Сендай хотын дагуул хот Натори хот нэг иймэрхүү байна.

7 хоногийн өмнө Натори хот орж сайн дурын ажил хийгээд ирсэн. Тэр доор нь бичлэг оруулах гээд амжихгүй байсаар өнөөдөр л оруулж байна. Бид нар айлын гэр, байшин байсан хэсэг газрыг цэвэрлэсэн. Цэвэрлэгээ хийж байхад үнэхээр янз бүрийн юм гарч ирээд бас сэтгэл эмзэглэж л байлаа. Гутал, ном, нэрийн хуудаснууд хийсэн хавтас, үзэг харандааны сав гээд л төрөл бүрийн юм гарч ирээд байхаар эдгээр юмны эзэн нь энэ юмнуудыг хэрэглэж л байсан байх даа, тэгээд гэнэт 1 л өдөр байгалийн гамшиг болоод хэрэгцээгүй хог болно гэж зүүдлээчгүй л байсан байх даа гэж бодогдож байлаа. Ингээд авсан зургаа үзүүлье.

Хогын цэг шиг л байгаа биз...

Тэр цаана харагдаж байгаа хурдны замаар цунами орж ирэн энэ хэсгийг хамраад, хамаг байшинг нь сүйрүүлсэн гэсэн.

Хамгийн сонин нь энэ харагдаж байгаа зам хүрээд цунами цааш явалгүй зогссон байна лээ. Цунами орсон хэсэг яг хогийн цэг шиг харин цунами ороогүй хэсэг нь зүв зүгээр байна лээ.

Цунамид өртсөн хэсгээс авсан зураг. Цаад байшингууд зүгээр байгаа биз дээ.

Замын цаадах цунами ороогүй айлуудын байшингууд.

Замын наана буюу цунамид өртөөгүй хэсэг

Замын цаана буюу цунамид өртсөн хэсэг.

Замын наана, цаана ийм л ялгаатай байна. Үнэхээр сонин харагдаж байна лээ. Нэг замын цаад хэсэг нь хог шиг сүйрсэн байхад замын наад хэсэг зүв зүгээр ногоо ургаад, хүн амьдраад байж байх ч сонин л юм билээ.

Цэвэрлэгээний үед гарч ирсэн "Дарсан ногоо". Идэх л гэж дарсан байх даа хөөрхий.

Өндөр өсгийтэй өрөөсөн гутал, бас хүүхдийн тоглоом...

Дараах зургууд бол Натори хотын Цунамид өртсөн хэсгийн зураг. Явж байгаа машин дотроос авсан зурагнууд учраас жаахан фокус муу гарсан байна лээ зарим нь. Зогсолгүй хажуугаар нь өнгөрч явсан учраас амжиж хэдэн зураг дарсан юм.

Цунами машин замын хажууд усан онгоц авчраад хаясан байна лээ

Олон усан онгоц байсны нэг нь, замын хажууд шүү

Натори хотод одоо хүртэл цахилгаан ирээгүй учраас энэ "цахилгаан үүсгүүр"-ээр хотыг цахилгаанаар хангаж байгаа гэсэн.

Тэр хавь ер нь дайн болсон юм шиг л харагдаж байна лээ.

Машинуудыг овоолоод хаясан байсан нь үнэхээр сэтгэл өвдмөөр харагдана лээ.

Хамгийн их өрөвдмөөр юм нь сургуулийн хүүхдийн автобус юу ч үгүй эвдрээд, цонхоор нь хувцас хунар  гарчихсан харагдаж байна лээ. Нэлээн олон хүүхэд сууж явсан байх даа гэж бодогдсон.

Натори хот нэг иймэрхүү байна. Сендай хотын зах бас иймэрхүү байгаа гэсэн, гэхдээ би очиж үзэж амжаагүй л байна.

Харин Сендай хотын төв зүв зүгээр, хэвийн сайхан байгаа шүү. Хотын амьдрал хэвийн үргэлжилж байгаа. Маргааш энэ хотынхоо төвийн зургийг оруулнаа.

