Үзэхэд илүүдэхгүй видео

Тогтвортой хөгжлийн боловсролын тухай хөөрхөн үзэхэд илүүдэхгүй видео байна.

Монголд тогтвортой хөгжлийн боловсрол их хэрэгтэй байгаа юм. Ядаж л байгаа юмаа гамтай хэрэглэдэг, байгалиа хамгаалаад сурчвал хэрэгтэй л эд. Монголчуудын байгалиа хайрладаг ухаан сүүлийн үед алдагдаад байгаад, гол мөрөн ширгэж ундны ус өдөр өдрөөр татарч байгаад, бэлчээрийн хомсдол үүсч, өвс ургамал тарчиг болж, ан амьтад ховордоод байгаад миний сэтгэл эмзэглэдэг.

Байгаль дэлхийгээ хайрлая.

Advertisements

Элдэв янзын бодол

Өглөөнөөс хойш толгойд элдэв янзын бодол орж ирээд байхын. Гадаа өдөржин бороо ороод бас өнөөдөр амралтын өдөр болохоор сайхан банштай цай хийж уусан юм. Гэнэт намайг энд банштай цай ууж суух энэхэн мөчид хүмүүс юу хийж байдаг бол гэж бодоод. Өдрийн 1 цагийн үе байсан болохоор “ээж маань лав жаахан унтаж байгаа (ээж маань өдөр яг 1 цагийн үед жаахан унтаж амардаг юм), 2 эгч маань хэдэн хүүхдүүдтэйгээ шуугиад загнах нэгийг нь загнаж байгаа байх даа, ах юу хийж байгаа бол, ер нь бусад хүмүүс яг юу хийж байдаг бол” гэж бодов. Шинэ хүүхэд төрж, зарим  нэг нь хүн нас барж, зарим нь инээж, зарим нь уйлж байгаа даа ч гэж бодох шиг. Бүр зарим хүмүүс уурлаж, зарим нь баярлаж, зарим нь маш их завгүй байхад зарим нь хийх юмаа олж ядаад зүгээр сууж байгаа даа гэж бодов. Дэлхийн аль нэг буланд хэн нэгэн хүн сайхан унтаад зүүдэлж байгаа бол зарим нь сэрүүн байх, бүр зарим нь зарим нь хоолоо барахгүй асгаж байхад, зарим хүмүүс өлсөөд үхэх гэж байгаа даа ч гэж бодох шиг. Бодол гэдэг сонин шүү.

Оройхон л гэнэт дуу ч юмуу ямар нэгэн сайхан шинэ зүйл сурч хүмүүст үзүүлээд олны танил хүмүүсийн хэлдгээр Од болбол яах бол гэж бодов. Хэрэв тэгвэл хүмүүс намайг муулаад, муулаад л хүмүүсийн ярих ярианы сэдэв нэгээр нэмэгдэж хүмүүсийг завгүй болгох юм байна гэж бодоод инээд хүрээд. Хэхэхэ.

Тун удалгүй маш их баян болчоод хүмүүст буян үйлдэх юмсан, Монголдоо хэрэгтэй юм хийх юмсан, зовж зүдэрсэн хүнд туслахсан гэж бодов. Бүүр хүний зовлонг сонсоод л дараа нь тухайн хүний зовлонг алга болгодог хэмжээлшгүй буянтан болчуул гоёо ч гэж бодогдох шиг. Хүмүүс дугаарлаад л, би зовлонг нь арилгаад л. БАс тэр хэмжээгээр Монгол маань сайхан хөгжинө дөө гэж бодоод л. Хэхэ. Үнэн мөрөөдсөн.

Гэнэт Японд хөөрхөн маамаа гаргаад, гэрийнхэндээ хэлэхгүй байж байгаад онгоцны буудал дээр буувал, манайхан яах бол, гэрийнхэн гайхна даа ч гэж бодох шиг. Бүр нүдэнд харагдаад л. Хэхэ.

