Ангийн нууц (Шинэчилсэн)

За ангиудын нууц задалж жаахан хэрэг таръя байз.

Бага байхад ангийн нууц гээд л мөн ч их сүрхий юм болдог байж билээ. Харин хамгийн сонин нь тэр нууцаас хэд хэд нь задарчихсан байсан даг. Манайхан өөрсдөө л задалсан байх даа бодвол. Ангийн нууц задлах маш хориотой, задалбал бараг л “урвагч” гэж тооцогддог байлаа шдэ. Эхлээд өөрөө сурч байсан ангийн нууцаасаа ганц нэгийг задалъя.

1. Балан харандаан багш

Манайд хими, биологи заадаг багш байлаа. Тэр багш зарим үгийг их сонин хэлнэ. Жишээ нь Балын харандааг Балан харандаа, Баллуурыг Балруулга гэнэ. Баллуур гэдэг үгийг барагтай бол хэлэхгүй болохоор бид шоолохгүй, харин хичээл дээр “За хүүхдүүдээ, балан харандаагаа гарга” гэхээр бүгд жуумалздагсан. “Балан харандаа” гэдэг үгээ өргөлттэй тод хэлнэ. Хичээлээ маш гоё заадаг учраас бид их хүндэлдэг байсан. Тэгээд бид тэр багшдаа “Балан харандаан багш” нэр өгөв. “Балан харандаан багш бид нарын балан харандааг гаргуулж, балан харандаагаар хүснэгт, схем зуруулах гээд ирж явна” гээд л инээлдэнэ. 90-н хэдэн онд хэдийгээр ардчилсан нийгэмд шилжсэн байсан ч Соц нийгмийн хүмүүжил, ёс суртахуун арилаагүй байсан болохоор бид их хүмүүжилтэй байсан. Багш нартаа хамаагүй нэр хоч өгөхгүй, өгвөл их нууцалдаг байсан. Тийм болохоор багшдаа Балан харандаа багш гэсэн нэр өгсөн нь нэг хэсэгтээ л ангийн нууц байлаа. Энэ нууц нэг л мэдэхэд задарчихсан байсан. Балан харандаан багш маань бидэнд юм хэлээгүйээ хөөрхий.

