Ангийн нууц (Шинэчилсэн)

За ангиудын нууц задалж жаахан хэрэг таръя байз.

Бага байхад ангийн нууц гээд л мөн ч их сүрхий юм болдог байж билээ. Харин хамгийн сонин нь тэр нууцаас хэд хэд нь задарчихсан байсан даг. Манайхан өөрсдөө л задалсан байх даа бодвол. Ангийн нууц задлах маш хориотой, задалбал бараг л “урвагч” гэж тооцогддог байлаа шдэ. Эхлээд өөрөө сурч байсан ангийн нууцаасаа ганц нэгийг задалъя.

1. Балан харандаан багш

Манайд хими, биологи заадаг багш байлаа. Тэр багш зарим үгийг их сонин хэлнэ. Жишээ нь Балын харандааг Балан харандаа, Баллуурыг Балруулга гэнэ. Баллуур гэдэг үгийг барагтай бол хэлэхгүй болохоор бид шоолохгүй, харин хичээл дээр “За хүүхдүүдээ, балан харандаагаа гарга” гэхээр бүгд жуумалздагсан. “Балан харандаа” гэдэг үгээ өргөлттэй тод хэлнэ. Хичээлээ маш гоё заадаг учраас бид их хүндэлдэг байсан. Тэгээд бид тэр багшдаа “Балан харандаан багш” нэр өгөв. “Балан харандаан багш бид нарын балан харандааг гаргуулж, балан харандаагаар хүснэгт, схем зуруулах гээд ирж явна” гээд л инээлдэнэ. 90-н хэдэн онд хэдийгээр ардчилсан нийгэмд шилжсэн байсан ч Соц нийгмийн хүмүүжил, ёс суртахуун арилаагүй байсан болохоор бид их хүмүүжилтэй байсан. Багш нартаа хамаагүй нэр хоч өгөхгүй, өгвөл их нууцалдаг байсан. Тийм болохоор багшдаа Балан харандаа багш гэсэн нэр өгсөн нь нэг хэсэгтээ л ангийн нууц байлаа. Энэ нууц нэг л мэдэхэд задарчихсан байсан. Балан харандаан багш маань бидэнд юм хэлээгүйээ хөөрхий.

2. Ангийн журнал алга болсон нь

Нэг өдөр хичээлдээ иртэл ангийн журнал алга болоод бөөн хэрэг мандсан байв. Ангийн багш бүх хүүхдүүдээс нэг бүрчлэн “хамгийн сүүлд хаана, хэзээ журнал харсан” гээд л  асууж, шалгаагаад л байлаа. Зарим нэг нь 3-р цаг дээр байсан, зарим нь үзээгүй гээд л, бүр зарим нь жижүүр хүүхэд хамгийн сүүлд хараагүйм үү гээд л бөөн асуудал үүсвээ. Ангиараа багшид загнуулав, орж ирсэн багш болгон журнал нэхэж биднийг загнана. Хэд хоног бөөн дарамттай байлаа. Ядаж байхад улирлын дүн гарах болчихсон байсныг ч хэлэх үү. Муухан дүнтэй нь бөөн баяр, сайн дүнтэй нь нөгөө журналыг олохын түүс болон уурлаж байсан сан. Одоо бодоход ангийн багш хичээлийн эрхлэгчид баахан загнуулсан байхдаа хөөрхий. Төд удалгүй шинэ журналтай боллоо. Багш ангийн даргыг журнал хариуцаж бай гэж үүрэг өгөв.  Тэгсэн улирлын дүн гарах болоход зарим багш нар маань ихэнх нь дүнгээ гаргачихсан байсан бас зарим нь хувийн журнал дээрээ дүнгээ хуулсан байсан болохоор ихэнх хичээлийн дүн төвөггүй гарлаа. Гэтэл Монгол хэлний дүн гарах гэж бөөн юм болов. Монгол хэлний багш маань хувийн журналгүй бас дүнгээ гаргаж амжаагүй байсан болохоор дүн гаргах гэж бид нарыг шүүслэж өглөө. “Ангиараа давхар, давхар муу авчаад ичихгүй журналаа  нуудаг хүмүүс толгойд байгаа юмаа нуухгүйм байгаа биз дээ” гээд л их ууртай хүн биднийг лав л 7 хоног шүүслэсэн юмдаг. Өдөрт 2 зохион бичлэг хий, сурах бичгийн дасгал бүгдийг нь ажилласан бай. Хичээл дээр бүгдээс нь нэг нэг л асуулт асууна, хариулж чадахгүй бол шууд муу тавина” гээд л бид 7 хоног Монгол хэлний хичээлээр ёстой л нэг амьсгалсан юмдаг. Би ч багшийн хэлсэн үгний учрыг сайн ойлгосонгүй. Би яг тэр хэрэг мандахын өмнөхөн Улсын физикийн олимпиадад орох гээд 14 хоног хичээлдээ суугаагүй, чөлөөтэй байсныг хэлэхүү, хөлд нь үрэгдэхээ шахсан. Гэхдээ энэ дуулианы буянаар чөлөөтэй байсан өдрүүдээр багшийн заасан хичээлийг ангийнхныхаа тусламжтайгаар нөхөж аваад бас дээрээс нь өдөр бүр бичсэн зохион бичлэгүүдийн ачаар их олон Онц авч билээ. Манай ангийнхан тэр улирал Монгол хэл дээр бараг бүгд онц, сайн гарч урьд нь болж байгаагүй амжилт тогтоов. Ингэсгээд тэр улирлын дүн ч гарч, дуулиан ч намжив. Хавар болоод бүх хичээл, шалгалт дууссаны дараа ангидаа их цэвэрлэгээ хийгээд байж байтал ангийн өдрийн гэрлийн дээд талаас нөгөө хайгаад олдохгүй байсан журнал гараад ирдийм даа. Манай ангийн өдрийн гэрлийн бүрхүүл нь хавтгай байсан ба бүрхүүл тааз хоёрын хоорондох зайнд журналыг хийчихсэн байдым даа. Ангийнхан шуугиад л явчлаа. Хаалгаа түгжиж аваад бид нар Монгол хэлний хичээлийн дүнг үзэв. Гэтэл манай ангийнхан бүгдээрээ 2-ын 2 мууг ташраараа авсан байсан шдээ. Би бас ганц 2 хүүхэд чөлөөтэй байсан болохоор бид хэдээс бусад нь бүгд Муу авчихсан байсан. Бүр 2-ын 2 Муу шүү. Ангийнхан “За чимээгүй байцгаа, ангийн багшид хэлж болохгүй. Харин ч журнал нуусны буянаар бид нар Монгол хэл дээр 7 хоногийн дотор асуугдаад бүгд Онц, сайн гарсан шүү дээ. Энэ тухай хэнд ч хэлж болохгүй, Ангийн нууц ” гэвээ. Тухайн үед чөлөөтэй байсан бид хэд бүр гайхаад “Яагаад бүгд муу авчдаг байнаа” гэхэд манай ангийнхан тухайн үед маш их өрсөлдөөнтэй болдог байсан АСТ тэмцээнд бэлдэж байгаад нэг өдөр хичээлийн дараа үдээс хойш шалгалт авна гэснийг нь мэдсээр байж “За бүгд шалгалтанд очихгүй бол багш яах ч гүй жаахан загнаж байгаад өнгөрнө биз” гэж тохироод бүгд шалгалтанд очоогүй гэсэн. Тэгээд л нэг Муу дүнг ангиараа аваад тун удалгүй бас л нөгөө тэмцээндээ бэлдсээр байгаад бүгд зэрэг даалгавраа хийж ирэлгүй нэг муу дүн авсан байсан. Шалгалтанд ангиараа очдоггүй бөх зүрхтэй хүмүүс шүү. Хамгийн сонирхолтой нь тухайн үед журналыг хэн тэнд нуусан нь бүр ч Нууц хэвээр үлдэв. Гэтэл саяхан 3 жилийн өмнө манай ангийнхан уулзаад энэ хэргийн талаар ярьж баахан инээлдэж байгаад “Ингэхэд журналыг хэн тэнд нуусан бэ” гэж асуусан чинь манай ангийн Бүлгийн дарга гуай Салааны дарга нартай нийлээд 4-үүлээ үгсэн тохироод нуусан байдым даа. Тэр үед энэ хэрэг баригдсан бол манай ангийн хурган дарга нар багш нарын хурлаар ороод бөөн шуугиан тарих байсан байна лээ шдээ. Ямар азаар тухайн үед нууц задраагүйм бэ гэж.

