9-р сарын 1 болох гээд л …

Цаг хугацаа гээч мөн ч хурдан юм. Саяхан л оюутан сурагчдын зуны амралт эхэлж байсан, саяхан л их сургуулиудын элсэлтийн шалгалт болж байсан, саяхан л наадам болоод шинэ цолтнууд төрөөд бужигнаж байсан. Гэтэл одоо 2-хон хоноод 9-р сарын 1 болох гэж байдаг.

9 сарын нэгэн дээ

Ерөөсөө бидний баяр даа гэж дуу бий дээ.

Магадгүй 9-р сарын 1 бүх Монголчуудын баяр шүү дээ. Яагаад гэж хэрэгт дурлавал чинь би хариулъя.

9-р сарын 1 гэдэг шинэхэн, бяцхан, өхөөрдөм хөөрхөн сурагчдын хувьд эрдмийн аянд мордож байгаа эрдмийн анхны баяр, харин хуучин сурагчдын хувьд зунжингаа санасан ангийнхаа андуудтай уулзаж зуны амралтынхаа сонинг хуваалцах, хэн нь өсч том болж вэ, хэн нь хөөрхөн болж вэ, хэн нь яаж өөрчлөгдөж вэ гэдгийг харах, найзуудтайгаа уулзах баярт өдөр яахын аргагүй мөн.

9-р сарын 1  гэдэг оюутнуудын хувьд ч гэсэн сэтгэл хөдөлгөсөн, догдлол төрүүлсэн баярын өдөр. Шинэхэн оюутнууд Их, Дээд сургуулийн үүдээр алхаж, сурагч биш оюутан гэдэг эрхэм нэрийг зүүн, амьдралынхаа ирээдүйг тодорхойлох шив шинэ ертөнцөд хөл тавин, “энэ сургуульд сайн сурч, мундаг хүн болно доо” гэсэн гэгээлэг, өөдрөг бүхнийг бодон, шинэ бөгөөд үеийнхээ найз нөхөдтэйгээ танилцан, багшдаа загнуулаад л гүйж явдаг бяцхан сурагч биш харин өөрийн ухамсар, оюунаараа аливаа эрдмийг задлан шинжилж, гүнзгийрүүлэн суралцаж эхлэх их эрдмийн баярын өдөр.

Хуучин оюутнууд ангийн андуудтайгаа уулзах гэж, сонин хачнаа сонирхуулан ярих гэж, магадгүй зунжингаа санаж, зүүдэлсэн хэн нэгэн хүнийг харах гэж, ирж байгаа шинэ хичээлийн жилд амжилтаа улам ахиулан суралцах гэж 9-р сарын 1-д сургууль руугаа яаран яаран ирдэг.

Зарим эцэг эхчүүд охиноо, хүүгээ анхны өдөр сургуульд явуулах, эрдмийн аянд мордуулах гэж яарч догдлон баярладаг бол зарим нь хүүхдүүдээ сургууль руу нь сүү өргөн үдэж өгөн, эрдмийн ихийг сурч, сайн болохыг ерөөдөг учраас 9-р сарын 1 яах аргагүй эцэг эхчүүдийн баярын өдөр. Тэр ч бүү хэл жаалуудын хувьд цэцэрлэгт явж, шинэ орчинд орж, шинэ найзуудтай болж эхлэх баярын өдөр. Гэхдээ хамгийн хөөрхөн нь  ээж ааваасаа бараг холдож үзээгүй бяцхан жаалуудын маань зарим нэг нь өнгө өнгийн олон тоглоом хараад баярлахдаа ээж ааваа баяртай ч гэхгүй анги руугаа гүйгээд ордог бол, бараг ихэнх шинэ жаалуудын хувьд уйлан байж ээж аавыгаа ангиасаа гаргадаг, тэр ч бүү хэл зарим нэг өрөвчхөн ээж аавыг “хүүгээ сэвэл охиноо цэцэрлэгт нь явуулахаа больдог ч юмуу” гэж хүртэл бодогдуулаад, сэтгэлийг нь гэгэлзүүлээд авдаг учраас энэ өдөр нэг л гэгээлэг өдөр.