Зарим нэг хүмүүс утсаа авахгүй бол утсаар яадын

Өнөөдөр их завгүй өдөр байлаа. Хичээлийнхээ дараа ангийнхаа 2 оюутан, Япон 13 оюутантай нийлээд “Сайн дурын ажил” хийгээд ирсэн. Бас багш маань явсан шүү. Сендай  хотын дагуул хот Натори хотод очсон. Нэлээн хэдэн зураг авсан. Натори хотын далайн эрэг хавь бас л аймаар болсон байна лээ цунамигаас болж. Маргааш сайн дурын ажлынхаа тухай зураг, хөрөгтэй бичлэг оруулнаа.

За тэр яахав. Нэг мэдсэн хазайгаад явж байна. Хэхэ. Үндсэн сэдэв рүүгээ оръё.

Орой 7 өнгөрч гэртээ ирээд маш чухал бөгөөд яаралтай юм асуух гэж ах, эгч 2 луугаа өчнөөн залгалаа. Утсаа авдаггүй ээ. Дүү рүүгээ залгалаа, утас нь холбогдох боломжгүй. Ахиад эгч рүүгээ, ах руугаа залгаад л байлаа. Хэн нь ч утсаа авсангүй. Тэгээд жаахан бухимдаад ингэж бодов шүү. “Зарим нэг хүмүүс утсаа авахгүй бол утсаар яадын” гэж. Нээрээ тийм биз дээ. Яаралтай хэрэг гараад залгахаар авахгүй байгаа хүмүүс утас бариад ч хэрэггүй шдээ. Зүгээр л утасгүй гар хоосон явж бай зүгээр. Тэгвэл хүмүүс залгахгүй, хүний утсанд хариу өгсөнгүй гэж зэм сонсохгүй амар биз дээ энэ чинь.

Би ямар ажлын цагаар залгасан биш, оройн цагаар залгалаа. Би ямар огт танихгүй хүн байгаа биш, дүү нь юмсан уг нь. Би ямар танихгүй дугаараас залгасан биш, сая Монголоос хэрэг болгон авч ирсэн GMobile-ийн дугаараасаа залгасан. Би ямар ….

Нээрээ утсаа авахгүй зарим нэгэн хүмүүст БОЛЪЁОО гэж хэлмээр байна. Энэ далимд GMobile-ийн хамт олондоо БОЛОО ШДЭЭ, БАЯРЛАЛАА гэж хэлмээр байна. GMobile-ийн дугаар авч ирсэн биш Монгол руу хаа хамаагүй хүн рүү утасдаад мэнд ус мэддэг, хааяа нэг шавиагаа ханатал буу халдаг болоод баяртай байнаа. Энэ сурталчилгаа биш шүү, чин сэтгэлээсээ баярлаж байгаа, баярласнаа илэрхийлж байгаа мянга, мянган хэрэглэгчийн  нэг болох өчүүхэн миний талархлын үг байна.

Зарим нэг хүмүүс утсаа авахгүй, утсаа ашиглахгүй бол утсаар яадын, хогын сав руу хий гээд ахиад нэг хэлчье, яадын ямар. Өөрсдөө утсаа авахгүй байгаам чинь.

Тоглолт үзсэн шигээ

Эх орондоо сар гаран болох хугацаандаа би 3 тоглолт, 1 кино үзсэн. Нийтийн дуучдын тоглолт, мөн МУГЖ Туяа, Жагдаг нарын орон нутгаар хийсэн хамтарсан тоглолт, Вандан Дуламсүрэн -ын тоглолтыг үзсэн. Би нийтийн дуунд нугасгүй ээ. Оюутан байхдаа  мэдээж Камертон, Хар сарнай, Номин талст, Сүнс, Салхи хамтлагуудыг сонсдог, шүтдэг байлаа. Одоо ч гэсэн дууг нь сонсдог. Харин одоо зайлуул хөгширч байгаам байлгүй нийтийн дуу, сайхан үг, аялгуутай дууг түлхүү сонсдог болчжээ нэг мэдсэн чинь.

Дээрх 3 тоглолт үнэхээр сайхан тоглолт болсон.

Нийтийн дуучид их залуужаа юу даа гэж бодсон. Нөгөө Жавхлан, Баясгалан нар сураггүй болж байгаа бололтой. Уг нь би Жавхлан, Баясгалан, Бат-Эрдэнэ, Оюумаа, Дэлгэрмаа, Хишигбаяр гээд нэг үе зэрэг гарч ирж байсан дуучдын дууг сонсох үнэхээр дуртай. Гэтэл миний үзсэн тоглолтон дээр МДэлгэрмаа, Хишигбаяр  2 дуулсан. Бусад нь залуу дуучид гэхдээ их сайхан дуулдаг уран бүтээлчид байна лээ. СУИС гэдэг үнэхээр авъяастнуудыг төрүүлдэг сургууль юм даа гэж бодож бас бахархаж суусан.