За одоо шавь нарынхаа нууцаас задалъя.

Үерхэлдээ үнэнч бай даа

Манай ангид А гэдэг хүү байсан. Хичээлдээ ч сайн ялангуяа биеийн тамирын хичээлдээ их сайн, спорт хөөсөн хүү байлаа. Хүн болгонтой нийтэц, хөгжилтэй хүү. Сургуулийн урлагийн үзлэг боллоо. Манай ангийнхан бэлдээд л байв. Би ч бүх номерыг хүүхдүүдэд хуваарилж өгөөд бэлдүүлдэг байлаа. Гэтэл Гоцлол хөгжим дарах хүүхэд олддоггүй ээ. Маргааш нь л манай ангийнхан “Багшаа А төгөлдөр хуур дардаг юм, танаас нуугаад байгаа юм” гэж байна. Би ч баярлаад л “А минь төгөлдөр хуур дарж анги хамт олноо гоцлол хөгжмийн номер дээр аварч гар. Гэрт чинь төгөлдөр хуур бий юу?” гэлээ. Гэтэл А “Гэрт төгөлдөр хуур байх ь ч байгаа л даа. Гэхдээ багшаа би …” гээд л дүлэгнээд байв. Ангийнхан ч “Чи чаднаа, чадна” гээд шуугиад байв. Тэгэхээр нь би А-г гэртээ төгөлдөр хуур дарж бэлдэх үүрэг өгөв. Урлагийн үзлэгийн өмнөхөн би ангийнхаа номеруудыг тоглуулж үзэхээр болж шалгалаа. Гэтэл А ирсэнгүй, харин ангийнхан маань “А гэртээ бэлдэж байгаа, та санаа зоволтгүй” гээд л байв. Би ч итгэлээ. Урлагийн үзлэг болов. Манай ангийн Гоцлол хөгжмийн номер гарах болтол А байдаггүй, миний сандарсан гэж. Гэтэл манай ангийнхан А-г дагуулаад гүйгээд ирлээ. Би ч баярлаад л “А минь авъяасаа үзүүлээд өгөөрэй” гээд л тайз руу гаргалаа. А төгөлдөр хуурыг маш сайхан тоглолоо. Бүх багш нар бас охид их гайхаж, баяр хүргэж нижигнэсэн алга ташсан юмдаг. Гэтэл урлагийн үзлэгийн дараа А байсангүй, ангийнхан маань “Багшаа А гэрлүүгээ харихаар явсан” гэлээ. Ингээд л урлагийн үзлэгээр манай ангийнхан гоцлол хөгжмийнх нь шагналыг авч 3-р байранд орж бөөн баяр болов.

Дараахан нь сургуулийн шинэ жилийн концерт болох гээд хичээлийн эрхлэгч манай ангийн А-г төгөлдөр хуур тоглуулах хэрэгтэй байна гэлээ. Би А-г ангидаа дуудаад энэ тухай хэлтэл А “Багшаа би танд нэг юм хэлье” гэж байна. Гэтэл ангийнхан маань “А гуай үерхэлдээ үнэнч байгаарай” гээд л шуугицгаагаад байх юм. Тэгж хэлэхээр нь А дуугүй болчих юм. Эд нар юу гээд байгаам бол гэж бодоод бүр гайхлаа. Тэгээд А-г өрөө рүүгээ дагуулж ороод ярилцлаа. Гэтэл А надад хамаг нууцаа хэллээ. “Багшаа та намайг битгий загнаарай. Үнэндээ бол би ихэр л дээ. Нөгөө ихэр маань Хөгжим Бүжгийн Коллежид сурдаг болохоор төгөлдөр хуур сайн дардаг. Харин би төгөлдөр хуур дээр бараг сууж ч үзээгүй. Эртээд урлагийн үзлэг болоход манай ангийнхан миний ихрийн өрөөсөнг мэддэг болохоор тэрүүгээр төгөлдөр хуур даруулчъя гэж ярьсан юм. Би эхэндээ зөвшөөрөөгүй, сүүлдээ яахав зөвшөөрсөн л дөө. Үнэндээ бол эртээд би биш миний ихрийн өрөөсөн төгөлдөр хуур дарсан юм. Энэ тухай танд хэлж чадаагүй юм. Би танд л гэж нууцаа хэллээ шүү. Энэ уг нь Ангийн нууц. Ангийнхан Үерхэлдээ үнэнч бай гээд байгаа биз. Тэр чинь Ангийн нууцаа битгий задлаарай гэсэн үг. Одоо намайг манай ангийнхан үзэхгүй байх даа” гээд хамаг нууцаа дэлгэвээ. Би ч ангийн гоцлол хөгжмийн номерийг авч гарах гэсэн ангийнхаа хүүхдүүдийн сэтгэлийг, бас А-гийн сэтгэлийг сайн ойлгож байсан болохоор А-тай нэлээд ярьсны эцэст 2-уулаа хуйвалдлаа.

“Багш нь ойлголоо. Харин дараа нь дахиж ийм болчимгүй юм хийвээ. Гэхдээ багш нь энэ тухай хэнд ч хэлэхгүй. Чи ангийнхандаа багшид юу ч хэлээгүй гэж хэлээрэй. Тэгэхгүй бол цаадуул чинь нууц задаллаа гээд чамд дургүй болчихно. Би юу ч мэдээгүй юм шиг л байя, бас хэнд ч хэлэхгүй. Харин хичээлийн эрхлэгчид би чамайг гараа гэмтээчихсэн, хөгжим тоглож чадахгүй болчлоо гээд хэлчье. ” гэж тохиров. Энэ бяцхан яриа зөвхөн А бид 2-ын дунд үлдэхээр болж тохиролцов.

А ч ангийнхандаа надад Ангийн нууцаа задлаагүй буюу Үерхэлдээ үнэнч байсан тухайгаа хэлж би ч хичээлийн эрхлэгчид А-г  гараа гэмтээсэн тул төгөлдөр хуур дарж чадахгүй болчлоо гэж хэлснээр тэр асуудал дууссан юмдаг. Хэдийгээр  А маань орчин үеийн хүүхдүүдийн хэлдгээр үерхэлдээ үнэнч байгаагүй ч гэсэн надад нууцаа хэлснээр өөрийгөө хүнд байдлаас авраад харин А бид 2-ын дунд нууц яриа үлдсэн юм. Сургуулиа төгссөний дараа оюутан болсон хойноо А маань харин энэ тухай ангийнхандаа хэлчихсэн байсныг би ангийн дарга охиноос сонссон юм. Тэгээд л энэ нууцыг задалж сууна. Ангийн нууцаа гэж…

Advertisements

Алийн болгон

Алийн болгон сөнөсөн, нурсан юмны тухай бичихэв. Өөдрөг юм бичье дээ энэ чинь. Хүүхдүүдийн хөгжилтэй яриа санаанд ороод ойрд инээд хүрээд явсиймаа.