Багш нарын хувьд хамгийн их бүр хамгийн их хүлээж догдолдог, сэтгэл хөөрч баярладаг эрдмийн баярын өдөр бол 9-р сарын 1 мөнөөсөө 1 мөн. Шинэ анги авсан багш нар ангийнхаа шинэ хүүхдүүдтэй танилцах, хуучин ангитай багш нар сурагч нарынхаа хэр том болсныг, хэн нь хэрхэн өөрчлөгдсөнийг харах гэж, хамгийн гол нь 9-р сарын 1-ний өглөө сургуулийн өмнө бужигнах хэдэн мянган сурагчдыг харах гэж, тэдний эрдмийн ихийг сурах гэж тэмүүлсэн их тэмүүлэл, гэгээлэг хүсэл мөрөөдөл, аз жаргалтай инээдийг нь харж мэдрэх гэж, түмний олон хүүхдэд ихийн ихийг болж өгвөл эрдмийн оргилыг нь зааж сургах гэж 9-р сарын 1-ийг догдлон, догдлон хүлээдэг учраас багш нарын хувьд их хүндэтгэлтэй ханддаг сайхан баяр.

“9 сарын 1” гэж хэлэнгүүт хүн бүрийн сэтгэлд Шинэ хичээлийн жил, сургуулийн тухай бодогддог гэхэд эргэлзэхгүй байна.

9-р сарын 1 гэдэг нэг л сайхан ирээдүй рүү тэмүүлэх эхлэлийг тавьж өгч байгаа юм шиг, хүсэл мөрөөдөл бүхнийг минь биелүүлэх өдрүүд эхэлж байгаа юм шиг гэгээлэг, өнгөлөг сайхан өдөр.

9 сарын 1 болох гээд л сэтгэл гэгэлзээд байх юмаа. Хамт олноо, хамгийн гол нь ангийнхаа хүүхдүүдийг, хэдэн хөөрхөн шавь нараа санаж байнөө. Багшаа, багшаа гээд л тал талаас өөрийн болон өрөөлийн сонин хачинг ярин шуугилдаад л, хааяа нэг өөр ангийнхны тухай тэр ч бүү хэл багш нарын тухай бяцхан хов хүргээд л, хаанаас нь гардаг юм гэмээр ихийн их энерги цацруулж явдаг хүүхэд гэдэг хөөрхөн амьтан.

9 сарын 1 болж байхад зүв зүгээр суугаад, амраад л, юу ч хийхгүй байхаар сонин санагдаад байх юм. Хэхэхэ. 9 сарын 1 дөхөхөөр сэтгэл ингэж их гэгэлзэж, хэдэн шавь нараа ингэж их санана гэж бодоогүй л явсан байна.

 

 

Завтай мөртлөө завгүй өдрүүд

8 сарын 12-оос зуны амралт маань эхлээд 10 гаруй хонож байна. Блогтоо бараг бичлэг хийгээгүйгээ өнөөдөр мэдлээ. Хоёрхон бичлэг хийжээ. Хичээл номоо бол бүр сөхөж ч хараагүй, амралт эхэлснээс хойш ганц шагайгаагүй байна. Тэгээд бараг хагас сар юу хийв би гэдэг хүн? /Өөрийнхөө тухай эргэцүүлэн бодов/

Эхний 2 хоног хийх юм олдохгүй, их уйтгартай хэцүү байв. Ажилгүй хүмүүс яаж тэвчээртэй нь аргагүй удаан хугацаагаар юу ч хийлгүй амьдарч чаддаг байнаа гэж бодож, тэр хүмүүсийн тэвчээрийг биширч нэг үзэв.

Аз болж дараагийн өдөр нь нет ухаж яваад НУУЦ киног олж үзэн амьдралаа өөр өнцгөөс нэг харж үзэв. Би өмнө нь Нууц-ын номыг нь уншиж байсан ч кино шиг нь сайн ойлгоогүй л явж. Тэгээд НУУЦ-ыг амьдралдаа хэрэгжүүлэхээр шийдэв. Би ч угаасаа өөдрөг хүн, бас бага ч гэсэн амьдралын зорилготой болохоор энэ бол надад гайгүй амархан байнаа. Би мөрөөдлөө, зорилгоо байнга бичдэг. Сая харин өөр өнцгөөс харж байгаад шинэ зорилгууд ахиад биччихлээ. Харин мөрөөдлийн самбар хийж үзээгүйм байна лээ. Тэгээд тийм самбар хийхээр шийдэж гоё гоё зурагтай сэтгүүл олж ирсэн. Маргааш хийнэ дээ. Сэтгүүл хайх нэрээр хэд хоног дэлгүүр хэсэв. Бас зүгээр байсангүй гутал, хувцас, ном, сэтгүүл, харих болоогүй байж Монголд байгаа зээ дүү нартаа тоглоом, хувцас, бичгийн хэрэглэл гээд хэрэгтэй хэд хэдэн юм худалдаж аваад амжсан. Бас хажуугаар нь хэд хэдэн аятайхан кино нетээс олоод үзчихсэн. Юу ч хийхгүй, амраад, зүгээр байх их уйтгартай ч бас өөр төрлийн ажил амжуулахад аятайхан юмаа. 10 гаруй хоног зуны амралт эхэлсэн завтай мөртлөө, жижиг сажиг ажил амжуулсаар завгүй өнгөрөөжээ. Одооноос эхлээд амралтаараа Блогтоо жаахан цаг зав зарцуулнаа.