МУГЖ Туяа үнэхээр авъяастай хүн байна лээ шдээ. Тоглолтыг тэр чигээр нь аваад явчиж байна лээ ганцаараа. Бас 1 СУИС-ийг энэ жил төгсөж байгаа гээд залуу дуучин тоглолтонд орж байсан. Бас л сайхан ч залуу, сайхан ч авъяастай уран бүтээлч байна лээ. Нэрийг нь Бат-Эрдэнэ гэсэн санагдаад байна.  Жагдаг гуай шүлгийг их мундаг унших юм билээ.

Вандан, Дуламсүрэн 2 бол бас л сайхан тоглолт хийсэн. Баттулга гээд тэдний хүү нь их сайхан дуулдаг аавтайгаа тун адилхан залуу байна лээ. Авяъас  удамшинаа гэж бас л бахархмаар байна лээ.Дуулахыг үзүүлж өгч байна лээ.

Харин 1 харамсалтай юм болсон нь би Дэлгэрмаа, Хишигбаяр 2-ын тоглолтыг ёстой үзэж амжаагүй шдээ. Үнэхээр харамсмаар нээрээ. Яг намайг очсон үед тоглож таарч байхад чинь. Би хотод байхгүй байсан болохоор үзэхиймсаан гэж бодохоос өөр юм хийж чадаагүй. Дараагийн тоглолтыг нь заавал үзнээ.

“Тусгай Салаа 2” киног Тэнгист үзсэн. Гоё кино болсон байна лээ. Үнэхээр их сэтгэл хөдөлсөн. Сайхан сэтгэлтэй хүн тэр чигээрээ, насаараа л сайхан сэтгэлтэй байсаар дуусдгын жишээг харуулсан байна лээ. Амарсайхан ахдаа баярлалаа, ийм сайхан уран бүтээл хийсэнд нь Бас киноны нийт уран бүтээлчдэд баярласнаа илэрхийлж, сайн сайхныг хүсье. Яг энэ кино дэлгэцээр гарах үед би Монголд байж таарсан учраас өөрийгөө бас азтай гэж бодоод баясаад байгаа. Хэхэ

Ингээд Монголдоо сар хагас хугацааг нэлээд олон ажил амжуулж, хажуугаар нь тоглолт, кино үзсэн шигээ өнгөрөөсөн дөө. Бүх уран бүтээлчдэд, дуучдад амжилт хүсч, урлагийн сайхан мэдрэмжийг бидэндээ мэдрүүлж байгаарай, мөн эрүүл энх байж, ажил үйлс нь өөдрөг байгаасай гэж ерөөе.

БАЯРЛАЛАА ТА НАРТАА

Миний эх орон үнэхээр САЙХАН, би үүнийг хаана ч хэлнэ 1…

ЭХ ОРОН МИНЬ ҮНЭХЭЭР САЙХАН.

Утаатай ч гэсэн Улаанбаатар минь сайхан гэдэг үг байдаг даа. Тэр үнэн үг байна лээ шүү.

Эх орондоо очно гэж бодоо ч гүй , зүүдлээ чгүй явсан чинь Японд газар хөдөлсөн биш 1 л өдөр Монголдоо очсон ш дээ. Эхлээд Монголдоо ГЭНЭТ ирсэн чинь худлаа  ч юм шиг санагдаад, зүүдлээд байгаам шиг санагдаад байсан.  Хэхэ

3 сард мэдээж цаг агаар хүйтэн байсан, гэхдээ 1 л сайхан байсан. Газар нь дайвалзахгүй байх сэтгэлд амар сайхан байсан шүү. “Японд газар хөдөлсний дараа газар нь тэр чигээрээ дайваад байсан шдээ, аймаар

Очингуутаа 3 хоног гадуур гарч чадаагүй. Нойр ч хүрч өгөхгүй, шөнө цочиж сэрээд, хажууд хүн хашгирах юмуу эсвэл юм нүдэхээр цочоод эвгүй байсан. Бүр орон дээр зэрэгцээд сууж байгаа  хүн хөлөө хөдөлгөх юмуу, ор бага зэрэг хөдөлгөхөөр цочиж босон харайгаад л. Үнэн сэтгэлзүйн хувьд хүнд байсан эхний хэд хоног. Тэгээд хотын төвөөр, гандангаар, дэлгүүрээр орж 1 өдөр болсон.  Хотын агаар нээрээ үнэхээр аймаар байсан. Айгаад бүр зугатаамаар байсан шүү. Хэхэ.