Манай нагац эгчийн охин их сэргэлэн охин бий. Нэг удаа эгч маань хүүхдүүдээ зурагтын удирдлагаа шидэж ирээд л том охиноо загнаад уурлаж л дээ. Орой нь нөхөр нь ажлаасаа иртэл удирдлага нь ажиллахгүй байж. Нөхөр нь гайхаад “Энэ удирдлага яачаа вэ, ажиллахгүй байна” гэсэн чинь бага охин нь дуугүй байж байснаа гэнэт “Зарим нэг хүн удирдлага шидээд л байсан” гээд ээжийгээ бариад өгсөн гэсэн.

Тэднийх 2 охин ганц хүүтэй. Хүүгээ юм л бол эрхлүүлнэ. Гэтэл 2 эгч нь дүүдээ охины хувцас өмсүүлээд их тоглодог гэнэ. Амралтын нэг өдөр ээж нь амарч байтал хүү нь эгчийнхээ палааж, дүплийг өмсөөд ороод ирж л дээ. Нагац эгч маань дургүйлхээд “Битгий дүүдээ охины хувцас өмсүүл, муухай эмэгтэй хүн шиг хүн болчдын” гэж гэнэ. Тэгсэн нөгөө бага охин нь “Ээжээ тэгвэл би эрэгтэй хувцас авч өмсье, тэгээд эрэгтэй болчъё, Хөвгүүд намайг хүч чадалгүй охин гээд байх юм. Эрэгтэй болчвол гоёо, муу шалчгар Дөлгөөнийг гөвөхгүй юу” гэсэн гэнэ лээ.

Тэр бага охин нь сонин юм их ярина. Нэг удаа тэднийх гандан орж ном уншуулах гээд нэлээн том тавгийн идээ бэлдэж л дээ. Гэтэл бага охин нь гэнэт “Хөөх ямар гоё гоё чихэр байнаа. Лам нарын шүлс нь гоожих байх даа” гээд аавдаа зэмлүүлсэн гэсэн. Хаха Лам нарын шүлс гоожоод байхдаа яахав дээ, Бодохоор л инээд хүрээд байдын.

Захидал ирлээ…

Сая шуудангийн хайрцгаа шалгасан чинь хөөрхөн хэдэн шавь нараас минь уртаас урт захидал иржээ. Баярласан гэдэг нь. Бүгд сонин сайхнаа бичээд гарын үсэг зурцгаажээ. Багшаа тэр тэгсэн, энэ ингэсэн, шинэ сурагч ирсэн, хөөрхөн охин ирсэн гээд л сонин сайхнаа бичиж өгчээ. Шинэ жилийн баяраар манай ангийнхан багш намайгаа их санасан юм байх. Би байхгүй болохоор жаахан тийм байсан гэнэ. Би шинэ жил дөхөхөөр ангийнхныхаа дунд 1 сарын аян зохиодог юм. “Талархлын 7 хоног”, “Бие биедээ туслах 7 хоног” гэх мэтээр ажил зохион байгуулдаг юм. Энэ жил тэгээгүй муухай байсан гэнээ. Тэгнээ хөөрхийс минь. Шинэ ангийн багш их хөөрхөн багш гэсэн байна бас. Хэхэ. Бүгд хичээлдээ их сайн байгаа гээд л олон сонин бичжээ. Шавь нараа саначлаа бүр.

Технологи хөгжчихөөд байхад шуудангаар захидал илгээгээд байхдаа яадын бэ, и-мэйлээр явуулахад яадын гэж бодож байна уу? Би шавь нарыгаа хүнд захидал бичье гэж бодож байвал цаг зав гаргаад, гараараа бичээд шуудангаар илгээвэл захидал чинь үнэ цэнэтэй гэж хэлдэг юм. Тэгж бичиж илгээсэн захидал тухайн хүний чин сэтгэл, хөдөлмөр шингэдэг юм шиг санагддаг. Би ч тэгэж захидал бичиж, илгээх дуртай. Энд ирснээс хойш 3 ч удаа ээж рүүгээ гараараа захидал бичээд шуудангаар илгээсэн. И-мэйлээр илгээж болно л доо. Гэхдээ и-мэйлээр илгээснээс бичээд шуудангаар илгээхэд хүний хөдөлмөр, захидал илгээх гэсэн чин сэтгэл шингэдэг юм. И-мэйлээр бол яахав дээ. 5-хан минутанд л хэдэн товч тогшоод л илгээчихнэ шүү дээ. Илгээж байгаа, авч байгаа хүнд 1 их сэтгэгдэл төрөхгүй. Харин дугтуйтай захидал авч задлах, унших их сайхан байдаг юм. Тэгээд л би шавь нартаа гараараа захидал бичиж явуулж байгаарай гэж захидаг юм. Гэтэл тэд маань өчүүхэн багшдаа захидал илгээжээ. Ямар сайхан юм бээ. Баахан инээж авав. Өнөөдөр захидал бичээд маргааш ангийнхандаа захидал илгээнээ.

Захидал гэснээс манай нөхөр бид 2 гэрлэхээсээ өмнө хоорондоо захидал их бичилцдэг байлаа шдээ. Захиа нь ирэхгүй удахаар санаа зовоод л, захиа хурдан явуулсангүй гэж тунирхаад л. Захидал нь ирэхээр юу гэж бичсэн бол гэж сэтгэл догдлоод л бас гоё шүү. Тэгсээр байгаад л хуримаа хийсэн юм даа. Хэхэ. Одоо бид 2-т нэлээн олон захидал байдаг. Хааяа уншаад инээлддэг юм. Сайхан дурсамж шүү.  Одоо ч захидал бичих ховрын үзэгдэл болж дээ. Гар утсаар яриад л эсвэл и-мэйл бичээд л болоо. Гэхдээ зав гарган захидал бичих гоё шүү.

Үүнийг уншсан хүн та захидал гараараа бичээд хамгийн дотны хүндээ илгээгээрэй. Тэр хүн чинь их баярладаг юм шүү. Амжилт хүсье.

Шүлгийн дэвтэр хулгайлсан нь …

Би чинь муугаа мэдэхгүй яруу найрагт их дуртай. Сайхан санагдсан шүлэг байвал заавал тэмдэглэлийн дэвтэр дээрээ хуулж авдаг байлаа. Одоо ч ажил, амьдралд дарагдаад шүлэг хуулаад сууж байхаа больж дээ. Шүмтэн уншихаас цаашгүй болж. Гэхдээ Монголдоо очоод, зав гарган гарган энэ сонирхлоо цааш үргэлжлүүлнээ. Сүүлд нь уншаад сууж байхад гоё байдаг юм.