Өнөөдөр яасан юм есөн шидийн юм бодогдоод. Бороо ороод байгаа болохоор ийм сонин бодлууд орж ирээд байгаам байх даа. Бодол сэтгэлээ гэж…

Ямар өрөвдмөөр юм бэ, бяцхан хүүд амьдрал бэлэглэе

Хичээлээ тарж ирээд нет ухаж байтал ийм мэдээлэл олж уншаад баахан хямрав. Тэсэхгүй уйлчихлаа. Хөөрхөн хүүтэй боллоо гэж энэ 2 залуу ямар их баярлаа болоо. Гэтэл хийсч ирдэггүй гай болсон төрөлхийн өвчтэй гэнээ хүү нь.

Хүү нь нээх хөөрхөн, бараг л нялх хүүхдийн үнэр ханхлах шиг л боллоо. Маргааш эхний цагийн хичээл байхгүй, цөөхөн ч гэсэн хэдэн төгрөг дансанд нь хийхээр шийдэв. Өөрийнхөө мессенжер жагсаалтанд байгаа бүх хүнд мэдээг илгээв. Олон хүн мэдэх, мэдээд туслах тусмаа энэ хөөрхөн жаахан амьтан хорвоод хүн болж, сайн сайхан амьдарна шүү дээ. Олон хүний буян хүүд хүрэх болтугай. Амьддаа бие биенээ хайрлахын учир үүнд л орших байхаа. Түүнийг бурхан ивээг.

Олимпийн аваргууддаа баярлалаа. Та нарын буянаар…

Манай ангийн Энэтхэг залуу байнга л улсаа магтана. Хүн амаараа дэлхийд 2-т ордог, газар нутаг маш том, Гималай уул манай улсад бий, манай Энэтхэг маш сайхан, Ганга мөрөн хамгийн урт, Таж махал бол хамгийн үзэсгэлэнтэй гээд л ер нь улсаа магтахгүй өдөр гэж бараг байхгүй. Өчигдөр амралтын өдөр манай ангийнхан уулзаад жаахан ярьж суусан юм. Гэтэл өнөө залуу бүр Энэтхэгээ магтаад сүйдээ. Манай ангийнхан сонсоод л суугаад байв. Тэгэхээр нь би гэнэт “Танайх ийм олон хүн амтай юм чинь сая болсон Бээжингийн Олимпийн аваргатай л биз дээ” гээд асуугаад. Хэхэ. Энэтхэгээс Олимпийн аварга төрөөгүйг мэдсээр байж, мэдээгүй хүний дүр эсгэсэн юм би. Амыг нь таглах санаатай байсан юм. Тэгсэн бодож байснаа “Үгүй, мөнгө хүрэл медаль авсан байх” гэлээ. Тэгэхээр нь би “Өө тиймүү. Манай Монгол 2 сая 800хан мянган хүнтэй л дээ. Гэхдээ Бээжингийн Олимпийн 2 аваргатай шүү. Бас 3 мөнгө, хүрэл медаль авсан” гэсэн чинь нөгөө Энэтхэг залуу чинь нам болсон. Хэхэ. Манай ангийнхан бас гайхаад “Тийм үү, танайх ямар мундаг юм бэ” гээд л сүйд болсон. Олимпийн аваргууд болон Олимпийн медаль авсан тамирчдынхаа буянаар өчүүхэн би чинь энд эх орноороо, та нараараа бахархан суулаа. Баярлалаа та нартаа. Лондонгийн Олимпод оролцох бүх тамирчдад амжилт хүсье, санасан амжилтаа гаргаарай гэж ерөөе. Гүндэгмааг Олимпийн аварга болоосой гэж чин сэтгэлээсээ хүсч, мөрөөдөж, залбирч байгаа шүү би. Урагшаа манайхаан.