2. Ангийн журнал алга болсон нь

Нэг өдөр хичээлдээ иртэл ангийн журнал алга болоод бөөн хэрэг мандсан байв. Ангийн багш бүх хүүхдүүдээс нэг бүрчлэн “хамгийн сүүлд хаана, хэзээ журнал харсан” гээд л  асууж, шалгаагаад л байлаа. Зарим нэг нь 3-р цаг дээр байсан, зарим нь үзээгүй гээд л, бүр зарим нь жижүүр хүүхэд хамгийн сүүлд хараагүйм үү гээд л бөөн асуудал үүсвээ. Ангиараа багшид загнуулав, орж ирсэн багш болгон журнал нэхэж биднийг загнана. Хэд хоног бөөн дарамттай байлаа. Ядаж байхад улирлын дүн гарах болчихсон байсныг ч хэлэх үү. Муухан дүнтэй нь бөөн баяр, сайн дүнтэй нь нөгөө журналыг олохын түүс болон уурлаж байсан сан. Одоо бодоход ангийн багш хичээлийн эрхлэгчид баахан загнуулсан байхдаа хөөрхий. Төд удалгүй шинэ журналтай боллоо. Багш ангийн даргыг журнал хариуцаж бай гэж үүрэг өгөв.  Тэгсэн улирлын дүн гарах болоход зарим багш нар маань ихэнх нь дүнгээ гаргачихсан байсан бас зарим нь хувийн журнал дээрээ дүнгээ хуулсан байсан болохоор ихэнх хичээлийн дүн төвөггүй гарлаа. Гэтэл Монгол хэлний дүн гарах гэж бөөн юм болов. Монгол хэлний багш маань хувийн журналгүй бас дүнгээ гаргаж амжаагүй байсан болохоор дүн гаргах гэж бид нарыг шүүслэж өглөө. “Ангиараа давхар, давхар муу авчаад ичихгүй журналаа  нуудаг хүмүүс толгойд байгаа юмаа нуухгүйм байгаа биз дээ” гээд л их ууртай хүн биднийг лав л 7 хоног шүүслэсэн юмдаг. Өдөрт 2 зохион бичлэг хий, сурах бичгийн дасгал бүгдийг нь ажилласан бай. Хичээл дээр бүгдээс нь нэг нэг л асуулт асууна, хариулж чадахгүй бол шууд муу тавина” гээд л бид 7 хоног Монгол хэлний хичээлээр ёстой л нэг амьсгалсан юмдаг. Би ч багшийн хэлсэн үгний учрыг сайн ойлгосонгүй. Би яг тэр хэрэг мандахын өмнөхөн Улсын физикийн олимпиадад орох гээд 14 хоног хичээлдээ суугаагүй, чөлөөтэй байсныг хэлэхүү, хөлд нь үрэгдэхээ шахсан. Гэхдээ энэ дуулианы буянаар чөлөөтэй байсан өдрүүдээр багшийн заасан хичээлийг ангийнхныхаа тусламжтайгаар нөхөж аваад бас дээрээс нь өдөр бүр бичсэн зохион бичлэгүүдийн ачаар их олон Онц авч билээ. Манай ангийнхан тэр улирал Монгол хэл дээр бараг бүгд онц, сайн гарч урьд нь болж байгаагүй амжилт тогтоов. Ингэсгээд тэр улирлын дүн ч гарч, дуулиан ч намжив. Хавар болоод бүх хичээл, шалгалт дууссаны дараа ангидаа их цэвэрлэгээ хийгээд байж байтал ангийн өдрийн гэрлийн дээд талаас нөгөө хайгаад олдохгүй байсан журнал гараад ирдийм даа. Манай ангийн өдрийн гэрлийн бүрхүүл нь хавтгай байсан ба бүрхүүл тааз хоёрын хоорондох зайнд журналыг хийчихсэн байдым даа. Ангийнхан шуугиад л явчлаа. Хаалгаа түгжиж аваад бид нар Монгол хэлний хичээлийн дүнг үзэв. Гэтэл манай ангийнхан бүгдээрээ 2-ын 2 мууг ташраараа авсан байсан шдээ. Би бас ганц 2 хүүхэд чөлөөтэй байсан болохоор бид хэдээс бусад нь бүгд Муу авчихсан байсан. Бүр 2-ын 2 Муу шүү. Ангийнхан “За чимээгүй байцгаа, ангийн багшид хэлж болохгүй. Харин ч журнал нуусны буянаар бид нар Монгол хэл дээр 7 хоногийн дотор асуугдаад бүгд Онц, сайн гарсан шүү дээ. Энэ тухай хэнд ч хэлж болохгүй, Ангийн нууц ” гэвээ. Тухайн үед чөлөөтэй байсан бид хэд бүр гайхаад “Яагаад бүгд муу авчдаг байнаа” гэхэд манай ангийнхан тухайн үед маш их өрсөлдөөнтэй болдог байсан АСТ тэмцээнд бэлдэж байгаад нэг өдөр хичээлийн дараа үдээс хойш шалгалт авна гэснийг нь мэдсээр байж “За бүгд шалгалтанд очихгүй бол багш яах ч гүй жаахан загнаж байгаад өнгөрнө биз” гэж тохироод бүгд шалгалтанд очоогүй гэсэн. Тэгээд л нэг Муу дүнг ангиараа аваад тун удалгүй бас л нөгөө тэмцээндээ бэлдсээр байгаад бүгд зэрэг даалгавраа хийж ирэлгүй нэг муу дүн авсан байсан. Шалгалтанд ангиараа очдоггүй бөх зүрхтэй хүмүүс шүү. Хамгийн сонирхолтой нь тухайн үед журналыг хэн тэнд нуусан нь бүр ч Нууц хэвээр үлдэв. Гэтэл саяхан 3 жилийн өмнө манай ангийнхан уулзаад энэ хэргийн талаар ярьж баахан инээлдэж байгаад “Ингэхэд журналыг хэн тэнд нуусан бэ” гэж асуусан чинь манай ангийн Бүлгийн дарга гуай Салааны дарга нартай нийлээд 4-үүлээ үгсэн тохироод нуусан байдым даа. Тэр үед энэ хэрэг баригдсан бол манай ангийн хурган дарга нар багш нарын хурлаар ороод бөөн шуугиан тарих байсан байна лээ шдээ. Ямар азаар тухайн үед нууц задраагүйм бэ гэж.