Шүлэг хуулан бичдэг байсан үеэ бодоод сууж байтал нэг хөгтэй явдал санаанд ороод. Би оюутан байхдаа 1 хүүтэй хамт 1 ширээнд суудаг байлаа. Түүнийг С гэдэг. Одоо их мундаг ажил хийдэг хүн бий. С намайг бодвол их сэргэлэн, юм юм сонирхоно, дуулна, бүжиглэнэ, олон нийтийн арга хэмжээнд хамгийн түрүүнд орно. Их хөдөлгөөнтэй. Харин би их даруухан. Хичээл, хичээл, номын сан, гэр гэсэн л оюутан байлаа. Оюутан насаа сурахад зориулах ёстой гэсэн үзэл бодолтой хэнхэгдүү оюутан байсын би. Тэр намайг энэ олон ажилдаа татан оруулах гэж их зүтгэсэн. Харин би гэдэг хүн шавар бурхан шиг хөдөлж өгөхгүй. Заримдаа намайг зэмлэнээ “Чи одоо залуу хүн биз дээ” гэх. Би өөдөөс нь мөчөөгөө өгөхгүй “Чи хөгширсөн хойноо юм сурна гээд явах уу, чи энэ сургуульд оюутан нэр зүүх гэж сурдымуу” гэнээ бас. Тэгэхээр хөөрхий юм хэлэхгүй. Хэхэ. Мань хүн олон нийтийн ажил гэж явж явчаад л шалгалтан дээр надаас хуулах гээд хачиг шиг наалдаастай. Би ч сайн хуулуулдаг, заримдаа амжвал шалгалтын асуултыг нь хариулж өгдөг байсан. Шалгалтны дараа нээх хөөрхөн “Баярласан шүү, би одоо хичээлээ хийнээ” гэнэ. Эхний 2 жил хичээл бараг хийгээгүй дээ, харин дараагийн 2 жил их сайн хичээлээ хийж байгаад сургуулиа төгссөн шүү.

Гол сэдэв рүүгээ оръё. С хааяа анги дээр их сайхан шүлэгтэй дэвтэр авчирна. Заримдаа хичээл дээр тэр дэвтэрнээсээ өөр дэвтэр лүү шүлэг хуулаад суучихна. Би нөгөө дэвтрүүдийг нь үзэх гэж бөөн юм болно. Надад үзүүлэхгүй гээд л сүр болно. Би дэвтрийг гартаа барилгүйгээр, зөвхөн холоос шүлгийг нь уншдаг байлаа шдээ. С миний өмнө дэвтрээ дэлгээд барина, би гар хүрэхгүйгээр шүлгийг нь уншина. Тэгж уншихаар чинь тэр сайхан шүлэгнүүдийг яаж сайхан ойлгож, мэдэрч унших вээ дээ ер нь. Хэхэхэ. Их гоё гоё шүлэг байдаг байсан. С найз нарынхаа шүлгийн дэвтрийг авчраад өөрөө дэвтэр дээрээ хуулдаг байсан юм. Тэгсэн 1 удаа нэг дэвтрээс үнэхээр гоё шүлэг хуулаад байнаа. Тэр үед хичээл тарчихсан манай ангийнхан ангидаа юм хийгээд сууж байсан санагддын. Тэр хуулаад байгаа шүлэг нь үнэхээр гоё шүлэг. “Би чамаас 1 юм гуйя. Ганцхан наад шүлгийг чинь би хуулаад авчихъя” гээд гуйсан чинь “Үгүй болохгүй, би найзаасаа арайх гэж дэвтрийг нь гуйж байхад чинь шүлэг нь чиний дэвтэр дээр байж байвал найз маань уурлана” гэнээ. “Ээ ганцхан шүлэг ш дээ” гээд л “гуйлгачин” царайллаа. “Үгүй, үгүй. Би Монгол хэлээр хэллээ шүү” гээд л сүржигнэж байнаа. “За за боль, боль. Шалгалтан дээр танийг танихгүй шүү би” гээд л дарамталж үзлээ. “Би шалгалтаа өөрөө хийчнээ” гэчжээ нөгөөх чинь. Тэгээд би ч олон юм хэлсэнгүй дуугүй байлаа. Тэгсэн С шүлгээ хуулж дуусчаад, өөрийнхөө дэвтрийг цүнхэндээ хийчээд, “би найзынхаа дэвтрийг өгчөөд ирье” гээд гарлаа шүү ангиас. Гарахдаа азаар цүнхээ орхичлоо. Тэр хооронд миний нүд ажиллаж байгаа гэж жигтэйхэн. Хөөрхий урт гартангуудын нүд бас тэгж ажилладаг байх даа. Хэхэхэ

Тэгсэн надад “дэвтрийг нь гялс цүнхнээс нь аваад орж ирэхээс нь өмнө нөгөө гоё шүлгийг нь хуулчъя” гэсэн “мэргэн” бодол толгойд зурсхийгээд, дэвтрийг цүнхнээс нь авлаа, манай ангийнхан ажиглаж байгаа ч юм алга. Шууд дэвтрийг нь дэлгээд л шүлгээ хуулж эхэллээ. 2, 3-хан мөр хуулж байсан чинь С-ийн дуу коридорт сонсогдоод л ирж байнаа янз нь. Дэвтрийг нь цүнх рүү нь гялс хийх гээд л эргэсэн чинь ороод ирдийм даа ангид. Нөгөө гайтай дэвтрийг нь бариастай, зүрх цээжин дотор “Түг, түг” гээд л аймаар цохиостой, “Яаж энэ дэвтрийг нь цүнх рүү нь хийнээ” гээд бодоостой. Тэгсэн мөртлөө хөдөлж чаддаггүйээ. Хихи. Тэгсэн С миний хажууд ирснээ “Би явлаа. Маргааш уулзъя” гэж хэлээд “Хүүе” гэж хэлэхийн хооронд цүнхээ шүүрч аваад л гараад явчлаа. “Гэм хийсэн хүн гэлбэлздэг”-ийн үлгэрээр би чинь дэвтрийг нь дэлгээд шүлгээ ч хуулж чаддаггүй, ангиасаа гараад явчихаж ч чаддаггүй, хэсэг хугацаанд тэнэг хүн шиг суусан юмдаг. “Буцаад ороод ирэх вий” гэж бодогдоод ёстой эвгүйм байна лээ дээ. Тэгээд би шууд харих нь зөв, хариад сайхан шүлгийг нь хуулъя гэж санаад гэр лүүгээ явлаа. Харьсан хойноо тэр өдөр нөгөө харамлаад байсан шүлгийн дэвтрээс нь 1 ч биш бүр зөндөө олон шүлэг хуулж авлаа. Эхэндээ айж байсан хүн чинь сүүлдээ нэлээн олон шүлэг биччээд боджийнаа, “С ёстой хохь нь шдээ, ганцхан шүлэг зөвшөөрөөд хуулуулсан бол ийм олон шүлгээ надад алдахгүй л байхгүй юу” гэж бодоод нөгөө муу дэвтрээ алдсан С-ийгээ хохироогоод авч байнаа бас. Хэхэ. Тэр шүлэг нь их гоё шүлэг байдын. Даанч надаа одоо алга. Тэр шүлэг бичдэг дэвтрээ Монголд үлдээчихсэн болохоор. Авчирдаг ч байж уу гэж бодоод л сууж байна. “Би уянгат хөгжмийн утас болоод, чиний чихэнд яруу сайхан аялгууг тоглож өгөхсөн” гэсэн утгатай их урт шүлэг байдымаа. Би бас сайн санаж өгдөггүй ээ. Монголдоо очиж байгаад энэ шүлгээ Блог-тоо заавал оруулнаа. Амлая.