Манай гэрийнхэн нөхөр бид 2-ыг хотын утаанаас хол байлгах гэж хөдөө авч яван 10-аад хоносон. Хөдөө гоё байна лээ. Агаар нь сэнгэнээд л, чив чимээгүй, амар амгалан. Ер нь бодоод байхад хөдөөний хүмүүс жаргасан хүмүүс байна лээ шүү. Хотын бидэн шиг өглөө эрт босон харайж ажлаасаа хоцрох нь гэж өглөөний цайгаа санд мэнд уугаад (Зарим нь аягүй бол уухгүй байгаа даа), замын бөглөөнд түгжрэн хамаг уураа баран ажилдаа очоод, өдөржин ажлаа хийж хийж орой худлаа хэлэх хүнд харанхуй болсон хойно ядарсан амьтад ирдэггүйм байна хөдөөнийхөн чинь. Би ч хөдөө өссөн, хөдөөний амьдралыг мэднэ л дээ. Энэ удаа хөдөөнийхнийг илүү их ажиглалаа. Нэг л тайван сайхан, налайсан, “болно доо” гэж ярьсан, өөдрөг сэтгэлгээтэй хүмүүс байна лээ, миний ажигласнаар. Хажуугаар нь ноолуурын үнэ өсөөд их л баяртай хүмүүс байна лээ. Би ч өмнөөс нь баярлаж л байлаа. Ганц амьжиргаа нь болсон ноолуурын үнэ нь өсөөд байвал хөдөөний хүмүүсийн амьдрал тэр хэмжээгээр өөдрөг байна л гэсэн үг дээ. Хотын биднийхээр бол цалин өсч байна л гэсэн үг шүү дээ. Хэхэ.

За тэгээд мал төллөөд, хөөрхөн хурга ишигнүүд бужигнаад, хурга ишиг хөхүүлээд л, бас хажуугаар нь сахилгагүйтээд жижиг хэнз хурганд гараа хөхүүлээд л сайхан байсан шүү нээрээ.  Эхлээд эхийг нь олохгүй мунгинаад л байсан, сүүлдээ их мундаг болсон шдээ. Малчин хүмүүс бол мундаг юм байна лээ.Ганц л харсан бол хурга, ишигний эхийг андахгүй, маш их цээжлэн тогтоох чадвартай хүмүүс шүү нээрээ. Уулын орой дээр гараад, голоос ус аваад, тугал хурга эргүүлээд, чадахгүйм байж бас ямаа самнах гэж оролдоод. Хэхэ. Гэхдээ ямаа самнаад сурчихсан шүү. Ямаа самнах чинь маш их технологитой, бас ур чадвар шаарддаг юм билээ. Хөдөөний амьдрал үнэхээр сайхан байна лээ. Ойрын хэдэн жил ингэж хөдөө байгаагүй болохоор бид 2-т үнэхээр сайхан амралт болсон. Юм энгийн байх тусмаа сайхан гэдэг үгийг хөдөө амьдрах хэдэн хоногтоо мэдрээд авсан. Уураг идээд л, шинэ тараг уугаад сайхан байлаа.