За одоо шавь нарынхаа нууцаас задалъя.

Үерхэлдээ үнэнч бай даа

Манай ангид А гэдэг хүү байсан. Хичээлдээ ч сайн ялангуяа биеийн тамирын хичээлдээ их сайн, спорт хөөсөн хүү байлаа. Хүн болгонтой нийтэц, хөгжилтэй хүү. Сургуулийн урлагийн үзлэг боллоо. Манай ангийнхан бэлдээд л байв. Би ч бүх номерыг хүүхдүүдэд хуваарилж өгөөд бэлдүүлдэг байлаа. Гэтэл Гоцлол хөгжим дарах хүүхэд олддоггүй ээ. Маргааш нь л манай ангийнхан “Багшаа А төгөлдөр хуур дардаг юм, танаас нуугаад байгаа юм” гэж байна. Би ч баярлаад л “А минь төгөлдөр хуур дарж анги хамт олноо гоцлол хөгжмийн номер дээр аварч гар. Гэрт чинь төгөлдөр хуур бий юу?” гэлээ. Гэтэл А “Гэрт төгөлдөр хуур байх ь ч байгаа л даа. Гэхдээ багшаа би …” гээд л дүлэгнээд байв. Ангийнхан ч “Чи чаднаа, чадна” гээд шуугиад байв. Тэгэхээр нь би А-г гэртээ төгөлдөр хуур дарж бэлдэх үүрэг өгөв. Урлагийн үзлэгийн өмнөхөн би ангийнхаа номеруудыг тоглуулж үзэхээр болж шалгалаа. Гэтэл А ирсэнгүй, харин ангийнхан маань “А гэртээ бэлдэж байгаа, та санаа зоволтгүй” гээд л байв. Би ч итгэлээ. Урлагийн үзлэг болов. Манай ангийн Гоцлол хөгжмийн номер гарах болтол А байдаггүй, миний сандарсан гэж. Гэтэл манай ангийнхан А-г дагуулаад гүйгээд ирлээ. Би ч баярлаад л “А минь авъяасаа үзүүлээд өгөөрэй” гээд л тайз руу гаргалаа. А төгөлдөр хуурыг маш сайхан тоглолоо. Бүх багш нар бас охид их гайхаж, баяр хүргэж нижигнэсэн алга ташсан юмдаг. Гэтэл урлагийн үзлэгийн дараа А байсангүй, ангийнхан маань “Багшаа А гэрлүүгээ харихаар явсан” гэлээ. Ингээд л урлагийн үзлэгээр манай ангийнхан гоцлол хөгжмийнх нь шагналыг авч 3-р байранд орж бөөн баяр болов.

Дараахан нь сургуулийн шинэ жилийн концерт болох гээд хичээлийн эрхлэгч манай ангийн А-г төгөлдөр хуур тоглуулах хэрэгтэй байна гэлээ. Би А-г ангидаа дуудаад энэ тухай хэлтэл А “Багшаа би танд нэг юм хэлье” гэж байна. Гэтэл ангийнхан маань “А гуай үерхэлдээ үнэнч байгаарай” гээд л шуугицгаагаад байх юм. Тэгж хэлэхээр нь А дуугүй болчих юм. Эд нар юу гээд байгаам бол гэж бодоод бүр гайхлаа. Тэгээд А-г өрөө рүүгээ дагуулж ороод ярилцлаа. Гэтэл А надад хамаг нууцаа хэллээ. “Багшаа та намайг битгий загнаарай. Үнэндээ бол би ихэр л дээ. Нөгөө ихэр маань Хөгжим Бүжгийн Коллежид сурдаг болохоор төгөлдөр хуур сайн дардаг. Харин би төгөлдөр хуур дээр бараг сууж ч үзээгүй. Эртээд урлагийн үзлэг болоход манай ангийнхан миний ихрийн өрөөсөнг мэддэг болохоор тэрүүгээр төгөлдөр хуур даруулчъя гэж ярьсан юм. Би эхэндээ зөвшөөрөөгүй, сүүлдээ яахав зөвшөөрсөн л дөө. Үнэндээ бол эртээд би биш миний ихрийн өрөөсөн төгөлдөр хуур дарсан юм. Энэ тухай танд хэлж чадаагүй юм. Би танд л гэж нууцаа хэллээ шүү. Энэ уг нь Ангийн нууц. Ангийнхан Үерхэлдээ үнэнч бай гээд байгаа биз. Тэр чинь Ангийн нууцаа битгий задлаарай гэсэн үг. Одоо намайг манай ангийнхан үзэхгүй байх даа” гээд хамаг нууцаа дэлгэвээ. Би ч ангийн гоцлол хөгжмийн номерийг авч гарах гэсэн ангийнхаа хүүхдүүдийн сэтгэлийг, бас А-гийн сэтгэлийг сайн ойлгож байсан болохоор А-тай нэлээд ярьсны эцэст 2-уулаа хуйвалдлаа.