Дуучин Нара-гийн ухаалаг ярилцлага

Нетээр нэгжлэг хийж яваад (Хихи) дуучин Нара-гийн 2010 онд өгч байсан ярилцлагыг олж үзлээ. Ярьж байгаа зүйл болоод илэн далангүй байдал нь их таалагдлаа. Их ухаалаг, бас царайлаг хөөрхөн бүсгүй юм. Цаанаа л нэг донжтой, инээж байгаа нь сэтгэл татмаар сайхан бүсгүй юмаа.

Японд багагүй хугацаанд сурч амьдарч, Англи бас Япон хэл мэддэг гэхэд Монгол хэлээрээ их цэгцтэй, зөв ярьдаг нь надад хамгийн их таалагдлаа. Хичнээн гадаад хэл мэддэг ч гэсэн яриан дундуураа гадаад үг оруулахгүй Монголоороо ингэж сайхан цэгцтэй ярьж байгаа нь сайхан санагдлаа.

Нараг сонин хэвлэлээр янз бүрээр бичээд л байдаг, тэрийг нь уншсаар байгаад бараг сөрөг ойлголттой болсон байсан миний өчүүхэн бие энэ нэвтрүүлгийг үзээд огт өөр зүйл бодсоноо нуугаад яахав. Энэ бүсгүйгээр их бахархлаа. Ер нь бид ийм ухаалаг, сайхан хүмүүсийн үгийг сонсож, тэднийг ойлгож, дэмжиж баймаар санагдах юм.

НАРА чамд, чиний цаашдын уран бүтээл болон амьдралд тань өндрөөс өндөр амжилт хүсье.

 

 

Энэ нэвтрүүлгийг Youtube-ээс авсан боловч эх үүсвэр нь http://www.shinekino.mn байна лээ. Ийм сайхан нэвтрүүлэг оруулж өгсөнд баярлалаа.

 

Нууц

Хүсэл биелдэг.

Бодлын хүч бол маш хүчтэй. Юу бодно тэр бүхэн биелдэг.

Өнөөдөр таны бодож, мэдэрч байгаа бүхэн таны ирээдүйг бүтээдэг.

Үүний нууц юунд оршино вэ. НУУЦ-ын тухай кино…

 

Зүүдээ гэж… Хэхэ

Би гудамжаар их л аз жаргалтай хүн жүжигчин Болд-Эрдэнэтэй хамт алхаж явах юм. Драмын 4 гээд байдаг нөгөө авъяаслаг, царайлаг 4 залуус болох Амгаа, Пара, Эби, Бооёо нарын Бооёотой нь би гэдэг хүн ичих ч гүй баясгалантай нь аргагүй хотын төвөөр алхаж байнаа. Хамгийн аймаар нь би нөхрөөсөө салчихсан байх юм гэнэ. Нөхөр маань хаа ч байгаам бүү мэд. Тэгсэн өнөөх Бооёо чинь “Би эхнэрээсээ салнаа, би чамд сайн” гэж байна. Би өөдөөс нь “Над шиг царай муутай амьтныг яаж тоовоо?” гээд л инээгээд байх юм. Тэгсэн харин “Чиний царайд чинь биш, харин сайхан сэтгэл, хөөрхөн аашинд чинь татагдчихлаа” гээд л над руу хараад зогсоод байх юм гэнэ. Би ичээд ч байгаамуу, санаа зовоод ч байгаам уу балмагдаад л дотроо “энэ үнэн ярьж байгаа болуу” гэж бодоод, аягүй муу санаатай хажуугаар нь. Хэхэ. Бас болоогүй ээ “”Би нэг юм асууя, Би ч яахав олны танил биш хүн. Өөрийг чинь л ийм хүүхэнтэй хотын гудмаар зугаалж байна, эхнэрээсээ салах гэж байгаа гээд хэвлэлээр бичээд байвал яахуу?” гээд л их ноцтой асуулт тавьж байнаа. Бооёо хариуд нь “Яадын яадын нэг л олдох нас юм чинь, хэн ч юу ч гэж байсан жаргаад л өнгөрөөх хэрэгтэй” гээд байхын. Тэгээд л бид 2 хотын төвөөр л алхаад байх юм, хаа ч хүрэх гэж байгаам, юу ч хийгээд яваад байгаам бүү мэд. Их аз жаргалтай 2 байнаа нээрээ. Тэгсэн гэнэт 1 сэтгүүлч бололтой хүн гараад ирсэн чинь нөгөөх чинь намайг чирээд л гүйчихсэн. Бид 2 аймаар хурдан гүйгээд л, би дотроо “ингэж гүйхээ мэдсэн бол өндөр өсгийтэй сандаал өмсөж байхаар намхан гутал өмсдөг байж” гэж бодоод байнаа хажуугаар нь. Гэнэт 1 томоо нүх гараад ирэхийн, тэгээд л бид 2 тэр нүхэн дээгүүр үсрэх гээд л ухарч байсан чинь хажуугаар машин яваад аймаар чанга сигналдаад, бид 2 цочоод эргээд хартал …… сэрүүлэг маань дуугараад би сэрчлээ. Хаха. Үнэн бол сайхан л байхаар зүүд байлаа. Гэхдээ л инээд хүрээд байх юм. Тэр сайхан залуу намайг тоогоод байхдаа яахав дээ ер нь. Би хэзээдээ ч, ямар ч шалтгаанаар нөхрөөсөө салчдын.  Хэзээдээ ч Монголд оччихдын. Зүүдээ гэж үнэн сонин ертөнц шүү.