Хөдөө байх хугацаандаа стресс, бухимдал, ядаргаагаа тайлаад авсан. Дараа нь хотод ирээд гэрийнхний “тушаалаар” баахан ИОД ууж, эмнэлэгт хэвтэв бид 2. Эмнэлэгт олон хүмүүстэй танилцаад, тэдний яриаг сонсоод бас л гоё байсан шүү. Хөгшин хүмүүсийн яриаг сонсоод суух ч бас нэг амралт юм байна лээ. Их гоё гоё юм яриад байсаан. Би тэмдэглэлийн дэвтэр дээр хальт тэмдэглэсэн байгаа. Дараа нь тусгай бичлэг болгоод оруулна. Бид тэднийг сонсоод л, тэд нар бид 2-оос газар хөдөлсөн тухай яриулаад л.  Хажуугаар нь эмчилгээндээ гүйгээд л, эмнэлэгт хэвтэж байгаа мөртлөө эмчилгээндээ дугаарлаад л, орой хөзөрдөөд л, зарим өвчтөнүүдэд “шуугилаа” гэж зэмлүүлээд л, тэгэхээр нь чив чимээгүй тоглоод л, дохио зангаагаар яриад л. Хэхэ, үнэхээр хөгжилтэй. Энгийн бөгөөд сонирхолтой амьдрах ч бас гоё юм байна лээ. За тэгээд сар хагас болоход өчнөөн ажил амжуулсаан. Бичээд л байхаас…

Зургуудыг нетээс авчлаа. Гадаадынхны авсан зураг байхаар нь сонин санагдаад. Манай улс гадныхны нүдээр нэг иймэрхүү харагддым байна.

Газар хөдлөлтийн үед юу хийхийг та мэдэх үү?

Газар хөдлөлтийн үед яг юу хийхийг та мэдэх үү?

Үүнийг уншихаасаа өмнө өөрөөсөө нэг асуугаад хариулаад үзээрэй. Би Монголд 3 сард очсоныхоо дараа найз нөхөд, гэр бүлийнхнээсээ энэ асуултыг асуугаад үнэхээр гайхсан шүү. Тэдний ихэнх нь /бараг бүгд гэж хэлсэн ч болно/ хамгийн болохгүй хариултыг өгч би үнэхээр гайхсан. Юу гэж хариулсан гээч.

“Газар хөдлөнгүүт гарч зугтана” гэсэн шүү. Би ч “ёстой тэр чинь буруу шүү” гээд л ингэх хэрэгтэй юм байна лээ гээд зөвлөгөөрхүү юм өгсөн. Монголчууд үнэхээр газар хөдлөлтийн талаар мэдлэггүй юм. Аргагүй л дээ, газар хөдлөнө гэж юу байдгыг ч мэддэггүй бид үнэхээр төсөөлөлгүй байх нь аргагүй. Гэхдээ заавал газар хөдлөлт ч гэлгүй аливаа гамшиг, ялангуяа байгалийн гамшгийн үед хүн бүр өөр өөрийн хэмжээнд бэлтгэлтэй байх хэрэгтэй юм билээ. Ингээд дараах зөвлөгөөг өгье.

Бидний хувьд, нийт Монголчуудын хувьд саяын газар хөдлөлтөөс авах сургамж их байна.

1. Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, ЭМДаатгалын дэвтэр гэх мэт гэр бүлийнхээ гишүүдийн бүх бичиг баримтыг нэг доор бэлэн байлгаж, яаралтай үед авч гарах боломжтой газар тавих.

Япончууд асар их бэлтгэлтэй байдаг юм байна лээ. Хамгийн наад захын жишээ гэхэд бүх бичиг баримт нь (гадаад, дотоод пасспорт, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын баримт бичиг, хүүхдийнх нь төрсний гэрчилгээ гэх мэт) яг гар дор нь бэлэн байдаг. Хавтас юмуу , цүнхэнд бэлдээд тавьчихсан, газар хөдлөнгүүт тэрийгээ л зөвхөн аваад гардаг юм билээ.  Манайхан бол яах болоо, газар хөдлөлөө гэхэд аягүй бол бичиг баримт, иргэний үнэмлэхээ хайгаад авдар сав, шүүгээгээ ухаад суучихаж мэдэх хүмүүс шүү. Би харин пасспортуудаа байнга цүнхэндээ байлгадгын буянаар цүнхээ шүүрээд л гараад гүйсэн дээ. Миний сайных ч биш л дээ манай Япон хэлний багш нар “цүнхэндээ бичиг баримтаа байнга байлгаж бай” гэж зааж өгсөн юмаа. Ингэж бичиг баримтаа бэлдэх нь бусад гамшгийн үед ч хэрэгтэй шүү.