За тэгээд хүний дэвтрийг “санамсаргүй” хулгайлж шүлэг бичсэн хүн чинь санаа нь зовоод бараг унтсангүй дээ. ” Муухай юм боллоо, гэхдээ энэ ч яг хулгай ч биш л дээ, зүгээр л ганц шүлэг хуулах гэж байсан чинь С өөрөө шууд яваад өгсөн, би л дэвтрийг нь амжиж цүнх рүү нь хийгээгүй болохоос” гээд хажуугаар нь бас өөрийгөө өмөөрөөд бодчиохсон гэж байгаа. Тэгээд “дэвтрийг нь одоо яаж буцааж өгнөө” гээд бөөн хувилбар бодоод хоносымдаг. Санаж байгаа хувилбар гэвэл “Чи дэвтрээ ширээн дээр орхиод л явсан байна лээ” гэе, эсвэл “Чамайг явсны дараа ангийн хүүхэд надаа авчирч өгсөн” гэе гээд л олон юм бодлоо. Гэвч бүгд л хэн ч үнэмшмээргүй инээдтэй санагдаад санаа зовсоор хонолоо. Өглөө хамгийн түрүүнд ангидаа ирлээ. “За яадын, үнэнээ л хэлчихье” гэж бодоод сууж байтал ангийнхан ч ирлээ. Багш ороод ирлээ. С байдаггүй. Санаа зовлоо. Гэтэл ашгүй С хоцроод ороод ирлээ. “За багшийн хажууд надад юм хэлж, намайг загнахгүй, мэдээж хичээл дууссаны дараа л загнана” гэж бодлоо. С орж ирээд хажууд суулаа. Би чинь С-ээс айгаастай. Тэгсэн аз болж багш бид нарыг 1 нэгээр нь дуудаад асууж эхэллээ шүү. Тэгсэн би боджийнаа “Аанхан, С-ийг асуугдах гээд гарахад нь дэвтрийг нь цүнх рүү нь хийчихье” гэж бодоод зориг орлоо шүү. Гэтэл С жижигхэн цаасан дээр “Дэвтэр гаргаад ир” гээд бичээд надаа өглөө шүү. Би чинь нөгөө үнэнээ хэлнэ гэж бодсон хүн чинь гэнэт айгаад бас ичихчгүй “Юун дэвтэр” гээд л хариу өглөө дөө. Тэгээд л бид 2 хэрүүлийн зурвас бичиж өглөө дөө. Нэг иймэрхүү юм бичсэн санагдаж байна.

С:  Дэвтэр гаргаад ир.

Би: Юун дэвтэр.

С: За дэвтэр гаргаад ир, өчигдрийн миний шүлэгтэй дэвтэр гэрт очсон хойно цүнхэнд алга. Би чамайг авсан гэж мэдэж байна, гаргаад ир.

Би: Би дэвтэр аваагүй. Цүнхэндээ сайн үзсэн юм уу? Чи л үхэн хатаад харамлаад байсан. Замдаа гээгээ биз. Харамласан юм хар нохойны хоол гэж мэдэхүү? гэх мэтээр сайхан хэрүүлийн зурвас бие биен лүүгээ шидэж өглөө. Би аягүй ичдэггүй, хүний юм авчаад ингэж бичээд байхдаа яахав дээ. Одоо бодохоор инээд хүрээд байдын.

Тэгж   байсан чинь надад аз таарлаа шүү. 1 хүн хаалга тогшсоноо “Уучлаарай, багшаа С-ийг хичээлийн эрхлэгч дуудаж байна.” гэдийм даа. Би гэдэг хүн бөөн баяр.Тэр үед хичээлийн эрхлэгчдээ баярласан гэж жигтэйхэн. С гараад явлаа шүү ангиас. Тэгэнгүүт өнөөх дэвтэр аваагүй гээд байсан ичих нүүргүй нөхөр Би гэдэг хүн С-ийн цүнх рүү дэвтрийг нь лав гэгч сайн хийгээд, цахилгааныг нь татчихлаа шүү. С-ийг орж ирэхэд  багшид асуугдах гэж байгаа хүний гэгээн дүртэй би гэдэг хүн хичээлээ уншаад л суулаа. Тэр цагийн хичээл дуусаад багш гарангуут С дэвтрээ надаас ахиад асуулгүй хаачихав. Гэмгүй царайлаад би “Чи цүнхэндээ сайн үзсэн юм уу” гэсэн чинь С ууртай нь аргагүй “Үзсээн үзсэн, хар” гээд л цүнхэн дэх юмаа гаргаж байтал… Өнөөх дэвтэр нь гараад ирэлгүй хаачихав. С бүр гайхаж байна гэж жигтэйхэн. “Ямар сонин юм бэ” гээд л байсан. Хэхэ. Би ичих чгүй “Би чиний энэ дэвтрийг чинь идэх биш, зарах биш, энүүгээр чинь яах вээ дээ” гэчжээ бас. Хэхэ. Бүр сүүлд төгсөлтийн баяр дээр С надаас “Чи тэр дэвтрийг авчихсан байсан тээ?” гээд асууж байнаа. Би “Үгүй” гээд л ахиад гүрийгээд өнгөрсөн. “Тийм” гээд ямар өөрийгөө барьж өгөлтэй биш.

Ингэж 1 шүлгийн дэвтэр хулгайлан аваад шүлэгнүүдийг нь хуулж авч байлаа гэж. Харин далимд нь овоо хэдэн шүлэгтэй болсон юм даг. Дараа тэр шүлэгнүүдээсээ заавал оруулнаа.

Түүнийг дурсая…

Би гэдэг хүн жил бүр гар утасны жагсаалтанд байдаг мөн месенжертээ байдаг бүх таньдаг хүмүүст жил бүр он гарахаас өмнө сайхан ерөөлийн үгтэй МЭНДЧИЛГЭЭ илгээдэг уламжлалтай. Хүн болгонд зориулж тусд нь мэндчилгээний үг бэлдэж байгаад явуулнаа. Байнга л мэндчилгээ илгээдэг зангаараа өчигдөр мэндчилгээний сайхан үг, ерөөл бэлдчээд месенжерийнхээ жагсаалтанд байгаа эхний хүнээс эхлээд л мэндчилгээ илгээж байгаа хүндээ хамгийн сайн сайхныг хүсээд л өөрөө инээмсэглэж байгаад, энийг уншаад баярлана даа гэж бодож байгаад л илгээж өглөө дөө. Эхнээсээ сайхан илгээгээд л бараг дуусах гэж байтал ….

Нэгэн хүний месенжер хаяг, нэр нь дурайгаад байж байлаа. Нэр нь З-ээр эхэлсэн хүний хаяг. З үсэг юм болохоор Англи үсгээр бол Z үсгээр бичигдэх учраас бараг хамгийн сүүлд байсан юм. Би тэр хүнд мэндчилгээ илгээж чадсангүй. Илгээсэн ч тэр хүн миний мэндчилгээг хэзээ ч уншиж чадахгүй болсон учраас. Тэрхэн хооронд миний сэтгэл гэгэлзээд л явчлаа. Би ингэж энэ хүний тухай бодож, сэтгэлээ гэгэлзүүлээд сууж байна гэж хэзээ ч бодож байсангүй. Хэзээ ч … Гэтэл өчигдөр тэр хүний тухай дурсахын ихээр дурслаа.