Би тэр Драмын 4-ийн улаан фен л дээ. 2 удаа тоглолт хийхэд нь 2-ууланг нь үзсэн. Жүжгүүдийг нь бол алгасалгүй үздэг байлаа. Эх орондоо эргэж очоод бас л үзэх нь тодорхой. Дууг нь байнга сонсдог. Тэгээд л зүүдэнд ороо байлгүй дээ. Хэхэ.

Ийм учиртайм байна 2

Үргэлжлэл…

– Японы байрнууд гадна талдаа шаттай, гадна талаасаа гэр лүүгээ орно. Манайх шиг орцтой байр бараг л байхгүй. Байхгүй гэсэн ч болно доо. Дандаа гадна талаасаа шатаар өгсөж ордог байрууд байдаг. Монгол шиг орц хийхэд яадаг байнаа, гаднаас шууд орохоор гэрт жавар ороод хүйтэн баймаар юм гэж боддог байлаа. Гэтэл энэ нь өнөөх газар хөдлөх ч юмуу гэнэтийн асуудал үүсэхэд хэрэгтэй байдаг учиртайм байна. Өөрөөр хэлбэл газар хөдөллөө гэхэд хүмүүс орцоор дамжин гадагш гарахгүй харин шууд  гэрийнхээ хаалгыг нээгээд л гадагшаа гарна шүү дээ. 3 сард газар хөдлөхөд хүмүүс пижигнэлдээд л өнөөх гадны хаалгаараа үсрээд  үсрээд гарч ирээд байсан. Аюулгүй байдлын үүднээс ингэж барьдаг гэнээ. Энэ нь ч зөв юм. Орцтой байр бол орцоор нэг хүн бужигнаад бас л бөөн төвөг үүснээ дээ. Япончууд ухаантай.

– Анх энд ирэхэд дэвүүр барьж явсан хүмүүс хаа сайгүй л байсан. Тухайн үедээ гайхаж л байлаа. Гэтэл энд зун нь ерөөсөө нээх сайхан салхилдаггүйм байна. Их бүгчим халуун байх юм, дээрээс нь салхилахгүй болохоор өөрийн эрхгүй ямар нэг аргаар салхи бий болгомоор болох юм. Монголын үнэртэй салхи гэж үнэн үг юмаа. Хааяа нэг сайхан сэнгэнэтэл салхилаасай гэж бодох юм. Тэгээд халууцахын эрхэнд нөгөө дэвүүрийг чинь байнга хаа явсан газраа хэрэглэдэг болсон. Салхигүй бүгчим халуун байдаг болохоор хүмүүс дэвүүрийг байнга хэрэглэдэг учиртайм байна.

– Гудамжинд яг л нэг газраас өөр өөр өнгийн цэцэгнүүд байнга ургаад л байдын. Шар өнгийн цэцэг ургасан байхад хэд хоноод өнөөх шар цэцэг нь унаад оронд нь улаан цэцэг ургасан байх жишээтэй. Хэд хоноход өнөөх газар ягаан цэцэг ургасан байдын. Би үүнийг их гайхдаг байлаа. Гэтэл тэр цэцэг ургаад байгаа газарт хэд хоноод л хүн хүрч ирээд шинэ цэцгийн үр суулгаад байдым байна. Тэгээд л нэг газар байнга өнгө өнгөөрөө цэцгүүд ургаад байдаг учиртайм байна.

Он цагийн тоолол

August 2011
M T W T F S S
« Jul   Sep »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031