрээд байхаар айгаад унтдаггүйм байна лээ. Арайх гэж үүр цайлгаад гартал миний таньдаг манай сургуульд сурдаг Монгол охинтой таарлаа. Тэр охин “Гэрээс чинь залгаад байна, би таныг хаана байгааг мэдэхгүй байлаа” гэхээр нь “Зүгээр байна, санаа зоволтгүй” гэсэн мессеж явуулж 1 санаа амрав. Маргааш нь бид нарт хоол өгсөнгүй, харин 12-оос доош насны хүүхдүүд болон жирэмсэн эмэгтэйчүүдэд хоол өгнө гэв. Хоол нь далайн байцаа хольсон хүйтэн будаа. Тэр нь хоол бараг болохгүй юм билээ. Өдөр тэр хавьд байдаг 20 гаран Монгол оюутнууд цуглалаа. Өглөөнөөс хойш хоол унд идэж, уугаагүй болохоор ойрхон гэртэй нь гэрээсээ мах, будаа, гоймон авчирч гадаа гал түлж хоол хийж идэхээр болов. Ингээд гэрээсээ хоолны материал авчирч, үлдсэн нь 3 чулуу авчран гал түлж, 3 ээлжээр хоол хийж идэв. Бүх дэлгүүр хаалттай байсан. Харин тэр хавьдаа л том дэлгүүр ажиллаж байна гэдгийг мэдээд бид бөөнөөрөө дэлгүүр явав. Дэлгүүрийн гадаа маш урт дараалал үүссэн байсан. Бас 1 гайхалтай зүйл нь Япончууд маш тайван байсан бөгөөд, дэг журамтай дугаарлан дэлгүүрээс юм авч байсан. 1 хүнд 5 хүнс өгнө гэсэн бөгөөд биднийг 2 цаг гаран дугаарласаар очих үед талх, хуурай идэх юм нь дуусч, бэлэн хоол, консерв, алим л үлдсэн байсан. Бид бага зэрэг юм худалдаж аваад буцаж очин ахин 1 хоол хийж идэцгээгээд хоргодох байрандаа ахиж хонохоор боллоо. Энэ хооронд өдөржин газар бага зэрэг чичирхийлсээр л байсан. Бас газар нь дайваад л байдым байна лээ.

Газар хөдлөлтөө гэж 1

2011 оны 3-р сарын 11. Япон улсын хувьд асар их гарз хохирол, аюул дагуулсан өдөр болж өнгөрсөн. Би хаврын амралттай байсан тул гэртээ байж таарсан. Нөхөр маань бас амарч байсан тул гэртээ 2-уулаа байж байлаа. Өглөө 2-уулаа хажуугийн дэлгүүр орж талх аваад яг газар хөдлөх үед өрөөндөө байсан.

Бид 2 нетээр хошин шог үзээд л сууж байлаа. Гэнэт газар чичрэх шиг болохоор нь гэрэл лүүгээ хартал дүүжин гэрэл маань савж байнаа. “Хүүе газар хөдөлж байна” гээд л би хэлтэл манай хүн сая л анзаараад 2-уулаа гайхан, гайгүй болохыг нь хүлээж жаахан харзналаа. Гэтэл улам аймаар сэгсрээд эхэлмэгц би босч гүйгээд heater буюу халаагчаа гялс унтраагаад л ширээн доогуураа бид 2 ороод хэвтлээ. Тэгсэн улам хүчтэй сэгсрээд эхэлсэн. Байрны хана, шал, тааз нь шажигнатал дуугараад сэгсрээд байв, ёстой аймаар. Гэтэл ширээн дээрх ном, бичиг цаас гээд л юу байна бүгдийг нь аваад шидлээ. Ядаж байхад 2 хоногийн өмнө Икебанад орсон болохоор тэндээс авчирсан цэцэгээ шилэн саванд хийгээд тавьсан байсныг ч хэлэх үү, тэр цэцгийг аваад л шидлээ. Шилэн сав нь тас няс гээд л хагараад унав. Бүр сүүлдээ зурагтыг аваад шидэв, доорх ширээг нь аваад шидэв. Номын тавиур дээрх ном бүгд унав. Өрөөнд байсан авч шидэж болох юу л байна бүгдийг нь аваад шидсээн. Ёстой аймаар.Зурагт газар уначаад бид 2 луу нэг ухас гэж наашлаад л, цаана нь залгаатай байгаа залгуурандаа татагдаад цаашаа 1 болоод л хөдлөөд байсан. Сандал, ялангуяа дугуйтай сандал бол нааш цаашаа бүжиглэж байгаам чинь.