Түүнийг З гэдэг. Надтай хамт багшилж байсан миний адил багш хүн. Хамгийн анх манай сургуульд ирэхэд нь бидний хэдэн эмэгтэй багш нар саваагүйтэж “Манай сургуульд шинэ, залуу, өндөр эрэгтэй багш ирсэн гэнэ. Манай тэнхимд орж ирнэ гэнээ. Гоё залуу байгаасай” гээд л шуугилдсан сан. Хамгийн анх түүнийг орж ирэхэд бид их л сонирхон харж байсан маань одоо ч санаанд тодхон байна. Миний төсөөлж байснаас огт өөр хүн байсан санагдана. Их сайхан өндөр залуу байсан, гэхдээ эрэгтэй гэхэд арай л сонин шөвгөр царайтай. Түүнийг ирснээс хойш миний амьдрал адал явдлаар дүүрвээ. Манай тэнхмийн 2 багш бид 2-ийг үерхүүлэх гэж мөн ч их зүтгэсэн дээ. Даанч би гэдэг хүн хөдөлж өгөөгүй. Надад таалагдаагүй л болоод би хөдлөөгүй байж таараа. Уг нь сайхан залуу, даанч архи их ууна. Дөнгөж сургууль төгсөж ирсэн жаахан залуу байж архи их уухыг нь яана. Тэр нь надад таалагддаггүй байлаа. Би ч багаасаа сайн эцэг эхийн буянд архигүй орчинд өссөн, архи уудаг хүнийг өөрийн эрхгүй үздэггүй тийм сонин зантай хүн. Архи их уулаа, сургууль дээр үнэртүүлж ирлээ гэж би олон ч удаа зэмлэсэн дээ тэр хүнийг. За тэгтэл 3-р улирлаас эхлээд З гэдэг хүн сав л хийвэл намайг ярьж, надтай хамт байхыг эрмэлзэх боллоо. Надад хайртай болсон гээд хавийн амьтанд зарлачихаж. Над руу байнга залгана, би ч эхэндээ юу ч бодолгүй утсаар ярьдаг байлаа, харин сүүлдээ утас дуугарахаас айдаг, утсаа авахгүй гүрийдэг болсон. Гэтэл оройд манай орцны гадаа ирээд уулзая гэх боллоо. Би угаасаа орой үдэш тэнэж явах сонирхолгүй улаан коммунист хүн чинь “Чадахгүй” гэдэг ганц сайхан үгээ хэлнэ. Хааяа өрөвдөөд гарсан болно. Хамгийн дургүй хүрмээр 1 зүйл нь архи уучихсан, халамцуу үедээ над дээр ирнэ. Тэгэхээр л дургүй хүрээд дотор бачуураад явчина. Уулзаж юм ярина гэж бодсон хүн чинь загнаад эхэлнэ. “Архи уухаа боль, чи залуу хүн бас багш хүн. Сурагч нар чамайг ингэж яваад хараад чамайг хүндлэхүү, сайн бод. Тэгээд ч архи уусан үедээ битгий ирж бай” гэх мэтээр олон юм хэлдэг байсан. Харин өөдөөс “Би чамд сайн. Чи миний найз бүсгүй болбол би архинаас гарна” гэнэ. Би ч мөчөөгөө өгөхгүй “Чи ч мөн архинаас гарах байх даа. Нялуунаас шулуун нь дээр, Би чамд сайн биш ээ” гэнэ.

Сүүлдээ оройд гэрээсээ цухуйж чадахаа байлаа. Нэг удаа бас л халамцуу ирчээд надад нэг баахан юм ярьсан юмдаг. “Чи намайг чамаас дүү, залуухан болохоор тоодоггүй тээ? Миний нас ямар буруутай юм бэ? Намайг хайрлахад юу болохгүй байна?” гээд л… Би хариуд нь үнэнээ хэлнэ. “Би чамайг надаас залуу гэж тоодоггүй бишээ, Чамайг архи их уух юм гэж голдог. Тэгээд ч би чамд хайргүй, намайг ойлго” гэж ирээд л бид 2 илэн далангүй ярьсан юмдаг. Гэтэл З “Тэгвэл би архинаас гараад чиний хайрыг татах болно, хүлээж байгаарай” гэлээ. Тэрнээс хойш овоо архи уухгүй байлаа. Гэтэл найзууд нь гэж уруу татсан нөхдүүд ахиад л архи уулгалгүй хаачихав. Муу найзууд хүнийг уруу л татдаг юм шигээ. Ингээд 1 мэдэхэд 2 жил өнгөрсөн байсан. Бид харьцаа хэвээрээ л байсан. Би тоохгүй, З болохоор намайг тоосонгүй гэж гомдоллоостой.

Нэг орой манай 1 эмэгтэй багш над руу залгаад “Би орцны чинь гадаа ирчлээ, чи гараад ирээч хө, хэлэх юм байна” гэлээ. Намар байсан санагддын. Би гарлаа. Гэтэл нөгөө эмэгтэй багш чинь З болон бас 2 өөр эрэгтэй багштай хамт 4-үүлээ зогсож байлаа. Тэднээс 2 багш нь намайг З-тэй үерхүүлж, суулгах гэж их л хичээсэн. Би гараад “Яасан, юу хэлэх гэсийн” гэсэн чинь 1 ном өгснөө “Бид 2 явлаа, З-г дагуулаад ирлээ, та 2 жаахан юм ярихгүй юу, алийн болгон ингэж явахад учир зүйгээ ол” гэж хэлээд “Хүүе” гэхийн хооронд зугатаагаад явчлаа. Би тэгэхэд “Нээрээ ч би энэ хүнийг ингэж их зовоогоод яахав. Өнөөдөр асуудлыг шийдье” гэж бодоод амжсан. Тэгээд З-тэй уулзахаар, нухацтай ярилцахаар гадаа цэцэрлэгт суулаа. Тэр уулзалт бид 2-ын хамгийн сүүлийн хайр сэтгэлийн сэдэвтэй уулзалт болсымдаг. Бид 2 их удаан бараг 4, 5 цаг ярилцсан. Бүр З-г хамгийн анх сургуульд ирсэн үеэс эхлээд л ярьж өгсөн. Би чамаас 1 л юм асууя гэж байна. Асуу л даа гэлээ. “Би чамд хайртай, чи миний найз бүсгүй болох уу? Надад боломж байгаа юу? Хэрэв чи боломж олговол би их хичээнэ. Хонгилын үзүүрт гэрэл байгаа эсэхийг би мэдэх гэсэн юм” гэлээ. Би шууд л “Хонгилын үзүүрт ямар ч гэрэл байхгүй, чи сэтгэлээ татаж авсан нь дээр. Надаас хөөрхөн хүүхнүүд зөндөө л байна шдээ” гэсэн. Үнэхээр үнэн байдал л тэр юм чинь тэгж хэлэх нь зөв байсан. Тэгэхэд  “Би чамд үнэхээр хайртай, даанч чи хэзээ ч намайг хайрлаж, минийх болохгүй юм байна” гэж З хэлсиймдаг. Би ч “Өө яг үнэн. Би чамд хэзээ ч сайн болохгүй юм байна. Би чамайг муу хүн гэж хэлэхгүй. Чи их сайн залуу, чамд ганцхан дутагдал байна. Архи их уух юм. Энэ чиний амьдралд их саад учруулж байна, ойлгож байна уу” гээд л их л олон юм ярьсан санагдаж байна. Бид 2 хав харанхуй болтол гадаа суусан. Тэгэхэд З надаас 1 юм хүссэн юм. “Би олон хоног бодлоо. Нэгэнт чи намайг хайрлахгүй юм чинь одоо үүнээс хойш би чамайг зовоохгүй ээ. Амлаж байна. Ганцхан юм хүсье. Чи зөвшөөрөх үү?” гэлээ. Би “Чамд ч надад ч хэцүү байна. Чи надад хайртай бол надад хэн болохоо харуулаад сайхан амьдар л даа. Тэгвэл би маш их баярлана. Юу хүсэхээс чинь хамаарна, эхлээд хэл” гэлээ. Эхлээд гарыг чинь баръя гэлээ. Би гараа өглөө. Тэгтэл “Би чамаар хайрлуулж чадахгүй юм чинь хайртай хүнээ анхны бөгөөд сүүлийн удаа ханатлаа үнсэж болох уу?” гэж байна. Би “Тэгээд цаашаа даварвал яанаа” гэж бодоод “Болжийна, гэхдээ даврахгүй шүү. Даварвал хохь чинь шүү” гэсэн санагдаад байдын. З “Даврахгүй, би хэлсэндээ хүрнэ. Зөвхөн л үнсэнэ” гэлээ. Одоо бодоход би энэ хооронд “Яах вэ” гэж бодсон санагдаад байдын. Тэгээд л зөвшөөрлөө. З миний духнаас эхлүүлээд л миний нүд, хамрын үзүүр, 2 хацар, эрүү хамгийн сүүлд уруул дээр удаан бүр дэндүү удаан үнссэн юм даг. Үнсэж үнсэж аваад л намайг тэвэрснээ “Баярлалаа. Үнсэхийг минь зөвшөөрсөнд баярлалаа. Хайртай хүнээ ингэж үнсэх ямар сайхан юм бэ. Одоо би чамайг зовоохгүй ээ. Би энэ сургуульд багшлаад, чамтай учирсандаа баярлаж явдаг. Би одоо амьдралаа шинээр эхэлнээ. Чи хараарай” гэж хэлээд яваад өгсөн. Ингээд бид 2-ын хайр сэтгэлийн сүүлчийн уулзалт дууссын.