Мөн дараах зүйлийг бэлдсэн байхад маш их хэрэгтэй. Үүнд:

– Цэвэр ус, пичень болон хурдан муудахгүй хүнсний зүйл

– Эмнүүд, боох материал, алчуур, ариун цэврийн хэрэглэл, хүүхдийн памперс

– Авч явах, цэнэглэх боломжтой жижиг радио, түүний цэнэглэгч баттерей

2. Яг газар хөдлөх үед юу хийх вэ:

– Хамгийн түрүүнд ойр байгаа ширээн доогуураа орох. Энэ нь таныг бэртэж гэмтэхээс хамгаална. Газар хүчтэй хөдлөх үед бүх зүйл сэгсрэгдээд, энэ тэндээс юмнууд тухайлбал номнууд, ширээн дээр байсан зүйлс, компьютерийн дэлгэц, зурагт унаж эхэлдэг учраас тэдгээр юманд цохиулж бэртэх аюултай тул өөрийгөө, ялангуяа толгойгоо хамгаалан ширээн доогуур орох.

– Ширээ байхгүй өрөөнд байгаа тохиолдолд хана налан зогсох, боломжтой бол юмнаас баривал зүгээр. Дээрээсээ юм унахгүй газар зогссно.

– Гал тогоонд хоол хийж байгаа тохиолдолд маш хурдан плиткээ унтраан хийж байгаа халуун хоолоо плиткенээсээ аван газар тавин өөрөө холдох юмуу эсвэл амжвал крант руугаа савта хоолоо савта чигээр нь тавиад өөрөө холдох. Ингэхгүй бол савта хоол чинь сэгсрэгдэж асгараад хүн түлэх аюултай.

– Гудамжинд явж байгаа тохиолдолд өндөр байшингаас аль болох хол газар очин, болж өгвөл шон гэх мэтийн суурь сайтай юмнаас барих, дээрээс нурах юманд цохиулахгүй байх.

– Боломжтой байвал хаалгаа нээгээд юм тээглүүлээд орхих хэрэгтэй. Газар хөдлөхөд хаалга гажин онгойхгүй болдог гэсэн.

– Газар хөдлөөд дууссаны дараа дулаан хувцсаа өмсөн, өмнө бэлдсэн бичиг баримт, хүнсний зүйлээ аваад хоргодох байр луу явах.

– Асуудалд сэтгэлийн хөөрлөөр хандалгүй маш тайван байх.

Мөн Япончууд маш их тайван байж чаддаг хүмүүс юм билээ. Бараг л дайны байдалтай байхад юу ч болоогүй юм шиг байсанд би үнэхээр гайхсан. Тийм хүнд нөхцөлд тухайн асуудалд сэтгэлийн хөөрлөөр хандахгүй, яг зөв юм хийж, зөв шийдвэр гаргаж чаддаг юм билээ. Бид үүнээс суралцмаар.

Япончууд шударга, үнэнч, зарчимч, хүний төлөө хүмүүс юм билээ.

Жич: Хоргодох байр гэснээс Монголд хоргодох байр байхгүй. Үүнийг холбогдох байгууллага бас бодолцох байлгүй дээ. Намайг очсоны дараа газар хөдлөлтийн сургалт болоод байсан. Нийтэд байгалийн гамшгийн талаар анхааруулах, тэднийг сургах зорилгоор хийсэн байх. Миний ажигласнаар зүгээр л аюулын дуут дохио дуугаргаад, хүмүүсийг байгаа газраас нь гаргаад, хүн бэртвэл ингэж авч явна гээд үзүүлэх тоглолторхуу юм хийгээд байна лээ. Энэ нь зөв л дөө. Харин миний бодлоор энэ сургалтынхаа дараа бүх хүмүүст хэрэгтэй энгийн зөвлөмжийг тарааж өгсөн бол илүү хэрэгтэй байх байсан болов уу. Тэгвэл хүн бүр, айл бүр өөрийнхөө хэмжээнд бэлтгэлтэй байх болно шүү дээ. Харин би өөрийнхөө хэмжээнд энэ зөвлөгөөг блогтоо оруулмаар санагдсан юм.  Цөөн ч гэсэн хүмүүст хэрэг болох байх.

Газар хөдлөлтөө гэж 4…

3 хоног нойр, хоолгүй шахам явсны эцэст МИАТ-ынхаа онгоцонд суусан хойноо л сая санаа амарсан. “Биднийг хүнд нөхцөлд байна” гэж Японд сурч, амьдарч байсан хүмүүсийн ар гэр, эцэг эх Монголд бөөн шуугиан үүсгэж, Гадаад хэргийн Яамны үүдэнд бужигнасан гэж ирсэн хойноо сонссон. Зарим нэг хүн үүнийг “Нөхцөл байдал зүгээр, тайван байхад сүржигнэлээ, Монголчууд амиа бодлоо. Японд байгаа Монголчууд бүтээн байгуулалтанд орох хэрэгтэй” гэх мэтээр шүүмжилж байна лээ.