“Багш нь ойлголоо. Харин дараа нь дахиж ийм болчимгүй юм хийвээ. Гэхдээ багш нь энэ тухай хэнд ч хэлэхгүй. Чи ангийнхандаа багшид юу ч хэлээгүй гэж хэлээрэй. Тэгэхгүй бол цаадуул чинь нууц задаллаа гээд чамд дургүй болчихно. Би юу ч мэдээгүй юм шиг л байя, бас хэнд ч хэлэхгүй. Харин хичээлийн эрхлэгчид би чамайг гараа гэмтээчихсэн, хөгжим тоглож чадахгүй болчлоо гээд хэлчье. ” гэж тохиров. Энэ бяцхан яриа зөвхөн А бид 2-ын дунд үлдэхээр болж тохиролцов.

А ч ангийнхандаа надад Ангийн нууцаа задлаагүй буюу Үерхэлдээ үнэнч байсан тухайгаа хэлж би ч хичээлийн эрхлэгчид А-г  гараа гэмтээсэн тул төгөлдөр хуур дарж чадахгүй болчлоо гэж хэлснээр тэр асуудал дууссан юмдаг. Хэдийгээр  А маань орчин үеийн хүүхдүүдийн хэлдгээр үерхэлдээ үнэнч байгаагүй ч гэсэн надад нууцаа хэлснээр өөрийгөө хүнд байдлаас авраад харин А бид 2-ын дунд нууц яриа үлдсэн юм. Сургуулиа төгссөний дараа оюутан болсон хойноо А маань харин энэ тухай ангийнхандаа хэлчихсэн байсныг би ангийн дарга охиноос сонссон юм. Тэгээд л энэ нууцыг задалж сууна. Ангийн нууцаа гэж…

Алийн болгон

Алийн болгон сөнөсөн, нурсан юмны тухай бичихэв. Өөдрөг юм бичье дээ энэ чинь. Хүүхдүүдийн хөгжилтэй яриа санаанд ороод ойрд инээд хүрээд явсиймаа.

Манай нагац эгчийн охин их сэргэлэн охин бий. Нэг удаа эгч маань хүүхдүүдээ зурагтын удирдлагаа шидэж ирээд л том охиноо загнаад уурлаж л дээ. Орой нь нөхөр нь ажлаасаа иртэл удирдлага нь ажиллахгүй байж. Нөхөр нь гайхаад “Энэ удирдлага яачаа вэ, ажиллахгүй байна” гэсэн чинь бага охин нь дуугүй байж байснаа гэнэт “Зарим нэг хүн удирдлага шидээд л байсан” гээд ээжийгээ бариад өгсөн гэсэн.

Тэднийх 2 охин ганц хүүтэй. Хүүгээ юм л бол эрхлүүлнэ. Гэтэл 2 эгч нь дүүдээ охины хувцас өмсүүлээд их тоглодог гэнэ. Амралтын нэг өдөр ээж нь амарч байтал хүү нь эгчийнхээ палааж, дүплийг өмсөөд ороод ирж л дээ. Нагац эгч маань дургүйлхээд “Битгий дүүдээ охины хувцас өмсүүл, муухай эмэгтэй хүн шиг хүн болчдын” гэж гэнэ. Тэгсэн нөгөө бага охин нь “Ээжээ тэгвэл би эрэгтэй хувцас авч өмсье, тэгээд эрэгтэй болчъё, Хөвгүүд намайг хүч чадалгүй охин гээд байх юм. Эрэгтэй болчвол гоёо, муу шалчгар Дөлгөөнийг гөвөхгүй юу” гэсэн гэнэ лээ.