Маргаашнаас нь эхлээд З үнэхээр өөр хүн болж эхэлсэн. Үнэхээр хэлсэн амандаа хүрч над руу залгаж, орцны гадаа халамцуу ирж намайг зовоохоо больсон. Нэг бүсгүйтэй үерхэж эхлэн, бүр сүүлдээ хамт амьдрах болж, өөртэйгээ адилхан хөөрхөн охинтой ч болсон. Би ч өөрчлөгдсөнд нь баярлаж байлаа. Гэхдээ л нөгөө архиа уусаар л байсан. Би хааяа “Наад архиа, хүний охин үрийг гомдоовоо” гэж хэлэх. Тэгэхээр хэд хоногтоо архи уухгүй овоо байна. Ахиад л ууна.

Тэр хооронд би нөхөртэйгээ танилцан, гэрлэлээ. Мэдээж би тэнхмийнхнийгээ гэртээ урин нөхрөө танилцуулсан. З манай тэнхмийн багш учраас тэд нартай хамт манайд очсон, манай нөхөртэй танилцсан. Гэрлээд бараг жил болж байтал гэнэт 1 өдөр З надаас асууж байнаа. “Танай нөхөр архи уудаг уу?” гэж байна. Үнэндээ манай нөхөр архи уудаггүй. Мэдээж эр хүн юм болохоор баяр ёслолоор хааяа уух нь уудаг, гэхдээ үнэртүүлэх төдий л уудаг. Гэвч маш ховор. Өнөөг хүртэл бараг 3 жилийн хугацаанд архи ууж ирээд, намайг зовоогоогүй л байна. Түй түй, тэгж хэлдэггүйм гэнэ лээ.

Би ч З-д “манай нөхөр уудаггүй. Би чинь архины харшилтай хүн, архи уудаг хүнтэй гэрлэхгүйг чи мэдэх байлгүй дээ” гэсиймдаг. Яагаад надаас тэгж асуусан юм бол бүү мэд. Ингээд л бид тус тусын хичээлээ заагаад л ажлаа хийгээд л явж байлаа.

Гэтэл… Гэтэл энэ намар 8 сарын 25-д ажилдаа ортол, түүний ширээн дээр зургийг нь тавиад хажууд нь бас цэцэг тавьсан байх юм. Гэтэл З өнгөрсөн зуны нэг их халуун өдөр гэнэт зүрх нь хаагдаад нас барчиж. Даан ч харамсалтай мэдээ. Би итгэж чадсангүй. Хар дарсан зүүд байгаасай гэж хичнээн бодсон гээч. Гэвч энэ бол гашуун үнэн байлаа. Манай багш нар, шавь нар нь бид бүгд уйлсан. Надад үнэхээр итгэмээргүй санагдсан. Хорвоо хатуудаа хүрэхээр хатуу ч юм шиг…. Амьдрал нь жигдэрч яваа, бага ч гэсэн ухаан сууж яваа, ааваа гэж дуудах хөөрхөн охинтой, ханиа гэж дуудах сайхан эхнэртэй 30 ч хүрээгүй сайхан залууг дахиад хэдэн жил наслуулахгүй яаваа гэж бодсон.

Тэгээд удалгүй би Япон явж сурах болсноо мэдээд 9 сард эхний хэдэн хоног хичээлээ заагаад ажлаа ч хүлээлгэж өгөөд наашаа ирсэн юм. Энд ирснээс хойшхи 3 сард би З-ийн тухай хааяа 1 дурсаад харамсаж байсаан. Харин өчигдөр месенжерээр Шинэ жилийн мэндчилгээ илгээж байгаад түүний ID-г хараад, мэндчилгээгээ ч илгээж чадахгүй, түүнийг маш их дурсан санаж, уртын урт бодолд автлаа. Тэгээд өнөөдөр түүнийг ДУРСАН бичлэг хийж сууна.

Үүнийг бичиж суухдаа би ганцхан юманд л баярлаж, өөрийнхөө сэтгэлийг тайтгаруулж байна. Тэр нь юу вэ? гэвэл “Хэдийгээр би түүнд хайргүй ч гэсэн, тэр нэгэн намрын орой түүнд удаанаар үнсүүлсэн минь хамгийн сайн зүйл болжээ” гэж.  Бодоод байхад тэгж үнсүүлсэн маань түүнд урам зориг өгч, амьдралаа өөрчлөх жигүүр ургуулсан ч байж болох. Магадгүй хайртай хүнээ үнсээд цаашид амьдрах итгэл, хүч олж авсан ч байж мэдэх. Би ингэж л бодож өөрийгөө тайвшруулж сууна даа. Тэгээд “Бурхны оронд тайван, амгалан байж, эргээд хүний орчлонд хурдан төрөөрэй” гэж залбиран, чамайг дурсан чиний тухай энэхүү бичлэгийг бичин, сэтгэлийн зул өргөе дөө.

Ард түмээн гэж…

Би ангийнхаа хүүхдүүдийг АРД ТҮМЭН гэж дуудах дуртай. Бас ах, эгч, дүү нараа, тэдний хүүхдүүдийг гээд л ер нь надтай ойрхон хүмүүсийг тэгж дууддын. Яагаадыг бүү мэд. Тэгж дуудахаар дотно санагдаад байдын.

Манай анхны ангийн ард түмэн 32-уулаа. 32 гэдэг тоо их сайхан тоо. Ангийнхаа ард түмний дунд тэмцээн юмуу ямар нэгэн арга хэмжээ зохиоход хэд ч хувааж болно. 2, 4, 8 бүр 16 ч хуваачиж болно. Манай ангийн Х гэдэг сахилгагүй хүү “Багшаа бид нарыг 32 хуваагаад уралдуулчих” гэж хэлээд надаа “Ажил үймүүллээ” гэж зэмлүүлж ч байсан удаатай. Хэхэ.

15 Хүү, 17 охин. Би социалист нийгмийн үеийнх шиг ангийнхаа хөвгүүдийг нэг нэг охин даалгуулчихсан. Охид нь тоогоор илүү юм болохоор 2 охин илүү гарна биз дээ. Тэр 2 охиныг гэртэй нь ойрхон амьдардаг охиныг авсан хүүд хуваарилсан юм даг.

Соц нийгэмд чинь муу сурдаг хөвгүүдийг гайгүй сурдаг охинд даалгаад хичээлийг нь хамт хийлгэдэг байсан даа. Би ч бага байхдаа 1 нөхрийг даан авч хуулуулахдаа хуулуулж, өөрөөр нь хийлгүүлэхдээ хийлгүүлж тусалж л явсан юмдаг.