Би үүнд няцаалт өгмөөр санагдаж байна. Яг гамшиг болсон Тохоку мужийн 4 хотод байдал үнэхээр хүнд байсан гэдгийг баттайгаар хэлье. Ямар ч цахилгаан, ус, газ байхгүй, дээрээс нь гар утас, суурин утасны холбоо тасарсан, хүнсний зүйл олдохгүй, дэлгүүрүүд нь хаалттай байхад үнэхээр хэцүү юм билээ. Хатуухан хэлэхэд яг л дайн болсон юм шиг байсан. Тэр хүнд нөхцөлд их ч юм бодогддог юм байна лээ. “За ямар ч байсан өвдөж болохгүй, даарч хөрч болохгүй, өлсөж болохгүй, сэтгэл санаагаар унаж болохгүй, сандарч болохгүй” гээд л бодно шүү дээ. Бас хажуугаар нь ямар ч холбоо байхгүй ертөнцөөс тасарсан байсан болохоор “Цаашид юу болох бол, Монгол руугаа буцаж очиж чадах болов уу, биднийг хэзээ аврах албаныхан ирж авах бол, энэ хүнд нөхцөлд хэд хонох болоо, сурч байсан сургууль минь нураа болов уу, ангийнхан маань, багш нар маань амьд болов уу, цаашид миний сурах асуудал яаж шийдэгдэх юм болоо, хоол хүнс ирэхгүй удвал яанаа” гээд л түмэн бодол эмх замбараагүй толгойд эргэлддийм байна лээ. Бас бүр болоогүй ээ “3 сарын 1-д ээждээ захидал бичдэггүй л байж, тэр захиа миний ээждээ бичсэн сүүлийн захиа байсан юм биш байгаа даа” гэж муу ёрын юм хүртэл бодоод амжсан шүү. Хэхэ. Энэ захианы талаар энд Бичлэг оруулж байсан байх юм.

Яг гамшиг болсон Тохоку мужийн 4 хотоос бусад хотод бол харин байдал тайван, амьдрал хэвийн үргэлжилж байсан байна лээ. Тэрийг Ямагата хотод автобусаар очоод л мэдэрсэн. Манай хотын яг хажуугийн хот болох Ямагатад очиход л дэлгүүр, хоолны газар бүгд ажиллаад, хажуугаар нь цахилгаан, устай байсан.

Энд би зориудаар нэр бүхий байгууллага, хүмүүст талархлаа илэрхийлмээр байна.

1-рт бидний төлөө санаа зовж байсан бүх хүмүүст, ялангуяа хамаг цаг заваа зарцуулан байж, Яаман дээр очин асуудлыг хурдан шийдүүлж өгөхөд нөлөөлсөн нийт ар гэрийнхэн, эцэг эхчүүддээ баярлалаа.

2-рт Гадаад хэргийн Яам, Засгийн газар, Япон улсад суугаа Монголын ЭСЯ болон биднийг энэ хүнд нөхцлөөс татах асуудлыг шийдвэрлэхэд оролцсон бүх яам, тамгийн газар, албан байгууллага, тэдгээрийн нийт ажилчдад нь маш их баярлалаа. Жич: Монголчууд бид төр засгаа муу хэлээд л байдаг. Харин би бол муу хэлэхгүй, магтана. Тэр үед ”би, бид сайхан төр засагтай юм байна, ард иргэдийнхээ төлөө арга хэмжээ авч чаддаг засгийн газар байдаг юм байна” гэж маш их баярлаж байсан шүү. Та бүхэндээ дахин баярлалаа.

3-рт МИАТ компанидаа, түүний хамт олонд бүгдэд нь баярлалаа. Тэр хүнд нөхцөлд бидний төлөө нойр хоолгүй зүтгэсэн та бүхэндээ баярлахгүй байхын арга алга. Баярлалаа та бүхэндээ.

Он цагийн тоолол

May 2011
M T W T F S S
« Apr   Jun »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031