Тэр бага охин нь сонин юм их ярина. Нэг удаа тэднийх гандан орж ном уншуулах гээд нэлээн том тавгийн идээ бэлдэж л дээ. Гэтэл бага охин нь гэнэт “Хөөх ямар гоё гоё чихэр байнаа. Лам нарын шүлс нь гоожих байх даа” гээд аавдаа зэмлүүлсэн гэсэн. Хаха Лам нарын шүлс гоожоод байхдаа яахав дээ, Бодохоор л инээд хүрээд байдын.

Захидал ирлээ…

Сая шуудангийн хайрцгаа шалгасан чинь хөөрхөн хэдэн шавь нараас минь уртаас урт захидал иржээ. Баярласан гэдэг нь. Бүгд сонин сайхнаа бичээд гарын үсэг зурцгаажээ. Багшаа тэр тэгсэн, энэ ингэсэн, шинэ сурагч ирсэн, хөөрхөн охин ирсэн гээд л сонин сайхнаа бичиж өгчээ. Шинэ жилийн баяраар манай ангийнхан багш намайгаа их санасан юм байх. Би байхгүй болохоор жаахан тийм байсан гэнэ. Би шинэ жил дөхөхөөр ангийнхныхаа дунд 1 сарын аян зохиодог юм. “Талархлын 7 хоног”, “Бие биедээ туслах 7 хоног” гэх мэтээр ажил зохион байгуулдаг юм. Энэ жил тэгээгүй муухай байсан гэнээ. Тэгнээ хөөрхийс минь. Шинэ ангийн багш их хөөрхөн багш гэсэн байна бас. Хэхэ. Бүгд хичээлдээ их сайн байгаа гээд л олон сонин бичжээ. Шавь нараа саначлаа бүр.

Технологи хөгжчихөөд байхад шуудангаар захидал илгээгээд байхдаа яадын бэ, и-мэйлээр явуулахад яадын гэж бодож байна уу? Би шавь нарыгаа хүнд захидал бичье гэж бодож байвал цаг зав гаргаад, гараараа бичээд шуудангаар илгээвэл захидал чинь үнэ цэнэтэй гэж хэлдэг юм. Тэгж бичиж илгээсэн захидал тухайн хүний чин сэтгэл, хөдөлмөр шингэдэг юм шиг санагддаг. Би ч тэгэж захидал бичиж, илгээх дуртай. Энд ирснээс хойш 3 ч удаа ээж рүүгээ гараараа захидал бичээд шуудангаар илгээсэн. И-мэйлээр илгээж болно л доо. Гэхдээ и-мэйлээр илгээснээс бичээд шуудангаар илгээхэд хүний хөдөлмөр, захидал илгээх гэсэн чин сэтгэл шингэдэг юм. И-мэйлээр бол яахав дээ. 5-хан минутанд л хэдэн товч тогшоод л илгээчихнэ шүү дээ. Илгээж байгаа, авч байгаа хүнд 1 их сэтгэгдэл төрөхгүй. Харин дугтуйтай захидал авч задлах, унших их сайхан байдаг юм. Тэгээд л би шавь нартаа гараараа захидал бичиж явуулж байгаарай гэж захидаг юм. Гэтэл тэд маань өчүүхэн багшдаа захидал илгээжээ. Ямар сайхан юм бээ. Баахан инээж авав. Өнөөдөр захидал бичээд маргааш ангийнхандаа захидал илгээнээ.

Захидал гэснээс манай нөхөр бид 2 гэрлэхээсээ өмнө хоорондоо захидал их бичилцдэг байлаа шдээ. Захиа нь ирэхгүй удахаар санаа зовоод л, захиа хурдан явуулсангүй гэж тунирхаад л. Захидал нь ирэхээр юу гэж бичсэн бол гэж сэтгэл догдлоод л бас гоё шүү. Тэгсээр байгаад л хуримаа хийсэн юм даа. Хэхэ. Одоо бид 2-т нэлээн олон захидал байдаг. Хааяа уншаад инээлддэг юм. Сайхан дурсамж шүү.  Одоо ч захидал бичих ховрын үзэгдэл болж дээ. Гар утсаар яриад л эсвэл и-мэйл бичээд л болоо. Гэхдээ зав гарган захидал бичих гоё шүү.