Харин миний ангийнхаа хөвгүүдийг охидууддаа хуваарилсан шалтгаан нь маш энгийн. Орой үдэш ангидаа ч юмуу сургууль дээр оройтохоор болбол дааж авсан охиноо гэрт нь хүргэж өгч, гэрийн хаалгаар нь бат оруулах үүрэгтэй. За тэгээд мэдээж хичээлээ хамт хийх. Энэ тохиолдолд хэн гайгүй сурдаг нь нөгөөдөө туслах. Одооны нийгэм их хэцүү болсон шүү дээ. Айлын жаахан охин хүүхдийг орой үдэш ганцаарангаар нь явуулах осолтой. Юу ч дуулдаа билээ. Ингээд л манай ангийн хөвгүүд хичээлээ тараад л алга болохоо больж нэг нэг охин сахидаг болвоо. Ялангуяа олон нийтийн ажилтай, тэмцээнтэй, их цэвэрлэгээтэй үед хөвгүүд байж л байх. Хэнээ хурдлаач ээ, яасан уддын, би гэртээ ажилтай гээд л охидоо хүлээгээд байж байх. “Бие хамгаалагч минь байж бай. Дарга нь дуусаагүй байна. Болохгүй бол багшид хэлнэ шүү” гээд л охид хөвгүүдийг уурлуулах. Хэхэ Хүүхдүүд хөөрхөн шүү. Сүүлдээ бүр энэ ДБД-ийн ангийнхан хос хосоороо үерхдэг, яагаав С, Б 2 бас тэр Х, Л 2 хамтдаа л явж байх юм, бүр орой болгон шүү гэсэн яриа хүртэл гараад. Эцэг эх нь хүртэл гайхаад. Зарим 1 нь залгаж байнаа над руу. “Танай ангийн С гэдэг хүү манай охиныг байнга хүргэж ирэх боллоо, одооны хүүхдүүд аюултай, юу ч болоо аж таньд дуулгая” гээд залгах энүүхэнд. Би тэрэнд нь танай охины төлөө ингэж байгаам гэж тайлбар хийх. Тэгээд дараахан нь эцэг эхийн хурал дээр учрыг нь хэлж эцэг эхчүүдийн санааг 1 амраасан даа. Цэцэг цэврүү шиг сайхан охидыг чинь ядаж тэгж л хамгаалах юмсан гэж боддын.

Багш болсон анхны минь хичээлээ гэж

Би чинь энд л оюутан болоод байгаа болохоос биш Монголдоо 6 жил багшилсан архаг гэхэд арай сэрүүдэх, залуу гэхэд арай ч тийм биш багш байлаа. Ахлах ангиас нь л анх хариуцаж авсан болохоос биш 2 ч анги төгсгөөд авсан гэж байгаа бас. Би мэргэжилдээ их дуртай. Шавь нартайгаа бужигнаад л загнахыг нь загнаад, магтахыг нь магтаад, хааяа 1 хэрүүл хэлцээ хийгээд ирэхээр сайхан байдым шүү. Миний анхны ангийнхан гэж хэдэн сахилгагүй хөвгүүдтэй болохоос биш сурлага гэж сургуульдаа толгой цохидог байлаа. Анхны хичээлээ дааж авсан ангидаа орсон юм даг. Анхны хичээл дээр маань манай тэнхмийн надаас 2 л ах багш сууж үзэхээр боллоо. Би яахав анхны хичээл дээрээ л өөрийгөө сурагч нартаа шинээр ирсэн залуу багш хэн бэ гэдгээ харуулж авахыг хүссэнийх хичээлдээ сайн бэлдсэн байлаа. Гэтэл яг хичээл орох болтол нэг эрэгтэй багш гэнэт л “эрхлэгч намайг чиний хичээл дээр суу гэсэн” гээд л намайг дагаад ангид орлоо. Би ч жаахан сандарсан шүү үнэндээ. Хичээл ч эхэллээ. Бүгд л “шинэ багш, манай ангийн багш гэнэлээ. Яаж хичээл заахыг нь харъя” гэсэн аятай л чив чимээгүй ширтэцгээж байнаа. Зарим хөвгүүд нь шинэ багшийн хичээл дээр үймүүлж, сандаргах тухай бодож байсан гэж сүүлд нь надад хэлж байсан. Хүүхдүүд ээ гэж.

Хичээл эхлэхэд би өөрийгөө танилцуулаад эхний хичээл орлоо. Нийгмийн ухааны хичээл болохоор унших хичээл л дээ. Их сонирхолтой аргазүйгээр заахгүй бол хүүхдүүд 2-тр тавьж, дургүй болж болох хичээл. Ер нь бодоод байхад манайхан Математик, физик, хэлний хичээлийг нэн тэргүүнд тавиад, Түүх, Нийгэм гэсэн унших хичээлийг 2-рт тавиад байдаг юм шигээ. Энэ бол буруу л даа. Энэ талаар дараа бичлэг оруулнаа. За тэгээд хичээл эхэллээ. Өөрийгөө танилцуулсны дараа “За миний тухай асуух зүйл байна уу? 3-хан асуултанд хариулаад хичээл эхэлнэ” гэлээ. Мэдээж “Та нөхөртэй юу, хүүхэдтэй юу?” гэж асуухгүй хаачихав. Үгүй л гэлээ. Бас 1 юм асуусан санагдаж байна. Санадаггүй ээ. Хэхэ. Хичээлээ эхлэхээс өмнө “Бид энэ хичээлээр юу судлахав?, яагаад энэ хичээлийг үзэх хэрэгтэйв?, ач холбогдол, энэ хичээлийг үзээд дуусахад бид юу сурахав, амьдралд яаж хэрэгжүүлэхэв” гээд л хэрэгтэй гэж үзсэн хүүхдүүдийн сонирхлыг татах зүйлийг түүгээд л, жишээ татаад хичээлтэйгээ холбоод ярьлаа. Тэгээд л тэр өдрийнхөө сэдвийг заасын. Санасныг бодвол анхны хичээл маань тун сонирхолтой болсон. Дараа нь нөгөө хичээл дээр суусан багш юу гэж халаах болоо гээд санаа зовж л байлаа. Гэтэл хэд хоногийн дараа нөгөөх багш маань хэлж байнаа “Хичээл чинь дажгүй болсон, чи хичээлээ их сайн заасан. Би дандаа шинэ багш нарын анхны хичээл дээр суугаад энэ талаараа эрхлэгчид хэлдэг. Чам шиг анхныхаа хичээлийг сандрахгүй сайн хичээл заасан багш байсангүй” гэлээ шүү. Эгч баярлаж байгаа гэж жигтэйхэн. Ингэж анхныхаа шалгалтыг амжилттай өгч багш болох замаа тавьж байлаа.  Тэр багш надаас 4 жилийн өмнө ирсэн байсан. Эхэндээ нөгөө залуугаас чинь санаа зовоод л, энэ их чухал багш нь юм байна гэж бодоод байсан чинь сүүлдээ над шигээ адилхан багш байсныг мэдээд инээд хүрч л байлаа. Сүүлдээ их сайн найзууд болсон доо. Одоо тэр багш маань Европт сурч байгаа. Энэ намар бид 2 зэрэг гадагшаа явдаг байна шдээ. Миний анхны хичээлийн ажиглагч том багштан минь, бас анд найз минь чамд сурлага, эрдэм шинжилгээний ажилд чинь амжилт хүсье.

Он цагийн тоолол

November 2017
M T W T F S S
« Mar    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930