Яг тэр үед мэддэг ганц 1 мааниа л чангаар уншаад байлаа, уншаад байлаа.

“Энэ сэгсрэлт хэзээ зогсох бол, зогсохгүй бол яанаа. Ингээд үхдэг юм байж дээ, дээвэр нь л битгий нураад ороод ирээсэй, тэгвэл учиртай. Дарагдаад бэртэж л болохгүй, эрх биш сэгсрэлт нь зогсох байлгүй” гээд л элдэв юм бодогддог юм байна лээ. Аюул ослоос авардаг мааниа л уншаад байлаа.

Сэгсэрч сэгсэрч л арайх гэж зогслоо доо. Бид 2 хувцсаа өмсөөд л бичиг баримтаа аваад л гараад гүйлээ. Гартал бөөн хүн манай байрны гадаах талбайд цугласан байнаа. Бөөн гадаад оюутнууд, бас Япон хүмүүс ч ирсэн байсан. Гарсан хойно байр бас л хөдлөөд байсан. Гаднаас нь байр 2 тийшээ найгаад байдым байна лээ. Нэлээн сэгсэрч байгаад арай гайгүй болонгуут бид 2 буцаж өрөө рүүгээ ороод дулаан хувцсаа давхарлаж өмсөөд л гараад ирэв. Гал тогоо руу ортол шүүгээнд байсан бүх юмыг гаргаад шидсэн байв. Тог, ус, газ, утас бүгд тасарсан байсан. Орсон хойно бага зэрэг сэгсэрч л байсан. Гэрээ бага зэрэг янзлаад бушуухан гарч, оюутны байрны ажилтантай уулзтал, “их том газар хөдлөлт боллоо, дулаан хувцсаа өмсөөд хоргодох байр луу яв” гэлээ. Тэгээд л хоргодох байр явлаа. Очтол бөөн бужигнасан хүмүүс байсан, Монгол хүмүүстэй ч тааралдаж уулзлаа. Гэтэл тун удалгүй ижилхэн цэнхэр өнгийн хувцас өмссөн 10 жилийн ахлах ангийн сурагчид орж ирээд хоргодох байранд гаднаас матрас зөөж оруулан, хэдхэн минутанд матрасаа дэвсээд дээр нь бас ус татдаггүй материалтай дэвсгэр дэвсээд биднийг хөнжил гудсаа байрлуулаад суу гэлээ. Сандрахдаа хөнжил гудсаа ч аваагүй гарч ирсэн байсан тул 1 хүүхэдтэй Монгол эхнэр нөхөртэй нийлээд бага зэрэг зай олж аваад, 2 нөхрөө гэр лүүгээ гүйлгэж хөнжил гудсаа авчруулж дэвсээд хоргодох байранд орлоо.  1 жаахан хүүхэдтэй эхнэр нөхөр нийлсэн 4 хүн хорогдох байранд амьдрахаар болов. “Их том газар хөдлөөд бид нар зүгээр байна” гэж гэрийнхэндээ хэл хүргэхээр гар утсаар Монгол руу залгатал холбогдоггүй, сүлжээ тасарсан байв. Тэгэхээр нь таксфон луу гүйтэл бас тасарсан байв. Ингээд ус, тог, газ, интернет бүр холбоо барих утасны сүлжээчгүй болж ертөнцөөс жинхэнэ утгаараа тасарлаа даа. Ингэсээр байтал орой болж бүрэнхий болсон байв. Гэнэт идэж уух юм юу билээ, одоо яах билээ, яаж ийм нөхцлөөс амьд гарахав гээд л толгой ажиллаж эхэллээ дээ. Ахиад л 2 нөхрөө гэр лүүгээ гүйлгэж хуурай идэх юм авчруулав. Бага зэрэг юм байж таараад хэдүүлээ идээд дуусгав. Дараа нь манай нөхөр бид 2 гарч хажуугийн дэлгүүр ажиллаж байгааг үзэхээр явтал азаар ажиллаж байлаа.

Он цагийн тоолол

April 2011
M T W T F S S
« Mar   May »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930