Үүнийг уншсан хүн та захидал гараараа бичээд хамгийн дотны хүндээ илгээгээрэй. Тэр хүн чинь их баярладаг юм шүү. Амжилт хүсье.

Ард түмээн гэж…

Би ангийнхаа хүүхдүүдийг АРД ТҮМЭН гэж дуудах дуртай. Бас ах, эгч, дүү нараа, тэдний хүүхдүүдийг гээд л ер нь надтай ойрхон хүмүүсийг тэгж дууддын. Яагаадыг бүү мэд. Тэгж дуудахаар дотно санагдаад байдын.

Манай анхны ангийн ард түмэн 32-уулаа. 32 гэдэг тоо их сайхан тоо. Ангийнхаа ард түмний дунд тэмцээн юмуу ямар нэгэн арга хэмжээ зохиоход хэд ч хувааж болно. 2, 4, 8 бүр 16 ч хуваачиж болно. Манай ангийн Х гэдэг сахилгагүй хүү “Багшаа бид нарыг 32 хуваагаад уралдуулчих” гэж хэлээд надаа “Ажил үймүүллээ” гэж зэмлүүлж ч байсан удаатай. Хэхэ.

15 Хүү, 17 охин. Би социалист нийгмийн үеийнх шиг ангийнхаа хөвгүүдийг нэг нэг охин даалгуулчихсан. Охид нь тоогоор илүү юм болохоор 2 охин илүү гарна биз дээ. Тэр 2 охиныг гэртэй нь ойрхон амьдардаг охиныг авсан хүүд хуваарилсан юм даг.

Соц нийгэмд чинь муу сурдаг хөвгүүдийг гайгүй сурдаг охинд даалгаад хичээлийг нь хамт хийлгэдэг байсан даа. Би ч бага байхдаа 1 нөхрийг даан авч хуулуулахдаа хуулуулж, өөрөөр нь хийлгүүлэхдээ хийлгүүлж тусалж л явсан юмдаг.

Харин миний ангийнхаа хөвгүүдийг охидууддаа хуваарилсан шалтгаан нь маш энгийн. Орой үдэш ангидаа ч юмуу сургууль дээр оройтохоор болбол дааж авсан охиноо гэрт нь хүргэж өгч, гэрийн хаалгаар нь бат оруулах үүрэгтэй. За тэгээд мэдээж хичээлээ хамт хийх. Энэ тохиолдолд хэн гайгүй сурдаг нь нөгөөдөө туслах. Одооны нийгэм их хэцүү болсон шүү дээ. Айлын жаахан охин хүүхдийг орой үдэш ганцаарангаар нь явуулах осолтой. Юу ч дуулдаа билээ. Ингээд л манай ангийн хөвгүүд хичээлээ тараад л алга болохоо больж нэг нэг охин сахидаг болвоо. Ялангуяа олон нийтийн ажилтай, тэмцээнтэй, их цэвэрлэгээтэй үед хөвгүүд байж л байх. Хэнээ хурдлаач ээ, яасан уддын, би гэртээ ажилтай гээд л охидоо хүлээгээд байж байх. “Бие хамгаалагч минь байж бай. Дарга нь дуусаагүй байна. Болохгүй бол багшид хэлнэ шүү” гээд л охид хөвгүүдийг уурлуулах. Хэхэ Хүүхдүүд хөөрхөн шүү. Сүүлдээ бүр энэ ДБД-ийн ангийнхан хос хосоороо үерхдэг, яагаав С, Б 2 бас тэр Х, Л 2 хамтдаа л явж байх юм, бүр орой болгон шүү гэсэн яриа хүртэл гараад. Эцэг эх нь хүртэл гайхаад. Зарим 1 нь залгаж байнаа над руу. “Танай ангийн С гэдэг хүү манай охиныг байнга хүргэж ирэх боллоо, одооны хүүхдүүд аюултай, юу ч болоо аж таньд дуулгая” гээд залгах энүүхэнд. Би тэрэнд нь танай охины төлөө ингэж байгаам гэж тайлбар хийх. Тэгээд дараахан нь эцэг эхийн хурал дээр учрыг нь хэлж эцэг эхчүүдийн санааг 1 амраасан даа. Цэцэг цэврүү шиг сайхан охидыг чинь ядаж тэгж л хамгаалах юмсан гэж боддын.

Он цагийн тоолол

July 2017
M T W T F S S
« Mar    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31