Бас би “Японы сумод манай Монголын Дагвадорж, Даваажаргал гээд 2 аварга байдаг” гээд ярьсан чинь манай ангийнхан бүгд гайхсан шүү. Та нартаа бас баярлалаа. Амжилт хүсье.

Өнгө өнгийн цэцэгс 1

Япон оронд зун өнгө өнгийн цэцэг ургах нь үнэхээр гайхалтай. Бүх л өнгийн цэцэг байх юм. Хэзээ цэцэглээв гэм ээр гэнэт л цэцэгс ургасан харагдах юм.

Ахиад олон гоё цэцэгний зураг оруулнаа.

 

Алийн болгон

Алийн болгон сөнөсөн, нурсан юмны тухай бичихэв. Өөдрөг юм бичье дээ энэ чинь. Хүүхдүүдийн хөгжилтэй яриа санаанд ороод ойрд инээд хүрээд явсиймаа.

Манай нагац эгчийн охин их сэргэлэн охин бий. Нэг удаа эгч маань хүүхдүүдээ зурагтын удирдлагаа шидэж ирээд л том охиноо загнаад уурлаж л дээ. Орой нь нөхөр нь ажлаасаа иртэл удирдлага нь ажиллахгүй байж. Нөхөр нь гайхаад “Энэ удирдлага яачаа вэ, ажиллахгүй байна” гэсэн чинь бага охин нь дуугүй байж байснаа гэнэт “Зарим нэг хүн удирдлага шидээд л байсан” гээд ээжийгээ бариад өгсөн гэсэн.

Тэднийх 2 охин ганц хүүтэй. Хүүгээ юм л бол эрхлүүлнэ. Гэтэл 2 эгч нь дүүдээ охины хувцас өмсүүлээд их тоглодог гэнэ. Амралтын нэг өдөр ээж нь амарч байтал хүү нь эгчийнхээ палааж, дүплийг өмсөөд ороод ирж л дээ. Нагац эгч маань дургүйлхээд “Битгий дүүдээ охины хувцас өмсүүл, муухай эмэгтэй хүн шиг хүн болчдын” гэж гэнэ. Тэгсэн нөгөө бага охин нь “Ээжээ тэгвэл би эрэгтэй хувцас авч өмсье, тэгээд эрэгтэй болчъё, Хөвгүүд намайг хүч чадалгүй охин гээд байх юм. Эрэгтэй болчвол гоёо, муу шалчгар Дөлгөөнийг гөвөхгүй юу” гэсэн гэнэ лээ.

Тэр бага охин нь сонин юм их ярина. Нэг удаа тэднийх гандан орж ном уншуулах гээд нэлээн том тавгийн идээ бэлдэж л дээ. Гэтэл бага охин нь гэнэт “Хөөх ямар гоё гоё чихэр байнаа. Лам нарын шүлс нь гоожих байх даа” гээд аавдаа зэмлүүлсэн гэсэн. Хаха Лам нарын шүлс гоожоод байхдаа яахав дээ, Бодохоор л инээд хүрээд байдын.

Явсан суусан газрынхаа тухай бичих гэхээр

Явсан суусан газрын тухай бичих гэхээр Нурсан сүйдсэн газрын тухай болчих гээд, үзсэн харснаа бичих гэхээр бас л унасан хэмхэрсэн юм болчих гээд болдоггүй ээ. Мияаги мужид байгаа гэсэндээ энэ мужийн бараг л бүх хотоор яваад гүйцээх бололтой. Сургуулиас зохион байгуулаад явж байгаа болохоор дуртай явна гэж яана. Харамсалтай нь газар хөдлөлтөнд өртсөн сөнөсөн сүйдсэн хот, байшин барилгын талаар бичих болчоод хэцүү юмаа нээрээ. Яахын бэ би. Бичих үү болих уу? Сонин болгоод бичье гэхээр бөөн сүйрсэн, нурсан юмны тухай болчих гээд байна шдээ. Үзүүлье гэвэл бөөн зураг байна л уг нь. Мияги мужийн Натори хот 3 ч орж сайн дурын ажил хийлээ. Одоо бас 7 хоног бүр явж, сайн дурын ажлаа хийгээд л байх юм гэсэн. Натори хотын зурагнаас.Энэ хотын нэг хэсэг бол тэр чигээрээ алга болсон байна лээ.

Өнгөрсөн 7 хоног Фукушима мужийн хамгийн наад захын нэг хот руу хальт очиж үзсэн. Фукушима муж ч Мияаги мужийг бодвол цунамид өртсөн нь гайгүй байна лээ.

Өчигдөр Мияаги мужийн Кесеннума хот орж, цэцэрлэг, бага, дунд сургуулиар орж баатарлаг үйлс бүтээв. Бидний баатарлаг ч юу байхав дээ, гадаад оюутан гэдгээрээ түрий бариад сургуулийнхаа багш нарын далбаан доор намирч байгаад л ирсэндэг. Жаахан хүүхдүүдтэй тоглож, тэднийг өхөөрдөж бас хажуугаар нь өрөвдөж байгаад ирсэн. Гадаад оюутан гэж давуу эрх эдлээд бараг л сургуулийнхаа Япон оюутнуудаас түрүүлж арга хэмжээнд ороод, цунамид өртсөн газруудыг үзээд байгаам бишүү. Сургуулиас 7 хоног бүр нэг арга хэмжээ зохиогоод бид нар хамрагдаад гамшигт өртсөн газруудаар яваад байгаа.

Натори хотыг анх харахад аймаар байсан ба цөөн зурагтай бичлэг оруулсан өмнө нь.  Гэтэл Кесеннума хотод очиход “ээ бүү үзэгд, байгалийн гамшгийн өмнө хүн юу ч биш юм байна” гэмээр, жинхэнэ аймаар дүр төрх угтсан. За ингээд бичлэг маань аймшгийн кино шиг болчих гээд байх юмаа. Юутай ч цөөн хэдэн зураг оруулъя. 

Хотын нэг хэсэг бол тэр чигээрээ байхгүй болсон байна лээ

Машиныг бол хачин аймаар овоолсон байна лээ

Ийм өндөр бетонон гүүрийг таслаад л хаясан байна энэ цунами чинь


Натори, Кесеннума орж үзчээд Сендай хот харьцангуй бага хохиролтой өнгөрч, бас одоо амар амгалан сайхан байгаам байна гэж санаа амарсан. Тэгээд бас байгалийн гамшиг аль ч улсад дахин бүү болоосой гэж залбирч явлаа.

Sendai хот нэг иймэрхүү байна.

Натори хотын тухай бичлэг оруулнаас хойш Sendai хотынзураг оруулмаар санагдаад. Sendai хотын төв хэсэг зүв зүгээр байгаа. Амьдрал хэвийн үргэлжилж байна. 4 сарын 1-д газ ирж амьдрал хэвийн болсон гэсэн. Намайг 5 сарын эхээр ирэхэд яг л урьд нь ямар байсан тийм байдалтай амьдрал сайхан байсан. Одоо бол хэвийн байгаа. Хотын төв хэсэг  Их сургуулиудын хотхонууд хэвийн сайхан үйл ажиллагаагаа явуулж байгаа.

Ингээд хэдэн зураг оруулъя. Sendai хотын төв хэсэг шүү.

Дараах зургууд бол Тохоку Их сургуулийн эмнэлэг. Их том эмнэлэг байдаг юм.

Тохоку Их сургуулийн Катахира оюутны хотхон, энд инженерийн чиглэлийн сургуулиуд байдаг юм.

За ингээд Sendai хотын төв хэвийн бөгөөд амьдрал нь амар амгалан урьд өмнөх шигээ сайхан үргэлжилж байгаа шүү.

Он цагийн тоолол

June 2011
M T W T F S S
« May   Jul »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930